Гадагшаа урсдаг хэрэглээгээ таная

56deda74329e82c7a711205fedab322f_1200Нэг их баян, тэгээд эрх мэдэлтэй нөхөр “Монголчууд хэтэрхий тансаглалд дуртай болчихож” гэх утга бүхий зүйлийг ярьсан даа. Яах вэ, түүний ярьсан зүйлийн өнцөг нь зөв. Харин яаж зөвөөр илэрхийлэхээ л мэдээгүй юм. Түүнээсээ болж багагүй зэмлэл хүртсэн, хүмүүсээс.

Ер нь бол монголчууд нийтээрээ, хэр чадлынхаа хэрээр бие биетэйгээ барьцаж, өрсөлддөг болсон. Баячууд нь хэдэн компанитай, ямар хаустай, хэчнээн машинтай, хэдэн тэрбумын хадгаламжтайгаараа өрсөлдөнө. Дээрээс нь ямар брэндийн хувцас өмсч, цүнх барьж байгаагаараа ч өрсөлддөг. Дундчууд нь болохоор амьдарч байгаа байр, унаж байгаа машины том жижиг, дээрээс нь барьж байгаа утас зэргээрээ өрсөлдөх жишээтэй.

Мөн утасны дугаар, дараа төлбөрт үү, үгүй юу гээд өрсөлдөх юм юу мундах билээ. Ерөөсөө монголчуудын орлого нь жаахан өсөх тусам тэр хэрээрээ үрээд, зараад сурчихсан. Өнөөдөр л гайгүй байвал маргааш ямар байх нь хамаагүй. Мэдээж баячууд бол үрж дуусахгүй их мөнгөтэй болохоор тэд хэчнээн тансаглалаа гээд яах вэ. Гэтэл бага, дунд орлоготой хүмүүс бодлогогүй зарж, нэгэнтэйгээ өрсөлдөөд, өнөөдөртөө найдаад, маргаашаа мартаад явж болох бил үү.

Үүнийг тансаглал гэж хэлж болохгүй л дээ. Зүгээр л тэд ямар ч бодлогогүй, төлөвлөлтгүй, гадагшаа урсдаг зарлагаа өдрөөс өдөрт нэмээд л байгаа юм. Энэ нь эргээд эдийн засагт ч бас нөлөөлж байна. Өнөөдөр монголчууд бид ухаалаг утас авах уралдаанд бүх нийтээрээ оролцож байгаа. Шинээр ямар л ухаалаг утасны загвар гарна, түүнийг нь зээлээр ч хамаагүй худалдаж аваад л. Өөр олон янзын жишээг дурьдаж болно. Гэхдээ тэр бүхнийг улиглаад яах вэ.

Ганцхан гар утас дээр л жишээ татахад, манайхан яаж нэгэнтэйгээ уралдаж, мөнгөө гадагш нь цацаж байгааг харж болно. Мэдээж гар утас гэдэг хэрэглээ болчихсон. Холбоо харилцаа ямар хэмжээнд хүртэл хөгжөөд байгаа билээ. Мөн ухаалаг утастай байвал зургаа авчихна, Цаашлаад интернэтэд орно гэх мэтээр юу эсийг дурьдаж болох билээ. Гэхдээ энэ бүхнийг хийхэд дундаж ухаалаг утас байхад л хангалттай. Нөгөө талаасаа хэчнээн ухаалаг ч, хамгийн сүүлийн загварын утастай байгаад ч холбоо барьж, зураг авахаас өөрөөр ашигладаггүй хүмүүс дүүрэн л байгаа.

Ердөө л бусдаас дутахгүй, үлдэхгүй гэж л тэр. Бүр сүүлдээ бага насны хүүхэддээ хүртэл тоглоом тоглуулах гэж ухаалаг утас авч өгч байна. Хэчнээн үнэтэй утас авна, төчнөөн их мөнгө л гадагшаа урсаад алга болж байна гэсэн үг. Дээрээс нь манайд үйл ажиллагаа явуулж байгаа  бараг бүх үүрэн оператор гадаадынх. “Мобиком” Японых, “Скайтел” Солонгос, “Юнител” Хятадынх гэгддэг. Ганцхан “G Mobail” үндэсний үүрэн оператор гэгдэж байгаа. Гэтэл “Мобиком” өнөөдөр хэдэн хэрэглэгчтэй билээ.

Ядаж байхад үнэ нь өндөр. Гэхдээ л хүмүүс нэр төрийн баталгаа гээд дугаараа сольдоггүй. Дундаж хэрэглээтэй хүн сардаа 40-50 мянган төгрөгийг ярианыхаа төлбөрт төлж байгаа. Мэдээж үүнээс бага нь ч байгаа, бүр 100 мянгаар нь төлдөг нь ч бий. Энэ мөнгө хаашаа урсах уу, бас л гадагшаа. Гэтэл манайхан цахилгааны мөнгө гэж сардаа 10-20, цаашлаад 30 орчим мянган төгрөг төлөх гэж бөөн юм болдог. Хэрвээ цахилгааны үнийг нэмнэ гэвэл ард түмэн ядуу байхад дарамтлах гэлээ гээд л сүржигнэж өгнө. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл цахилгааны үнийг төр барьж байгаа.

Саяхныг болтол цахилгаан станцууд нь алдагдалтай ажиллаж, өр ширэндээ баригдаад бөөн л юм болж байсан. Сүүлийн хэдэн жил л арай гайгүй болж байна. Гэхдээ одоо бас цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө гээд л байгаа. Цаана нь ямар үр дагавар гарахыг чөтгөр бүү мэд. Гэтэл өнөөдөр монголчууд утасны мөнгөө хэл амгүй төлдөг. Төлөхгүй бол утсаар ярьж чадахгүй шүү дээ. Тэглээ гээд үүрэн телефоны операторуудтай хэрүүл хийж, ард түмний амьдрал ядуу байна гэж гонгинож чадах уу.

Чадахгүй. Дундчуул нь бүр гоё дугаараар өрсөлдөж, сардаа 30, 40, цаашлаад 60, 70 мянгаар нь утасны мөнгө төлдөг. Дараа төлбөрт нь. Урьдчилсан төлбөрт байлаа ч сарын цахилгааны мөнгөнөөс нь давж гарсан л их нэгж хэрэглэж байгаа. Усны мөнгө байна. Гэр хорооллынхон литрийг нь нэг төгрөгөөр, орон сууцныхан 50 мөнгөөр авч байгаа. Усны мөнгө нэмье гэхээр бас л бөөн юм болдог. Ийм л байна, монголчууд бид. Гэтэл яг ачир дээрээ хамгийн чухал хэрэгцээ ус, цахилгаан биш  бил үү.  Утсаар ярихтай дүйцүүлэх юм биш.

Тиймээс л гадагшаа урсдаг хэрэглээгээ танамаар байна. Жаахан хэтрүүлж, УИХ-ын гишүүн шиг ярих юм бол, тансаглалаасаа татгалзая. Ядаж л зах замбараагүй утсаар ярьж, дэвэн дэлхийн юмыг хамж ярьдгаа больчих л хэрэгтэй. Зогсоо зайгүй мессэж бичээд байдгаа ч багасгамаар л байгаа юм. Ойрхон хоёр өөр өрөөнд суучихаад, тавхан алхаад нэгийгээ дуудчихын оронд утсаар залгадаг, мессэж бичдэг. Энэ чинь тансаглал биш үү. Ер нь хатуухан хэлэхэд монголчуудын тансаглал хэтэрхий болчихоод байгаа нь үнэн шүү.  

Харин түүний оронд мөнгөө хадгалж, хуримтлал үүсгэж сурцгаамаар байна. Энэ тал дээр ч нийгмийн шинжтэй суртал ухуулгыг явуулах хэрэгтэй байна. Манайхан сарын цалингаараа ганц утас авчихаад, маргааш нь төр юу ч хийхгүй байгаа, халамж өгсөнгүй гэж халаглаж суудаг хүмүүс. Энэ бол худлаа биш. Монголд өнөөдөр хадгаламж нээлгээд, өмнөө зорилго тавиад, ирээдүйгээ баталгаажуулж байгаа хэдэн хүн байна. Үнэхээр цөөхөн. Бага орлоготой хүмүүс нь хүртэл тансаг болчихсон.

Хүүхэд төрүүлээд, сард орж ирж байгаа хэдэн төгрөгийг нь аваад, ундаа, чихэр жимс, амттан шимттэн аваад л үрээд дуусгачихдаг. Энэ бол нийт монголчуудын сэтгэлгээнд байгаа л ядуурал. Тэгээд төрөөс илүү мөнгө хараад, хэн нь ихийг амласныг нь сонгоод л байж байна. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр л гэж хандаж байна. Ийм байхад яаж ч улс орон өөдөлж, хөгжиж, урагшлах юм билээ. Хэдэн олигархиуд нь улсын мөнгийг дуслаар өгчихөөд, ихэнхийг нь өөрсдөө “идээд” хэвтээд байна биз дээ. Харин бид төр мөнгө өглөө гээд, ухаалаг утас, гоё дугаарын төлөө “дайтаад” л явж байна.

www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих