Хятадын Хөдөө Аж Ахуйн Банк мөнгө угаасан хэргээр $215 саяын торгууль хүлээжээ
АНУ-ын Нью-Йорк мужийн санхүүгийн луйвартай тэмцэх хуулийг зөрчсөн тул Хятадын Хөдөө Аж Ахуйн Банкны салбарт $215 саяын торгууль ноогдуулж байгааг өнгөрсөн Баасан гарагт мужийн эрх баригчид зарлажээ.
Банкныхан зориудаар зарим сэжигтэй гүйлгээний илгээгч, хүлээн авагчийн нэрийг нууцалсан, АНУ-аас хориг арга хэмжээ авхуулсан талын гүйлгээг дамжуулсан зэрэг олон зөрчлийг илрүүлсэн байна.
Тэдгээрийн дотор Йеменээс Хятадын компаниуд руу хийсэн гүйлгээ, асар их хэмжээний мөнгө Орос, Хятадын компаниудын хооронд шилжүүлсэн тохиолдлууд байгаа аж. Ингэхдээ банкныхаа дотоод хяналтын ажилтны шаардлагыг хүлээж авалгүй, дүрэм зөрчсөн байжээ.
Тус салбар нь $9.8 тэрбумын хөрөнгөтэй. 2013 оноос эхлэн харилцагч гадаадын банкнуудын доллар-клирингийн гүйлгээг ихээр хийх болсон байна.
2014 онд хууль хяналтынхан тус банканд сэжигтэй гүйлгээ хийгдэж байгааг нь анхааруулж, гүйлгээний хяналтыг сайжруулах хүртэл долларын клирингийг хийхгүй байхыг шаардаж байжээ. Гэвч үүнийг хэрэгсээгүй Хятадын банк 2014-2015 онд долларын клирингийн гүйлгээг оргилд нь хүргэсэн байна.
Энэ бүхний эцэст 2015 оны дундуур тус салбарын хяналтын ажилтан ажлаасаа гарч, түүнээс нэг сарын дараа Нью-Йорк мужийн эрх баригчид шалгалт оруулснаар Хятадын ХАА-н Банкны салбараас 700 орчим сэжигтэй гүйлгээг илрүүлжээ.
Эх сурвалж: Nikkei
URL: