СЗХ-ны дэд дарга Х.Бум-Эрдэнэ ХОМ-доо мэдүүлээгүй, оффшорт нуусан 5 компаниараа төрийн өмчит уурхайд ажил гүйцэтгүүлчихээд ТАЙЛБАРЛАЖ МЭДЭХГҮЙ БАЙНА гэв
Өнгөрөгч тавдугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшор дансны мэдээллийг цацахад Монгол Улсаас давхардсан тоогоор 47 хүний нэр холбогдсон мэдээлэл ил болж байсан билээ. Тэнд нэр дурдагдсан улстөртэй холбоотой нэр нөлөө бүхий эрхмүүд ил болсон мэдээллийг ямар нэг хэлбэрээр үгүйсгэх, өөрсдөөсөө холдуулах үйл ажиллагааг хийсэн гэхэд болно. Тэгж өөрийгөө хамгаалж байсан хүмүүсийн нэг бол Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ юм.
Тэгвэл Монгол Улсын санхүүгийн салбар дахь бодлого,өнгө төрхийг тодорхойлох чиглэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн арван жилийн үйл ажиллагаанд гар бие оролцож яваа энэ хүн оффшор бүсэд өөрийн шууд оролцоотой 4 компанитай, эхнэрийнхээ нэр дээр нэг компанитай байж ирснээ үгүйсгэдэг ч, Монгол HD телевизийн мэдээний албанаас Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтран дэлгэж байгаа мэдээллээс үзэхэд Х.Бум-Эрдэнэ нь оффшор бүс дэх “ABROS” 2007 -2016, “GUMAX” 2008-2012, “IMPOX” 2008-2012, “TSAYARS” 2008-2012, “DOLOWAY INTERNATIONAL”2009-2013 гэсэн таван компанийнхаа талаарх мэдээллийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурьдаж байгаагүй аж.
Тэрбээр тавдугаар сард өөртэй нь холбоотой мэдээлэл анх хэвлэлд гарсны дараа тайлбар хийхдээ “2007 оны асуудал. Би тухайн үед найз нартайгаа нийлээд бизнес хийх гээд компани нээж байсан. Бизнес бүтэлтэй болоогүй. Тухайн үедээ Хятадуудтай нийлээд уул уурхай, барилга дээр ажиллая гэж ярилцаж байсан. Цаанаасаа тавьсан болзол нь офшор данс Хятадад нээчих гэж байсан. Ийм данстай байх нь асуудал биш л дээ. Тухайн үедээ бизнесээ хөөцөлдөж байгаад тэгээд бүтээгүй. Тэр мэдээлэл л явж байна. Данс нээгдээд жигтэйхэн мөнгөний гүйлгээ хийгдээд эсвэл авлигын муухай мөнгө яваад байсан зүйл байхгүй. Ер нь 2007, 2008 онд уул уурхайн лиценз наашаа цаашаа гээд янз бүрийн л юм болдог байсан. Тэр үед уул уурхайн лиценз аваад хятадуудтай хамтарч ажиллая гэж бодож төлөвлөж байсан. Тэр нь амжилттай болоогүй.
Данс нээхэд тэдэн төгрөг байх ёстой гэсэн тийм шаардлага байдаг уу?
Тийм юм бол байхгүй. Муу, сайн аль аль тал нь л бий. Манайхан муу талыг нь л хараад байх шиг байна. Гадныхантай хамтарч ажиллахад татварын чөлөөтэй орчин байдаг байхгүй юу.
Одоо энэ данс чинь байгаа юу? Дансанд мөнгө байгаа юу?
Энэ данс одоо байхгүй. Тухайн үедээ байгуулаад л тэгээд үйл ажиллагаа явуулаагүй орхигдчихсон.” хэмээн time.mn сайтад тодруулга өгсөн байдаг.
Тэгэхээр тэрбээр аль 2007 оны асуудал хэмээн тайлбарласан нь, тухайн үед Хөрөнгө орлогын мэдүүлэг гэгчид оффшор данс энэ тэртэй холбоотой мэдээллээ нийтлэх ёстой гэсэн хууль журам байгаагүйтэй холбоотой учраас, тэрхүү хуулийн цоорхой гэмээр орон зайг ашиглаж ярьсан нь харагдаж байгаа юм.
Хэрэг дээрээ бол түүний нэр холбоотой дээрх компаниудын байгуулагдсан огноог харвал ABROS гэж компани нь 2007 онд байгуулагдсан өдгөө ч бүртгэлтэй хэвээр байгаа. Тус компанийг тэрбээр Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Даваагийн Батбаяр гэж хүний хамтаар 50 ам.доллар нийлүүлж анх байгуулж байжээ. За мөн GUMAX, IMPOX компаниудыг ч мөн адил ийм хэмжээний дүрмийн сантайгаар Даваагийн Батбаяртай хамт байгуулж байжээ. Мөн тэрбээр Даваагийн Батбаярын захирлаар нь ажиллаж байсан “Умбайн шим” компанид хувь эзэмшдэг гэдгээ ХОМ-доо бичиж байснаас үзэхэд энэ хоёр хүний бизнес мөнгөний эрх ашиг олон жилийн түүхтэй аж.
Бас болоогүй тэдний оффшорт эзэмшдэг компаниуд нь 2007-2011 онуудад төрийн өмчит уурхайд ажил гүйцэтгэсэн гэх мэдээлэл байгаа юм. Х.Бум-Эрдэнэ нь “TSAYARS” компанийг өөрийн хамаатан Монгол овогтой Баяраагийн хамт байгуулж байжээ. “DOLOWAY INTERNATIONAL” гэж 2009-2013 онд бүртгэлтэй байсан компани нь эхнэр Э.Болдмаагийнх нь нэр дээр бүртгэлтэй байгаа юм.
Нэг зүйлийг өгүүлэхэд Х.Бум-Эрдэнэ нь Харьюу гэх овогтой ч төрийн албан хаагчийн анкет дээр төрсөн эцгээ Улсын Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг гэж бичсэн байдаг аж.
Түүнтэй холбоотой эл мэдээллийг нийтэд хүргэж байгаа телевизийн мэдээний албаныхан түүнээс тайлбар авах гэж очиход “ТАЙЛБАРЛАЖ МЭДЭХГҮЙ БАЙНА” гэсэн тайлбарыг Х.Бум-Эрдэнэ өгч байна лээ. За мөн Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр гэж нөхөр ч тайлбар өгөхөөс татгалзаж байсан.
Х.Бум-Эрдэнийн оффшор дахь компаниудын огноогоос харахад л тэрбээр ХОМ-доо мэдүүлэлгүй хууль журам зөрчсөн нь ойлгогдож байгааг хэлэх хэрэгтэй болов уу.
Эцэст нь, УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын хэлж байсан үгийг ишлэе. Тэр хэлэхдээ “Улстөрчид, төрийнхний хувьд оффшор дахь дүнгээ ХОМ-тээ бичээгүй бол том гэмт хэрэг. Оффшор данс бол энгийн. Татвар төлөхгүй, орлогоо нууна. Гэмт хэрэг мөн бишийг хууль хэлнэ. Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг. Тиймд илэрсэн улстөрчид шууд огцордог.
Харин тийм удирдагчтай байх эсэхээ та өөрөө шийднэ. Харин бизнесийнхэн дотоодын орлогоо нууж гадаадад буюу оффшорт байрлуулбал хэд хэдэн төрлийн гэмт хэргийн асуудалд ордог гэдэг. Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг. Тиймд илэрсэн улстөрчид шууд огцордог. Хуулийн хариуцлага тусдаа яригдана” гэж байсан юм.
Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн арван жилийн үйл ажиллагаатай холбоотой хүн оффшорт нуусан компаниудаа ХОМ-доо мэдүүлэхгүй нууна гэдэг нь хариуцлага алдсан явдал уу гэдгийг тодорхойлох шаардлага нэгэнт үүсчээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО