Хуулийн шинэчлэл үү, Завхрал уу?
Социализмын үед Монгол дэлхийгээс тусгаарлагдсан байсан учраас үндэстэн дамнасан элдэв дээдийн муу хэрэг нэг ч байгаагүй. Одоо Африкт гарсан өвчин маргааш нь Азид юмуу Америкт гардаг болтлоо хүн холхидог болсон.
Ийм учраас олон улсад гарч байгаа хэрэг Монголд гарахгүй гэх арга алга. Түүгээр ч барахгүй заавал гарна гэж хэлж болно. Иймээс бид хүнээ, хуулиа эртнээс бэлдэн аливаа эрсдэлд бэлэн түүнээс хамгаалах, зогсоох, илрүүлэх дархлаатай байх ёстой гэж үзэж байсан.
Гэтэл сүүлийн жилүүдэд эрх зүйн шинэчлэл хийж байна гэж улсын тусгай албадын нэгдсэн бодлого, удирдлага, хүч чадавх, боломж бололцоог алдагдуулан салгаж “Цагдаагийн байгууллагын тухай хуулийг цагдаагийн албаны тухай” хууль болгон нэрийг өөрчилж цагдаагийн албадыг хэд хэд хуваан сүүлдээ эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах албадыг дотор нь задалж өөр салбартай нэгггэж, Замын цагдаагийн газрыг татан буулган бас буцаан байгуулж, мэргэжлийн ажилтнуудыг нь дамжуулан бужигнуулж хүч чадлыг нь тарамдуулсан.
Цолны журмыг дур зоргоороо өөрчлөн 50 нас шахсан дэслэгч, хорин хэдтэй хурандаа олонтой болгосон харалган бодлого нь цагдаагийн болон иргэд олон түмний сэтгэл санааг цочирдуулж, гайхшралд оруулсан. Ингэж цагдаагийн байгууллагыг ёстой л дураараа бужигнуулах шиг боллоо. Тэтгэврийнхэн эрс залуужин тоо нь олширч хуулиар “Эрх зүйч”, “Хууль сахиулагч” гэсэн албаны нэрээ хэрэглэхгүй хуульч биш мөртлөө “Мэргэжилтэн” гэсэн нэр зээлдэж бас цагдаагийн ханцуйн тэмдэг дээр ХЗЯ гэсэн гаж нэр нэмснээс өөр шинэчлэл өөрчлөлт ажиглагдсангүй.
Гэтэл хуульчийн “Эрх зүйн байдлын тухай” хууль гэгчийг баталснаар хуульч бэлдэж байсан цагдаагийн академийг “Дотоод хэргийн” сүүлдээ “Хууль сахиулахын” их сургууль гэж мөн л жилийн дотор нэрийг нь хэд хэд өөрчилж, ЭБШХ-ийн 5.1.1-д заасан “тусгай бэлтгэгдсэн эрх бүхий хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч” гэсэн мэргэжлийн хуульч ажиллах ёстой цагдаагийн газар “Эрх зүйч” гэсэн тэс өөр нэрийн мэргэжлийн ажилтан хүлээн авч “Хууль сахиулагч” гэсэн нэрээр томилох болсон.
Хуульчийн эрх-зүйн байдлын тухай хуулийн 3.1.1-д “ “Хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг хэлнэ” гэжээ. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1.2-т “ Хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэснээр…” “Хуульч”-д тооцно гэжээ.
Гэтэл мөн хуулийн 9.1-д “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсч 2-оос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуулчийн шалгалтад орох эрхтэй” гэжээ.
Ингэж 2014 онд баталсан энэ хуулийн заалтаар бол эрх зүйчид нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах эрхгүй гэж уг хуульд заасаар атал өнөөдөр Хууль сахиулахын их сургуулийг дүүргэсэн хууль сахиулагчдыг хуулийн дагуу дахин бэлтгэж хуульч мэргэжил эзэмшихгүй энэ чухал албыг гүйцэтгэх эрх олгон тушаал гаргаж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, хуульчийн эрх зүйн байдлын тухай болон түүнийг хэрэгжүүлэх хуулиудад зааснаар бол Хууль Сахиулахын их сургуулийг төгссөн эрх зүйчдийг дахин хоёр жил дадлага хийсний дараа хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулж тэнцсэн тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу хэрэг бүртгэх, мөрдөн байцаагчаар томилох ёстой болж байна.
Уг хууль үйлчилж эхэлсэн сүүлийн хоёр жилийн дотор Хууль Зүйн Яам болон хуулийн бүх байгууллага хуульч мэргэжилтэнгүй болж бүр олон жил хуульчаар ажилласан ажилтнууд хүртэл хууль сахиулагч болж эрх-зүйчид хуульчийн оронд томилогдож, уг хуулийг ноцтой зөрчсөөр байгааг хуулийн шинэчлэл гэх үү.
Тахарын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль гэж гаргасан мөртлөө цагдаагийн байгууллагын ажилтнуудын эрх зүйн байдлын тухай хуулиа гаргаагүй. Одоо цагдаа хүн бороохойдож, албаны нохой хэрэглэж болох юм уу гэх олон асуулт эзэнгүй болчихлоо.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 3.2-т “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримтална” гэж заасаар байтал шинэчлэл явуулж байгаа нэрээр энэ мэт үл ойлгогдох хуулиуд гарган буруу хэрэглэн олон түмнийг төөрөгдөлд оруулж эхэллээ.
Өмнөх Их Хурлаар баталсан хоёрхон хуулийн хэрэгжилтийн байдал хуулийн байгууллагууд хуульчид, иргэдийн дунд ихээхэн будлиан хутгаж байгааг дурдахад ийм байна.
Улс орны хэмжээнд мөрдөж байгаа үндсэн хуулиас эхлээд бусад хууль дүрэм бүр “Иргэн хүн хууль, шүүхийн өмнө тэгш байх” эрхийг хүртэл зөрчиж байгаа өнөөгийн үед Ц.Нямдорж, С.Нарангэрэл мэтийн бас олон залуу хуульч эрдэмтдийн нэгийг томилж, хуулийн завхралыг арилгахад чиглүүлэх ёстой бус уу.
Мэргэжлийн Засгийн газар маань хуулиа цэгцэлж, хуульчдаа хууль ёсоор сурган томилж эрх зүй төрийн бодлогоор улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх жамтайг ухаарсангүй юу.
Л.Билгээ
“Эрх зүй Ирээдүй” ХХН-ийн захирал
Хуульч, өмгөөлөгч, профессор
URL: