ХҮЙТЭНД МАЛГАЙГҮЙ ЯВБАЛ ХАРАА, СОНСГОЛ МУУДНА
Хүйтний улиралд малгайгүй, нимгэн хувцастай явах нь эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болохоос гадна ой тогтоолт мууддаг байна.
Манай улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон.
Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм.
Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15 хувь) цус урсан тэжээлээр хангадаг байна.
Харин даарвал биеийн дулааны 7-10 хувийг алдаж, гүрээний судас нарийсч, цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Үүнд:
- Архаг өвчин сэдрэх
- Тархиар хатгуулж өвдөх
- Хараа, сонсгол муудах
- Нулимс гоождог болох
- Нойр муудах
- Мэдрэлийн суурь өвчин үүсэх
- Ой тогтоолт муудах
- Стрест өртөж ажлын чадвар буурах
- Хуйхны эрүүл орчин алдагдах
- Үс хуурайшч, өнгөө алдах зэрэг болно.
Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлвэл, оюутан, залуус тогтмол малгай өмсөж заншвал тархи, толгойны өвчнөөс хол байх болно.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
URL: