Иракийн арми Мосулын зүүн хэсэгт нэвтэрч орлоо

11-7-4_700x700Иракийн Засгийн газрын цэрэг ширүүн тулаан хийж давшсаар Мосул хотын зүүн талын Захра дүүрэгт нэвтэрч ороод байна. Тусгай батальоныхан “Исламын улс” бүлгийн дайчидтай гудамжинд тулгаран байлдсаар байгаа аж. Иракийн цэргийн командлалаас уламжилж буйгаар, хотын газар нутгийн 90 хувийг хяналтдаа оруулаад байгаагийн дотор 2003 онд эрх мэдлээсээ зайлуулагдсан дарангуйлагч Саддамын нэртэй дүүрэг байгаа юм. Өргөн хэмжээний давших ажиллагаа бямба гаригийн шөнө эхэлж цохилтын гол хүчийг “Алтан батальон”-ы тусгай хүчний цэргүүд бүрдүүлж байв. Босогчдын бэхлэлт, байрлалыг сэтлэн орсны дараа давшилт улам эрчимжсэн аж. Олон улсын цэргийн агаарын хүчин Иракийн цэргүүдийг дэмжиж, босогчдын байрлалд хэд хэдэн том цохилт өгчээ. Reuters агентлагийн дайны сурвалжлагчийн мэдээлж буйгаар, Мосул хотыг эзлэх ажиллагаанд эрэлхэг зоригоороо гайхагддаг Курдын зэвсэгт отрядын 600 орчим дайчин оролцож байна. Тэдний 200 орчим нь эмэгтэй дайчид ажээ.

“Тулаан үргэлжилсээр байна. Эсрэг талынхан мэргэн буучид, тэсрэх бөмбөгтэй автомашин, удирдлагатай пуужин ашиглаж байна. Аллах тэнгэрийн зарлигаар бид энэ газрыг удахгүй чөлөөлөх болно” хэмээн Иракийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч, дэслэгч-генерал Абдельвахаб Саади мэдэгдэв. Жирийн иргэд гудамжинд харагдахгүй байна. Иракийн цэргийн дарга нар энгийн иргэдийн амь насанд хүрэх вий хэмээн ихээхэн болгоомжилж, цэргүүддээ зохих заавар, тушаалыг өгч байна хэмээн ВВС мэдээллээ. Алан хядагчдын савраас чөлөөлж чадсан Захра дүүргийн зарим иргэн “Лалын дайчид өргөн хэмжээний давшилт болох гэж байгааг мэдээд ихэнх нь хоёр хоногийн өмнө хаалт, саад тавьчихаад манай дүүргийг орхин зугтсан” хэмээн ярьжээ. Захрагийн хөрш Интисар дүүрэгт бямба гаригт ширүүн тулаан өрнөсний эцэст Иракийн Засгийн газрын цэргүүдийн мэдэлд ирээд байна. Харин Мосул хотын өмнөд хэсгийн Карам дүүрэгт дайснууд ихээхэн бүгсэн байдалтай багагүй эсэргүүцэл үзүүлж байгаа аж. “Энэ хэсэгт ийм олон лалын босогч үлдэж ийм их эсэргүүцэл үзүүлнэ гэж бодоогүй. Бидний тооцоолж байснаас илүү их хэт даврагчид тэнд байна. Тэд бүх замыг хаасан тул бид давшилтаа түр зогсоогоод байна” хэмээн Иракийн цэргийн дарга France Presse агентлагт ярьжээ.

Баасан гаригт хотын зүүн хэсэг дахь дүрвэгсдийн хуаранд ирсэн хэдэн зуун иргэн “Жихадын дайчид дөрөв хоногийн өмнө төрийн 180 албан хаагч, мөн өөрсдийн 50 орчим дайчдыг эгнээндээ нэгдэхээс татгалзсан, урван тэрсэлсэн гэсэн шалтгаар буудаж хороосон” хэмээн ярьсан юм. “Исламын улс” бүлэг Хамам эль-Алиль суурингийн мянга орчим иргэнийг амьд бамбай болгон ашиглахаар хүчээр авч явсан хэмээн НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Равин Шамдасани ярилаа. Дайнаас зугтаж ирсэн иргэдийн хэлж буйгаар, лалынхан есөөс дээш насны эрэгтэй хүүхдүүдийг дайчилж, зэвсэг барин Иракийн Засгийн газрын цэргүүдийн өмнөөс тулалдахыг шаардаж байгаа аж. Босогчдын мэдэлд байгаа гудамжаар чанга яригчтай автомашинууд холхиж тушаал биелүүлэхгүй бол цаазлана хэмээн сүрдүүлж байгаа бололтой.

НҮБ-ын мэдээллээр, дайн байлдааны бүсэд хагас сая орчим энгийн иргэн байгаа ажээ. Иракийн нийслэл Багдад хотоос баруун хойд зүг 400 км-т байдаг Мосул хот 2014 оны зургадугаар сараас хойш “Исламын улс”-ын хяналтад орж, тус бүлгийн албан бус нийслэл болсон юм. Иракийн арми болон Курдын зэвсэгт отрядууд олон улсын цэргийн хүчний агаарын дэмжлэгтэйгээр тус хотыг чөлөөлөх ажиллагааг аравдугаар сарын 17-нд эхлүүлсэн билээ. Тэр өдрөөс хойш Мосул орчмын олон жижиг хот, тосгоныг лалын босогчдоос чөлөөлөөд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН


URL:

Сэтгэгдэл бичих