Халуун тогооны хүүхдүүд

-Асуудал дэвшүүлсэн цуврал өгүүлэл-

Эмнэлгийн ханыг цуурайттал уйлах дуу түлэнхийн тасгаас хэзээд үл тасарна. Нялх хүүхдийн часхийн уйлах энэ чимээ хамгийн түгшүүртэй. Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасгийн хонгилоор уйлсан хүүхдээ тайтгаруулж, саатуулсан ээжүүд холхилдоно.

Өглөөний эмчилгээгээ хийхээр эмчлүүлэгчийн тасаг бүрт тариа, боолтны сувилагч нар байх. Хүүхдийн анхаарал татах гэж ханан дээр зурсан зургийг анзаарч буй жаал нэгээхэн ч үгүй. Уйлаад л, уйлаад л…. Эднийг “халуун тогооны хүүхдүүд” гэдэг.

Гадны хүн орохыг хориглоно гэсэн шилэн хаалганы цаадах эрчимт эмчилгээний тасагт хүнд хэлбэрийн түлэгдэлтэд өртсөн хүүхдүүд дусал залгуулан уйлж байхыг хараад өөрийн эрхгүй сэтгэл шимширнэ. Ааваа, ээжээ ч гэж хэлж чадахгүй бяцхан үрс өвдөлтийг тэсвэрлэхээ байхдаа л уйлж буй нь тэр. “Анхаар хагалгаа хийгдэж байна” гэсэн хаяг бүхий мэс заслын өрөө рүү хоёр ойтой бяцхан хүүг түрэн орлоо… Энэ хүү дөнгөж хөлд орж байгаа учраас халуун тогооноос түших гэж байгаад хөл алдаж буцалсан хоолны шөлөнд түлэгдэж эл тасагт яаралтай тусламжаар ирж, шууд хагалгаанд орохоор болсон нь энэ.

Түлэнхийн тасагт өнөөдрийн байдлаар 50 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг жижүүр сувилагч хэллээ. Тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд ихэвчлэн Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллоос ирдэг бол биднийг очих үед Хэнтий, Дорнод, Өмнөговь аймаг болон нийслэлийн алслагдсан Налайх дүүргээс ирсэн хүүхдүүд байлаа.

Сүүлийн таван жилийн судалгаагаар Гэмтлийн эмнэлэгт нэг жилд дунджаар 70-80 мянга гаруй иргэн хандаж тусламж авдагаас 10 гаруй мянга нь хэвтэн эмчүүлдэг. Тэднээс түлэнхийн тасагт 1400 гаруй нь хэвтдэг ажээ. Харамсалтай нь дээрх эмчлүүлэгчдээс 270 гаруй нь нас бардаг бөгөөд түлэгдэлтээс шалтгаалсан нас баралт 36-74 хувьтай байдаг гэж тус эмнэлгийн Статистик, тандалт судалгааны албанаас гарсан байна. Түлэгдэж гэмтэгсдийг насны бүлгээр ангилж үзэхэд 0-15 нас 71 хувь, түүний 84 хувь нь 0-4 насны хүүхэд байгаа нь түлэнхийн асуудалд насны хамаарал өндөр буйг харуулж байна гэжээ.

0-4 насанд түлэнхийн шалтгаан бусад настай харьцуулахад эрс өндөр буюу нийт түлэнхийн 60 хувь нь энэ насанд хамаардаг байна. Харин түлэгдэлтийн шалтгаанаар нь ангилж үзвэл дийлэнх нь буюу 78 хувь халуун хоол цай, буцалсан уснаас үүдэлтэй байдаг аж.

Эмнэлгийн дарга болон тасгийн эрхлэгч нараас зөвшөөрөл авч, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн сахиуруудтай уулзаж, ямар шалтгаанаар хүүхэд нь түлэгдсэн, яагаад ийм байдалд хүрсэн тухай ярилцлаа. Эх сурвалжийн хүсэлтээр  дараах эцэг эхчүүдийн нэрийг нууцалсан болно.

СХД-ийн дугаар хорооны оршин суугч Ц: Түүний охин нэг ой 11 сартай аж. “Нэг орой ажлаасаа ирээд охиноо харах зуураа хоол хийж байсан юм. Хэдэн яс тогоондоо хийгээд буцалгаад гурил зуурах санаатай гараа угаах хооронд охин маань тогоотой халуун шөлөнд баруун хөлөө түлчихсэн. Хөлд орох гэж яваа ид хөдөлгөөнтэй байгаа үедээ ингээд халуун тогоо руу орчихлоо”.

СХД-ийн 8 дугаар хорооны иргэн Г: ”Миний охин 9 сартай. Өчигдөр эмнэлэгт хэвтлээ. Хамаатныдаа очоод том өрөөнд нь хүүхдээ орхиод бие засчихаад гараад иртэл газар тавьчихсан буцалгагчтай усыг татаад түлэгдчихсэн байсан. Түлэгдэлтийн зэрэг нь хөнгөн ч өвдөлтөө дийлэхгүй уйлаад байна” гэв.

Сэхээнд буй ач хүүгээ сахиж буй орон нутгаас ирсэн иргэн Д: Дэргэд нь есдүгээр ангийн хоёр эгч нь, 28-тай нэг залуу харсаар байтал дүүгээ татаад авчихаж чадахгүй хоол хийж байсан халуун тогоонд түлчихсэн байна. Энэ залуучуудад үнэхээр анхаарал болгоомж гээч зүйл алга. Алгын чинээ амьтныг татаад авчихаж чадсангүй. Хагалгаанаас гарч ирсэн хүү минь наркоз нь гараагүй, ухаангүй байна. Гүн түлэгдэлттэй учир арьснаас нь авч нөхөх боломжгүй байсан. Азаар орлуулах арьс дөнгөж ирээд байхад нь таарч хүү маань амь аврагдлаа.

Нэг ойтой охиноо сахиж буй Төв аймгаас ирсэн Х. Өвөө эмээ дээрээ байсан охин маань аягатай буцалгасан ус татаж асгасан байдаг юм. Эмээ нь хувцсыг нь угаах санаатай ус халаасан юм билээ. Азаар түлэгдэлт нь хөнгөн учир бид хоёр эмнэлэгт дөрөв хоноод гарч байна гэлээ.

Эцэг эх, асран харж буй хүмүүсийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхэд түлэгдэж  байна гэдгийг дээр яриа өгсөн хүмүүс бүгд хүлээн зөвшөөрч, нийт эцэг эхчүүд, насанд хүрэгчдэд хандаж бага насны хүүхдээ цахилгаанаар ажилладаг тогоо, ус буцалгагч, индүү болон бусад хэрэгслээс хол байлгаарай хэмээн дахин дахин захиж байлаа. Мөн дээрх эд зүйлсийг зайлшгүй ашиглах байсан ч хүүхэддээ аюул учруулахааргүй, гар хүрэхгүй 1-2 метрийн өндөрт, гал авалцаж, ус чийгэнд норж, шатахгүйгээр тогтоож, суурь ширээнд байрлуулахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах эмч “Сүүлийн таван жилд түлэгдэж гэмтэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Тэдний 90 хувь нь бага насны хүүхэд байдаг нь харамсалтай. Ялангуяа халуун тогоо, ус буцалгагч гэх мэт цахилгаан хэрэгслээс үүдэлтэй түлэгдэлт өндөр байдаг. Түүнээс улбаатай нас баралт ихэссэн. Түлэнхийн шалтгаанаар нас барсан тохиолдлыг насны бүлгээр ангилж үзэхэд 0-5 нас хамгийн өндөр /эрс/ 75,5 хувийг эзэлж байна. Эмчилгээ хийлгээд эдгэрлээ гэхэд насан туршийн гоо сайхнаараа хохирч, унадаг, татдаг болох, гар хөлөө тайруулахаас эхлээд насаараа эрэмдэг амьтан болж хувирдаг. Үүнийг одоо л таслан зогсоохгүй бол улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Хүрээгээ тэлсээр нийслэлээс хальж орон нутагт ч бас ихээр гарах болсон. Энэ чимээгүй тахлыг зогсоохын тулд хүн бүрийн хичээл зүтгэл, эцэг эхчүүдийн хариуцлага хамгаас чухал. Манайхан эрх, эрх л гэж ярьдаг болохоос хэзээ ч үүрэг гэдгийг ухамсарладаггүй юм байна. Үр хүүхдээ анхаарах, эрүүл саруул өсгөх чинь эцэг эхчүүдийн үүрэг. Эцэг эхчүүд хууль зөрчиж байгаад харамсдаг. Өөрсдөө ийм байгаа юм чинь хүүхэд түлэгдэх нь аргагүй биз. Буруу үлгэрлэж байна. Үндсэн хуулинд иргэн бүр эрүүл саруул орчинд амьдрах, амьд явах эрхтэй гэж заасан байдаг. Хүүхдээ байнга тэвэрч, хөөцөлдөж явахаас залхуурдаг юм бол ядаж цахилгаан тогоогоо хүүхэд хүрэхээргүй газар байрлуулдаг байх ёстой. Эсвэл хүүхдээ орны хөлөөс уячихаад хоолоо идэхээр өвөр дээрээ авдаг эртний уламжлалд суралцах хэрэгтэй” гэсэн юм.

2016 оны эхний хагас жилийн судалгаагаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаар түлэгдэлтийн улмаас 0-4 насны 1242 хүүхэд үйлчлүүлснээс 416 хүүхэд хэвтэн эмчлүүлж, найман хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан гэх хамгийн сүүлийн тоо баримтыг Статистик тандалт судалгааны албанаас авлаа.

Энд эмчилгээ хийлгэж буй жаалуудаас хэд нь эдгэрч эрүүл саруул болж, хэд нь насан туршийн өвчин зовлонтой болохыг хэн мэдэх билээ. Хөөрхий багачууд халуун тогооноос болоод уйлсаар л, уйлсаар л байна.

Бид нийтлэлийнхээ дараагийн хэсэгт халуун тогооны хэрэглээний тухай мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй өгүүлэхийн зэрэгцээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар халуун тогооноос үүдэлтэй гэмтэл ослыг хэрхэн хянаж шалгадаг тухай тодруулснаа хүргэх болно.

Үргэлжлэл бий…

З.Хуяг

newscom.mn


URL:

Сэтгэгдэл бичих