“Өнөр бүл”-ийн хүүхдүүдэд гэр бүлийн орчин хэрэгтэй байна

2“Өнөр бүл” төвийг уншигчид эртнээс таних болов уу. Бүтэн болон хагас өнчин, эцэг, эх байх эрх нь хязгаарлагдсан хүмүүсийн хүүхдийг асран хүмүүжүүлдэг төв. Ийм “бэрхшээлтэй” хүүхдүүд хэрхэн амьдардаг нь бүрхэг, хаалттай гэж бодож явсан би бээр тус төвд өнгөрсөн баасан гаригт өнжих боломж олдов.

“Өнөр бүл” төв анх 1974 онд 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж анхны асрах хүүхдүүдээ хүлээн авч байснаас хойш эцэг, эхийн хайр дутагдсан олон зуун хүүхдийг асарч, амьдралд нь залгуулсаар 42 жил өнгөрчээ. Одоогоор 154 хүүхэд энд амьдарч байна. Олонх нь 8-18 насныхан бөгөөд эрэгтэй голдуу хүүхдүүд. Анх харъяалагдаж ирсэн газар нь гэвэл есөн дүүрэг Дархан-Уул, Булган, Архангай, Говь-Алтай, Дорноговь, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Төв аймгаас байна.

Баянзүрх дүүрэгт байрлах “Өнөр бүл” хэмээн гурван давхар шар байранд амьдарч байгаа 154 хүүхдүүд нэг гэр бүл. Эрэгтэй, эмэгтэй, санаа нийлдэг, нэг гэр бүлээрээ тус бүр 3-4 ортой өрөөнд амьдарч байна. Анхнаас нь дотуур байрны зориулалттай барьсан болохоор гал тогоо, унтлага, хичээлийн өрөө гээд гэр бүлийн орчин бүрдүүлэх боломж тааруу. Гэхдээ хүүхдүүд өөрсдөө сэтгэж өрөөгөө тохижуулж, цэвэрч, шилдэгээр шалгарсан нь олон. Хөвгүүд нь охидоосоо нямбай, тохижилт сайтай харагдана. Охидын сонирхдог гэмээр бамбаруушууд хүртэл хөвгүүдийн орон дээр эмх цэгцтэй хураалгаастай. Тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг томилогдож ирснээсээ хойш хүүхдүүдэд гэр бүлийн орчин бүрдүүлэх тал дээр хичээнгүйлэн ажиллаж буйгаа дуулгалаа. Байрныхаа нөөц боломжийг ашиглаад давхар бүрт охид, хөвгүүдийн тусгай өрөөг тохижуулахаар хана, шалыг нь хуулаад засвараа эхлүүлжээ. Багш, ажилтнуудынхаа ажлын цагийг шахаж, өдөр шөнийн ээлжинд оруулсан байна. Саяхныг хүртэл тус төвийн хүүхдүүд тусгай сургалттай нэг л сургууль, цэцэрлэгт хамрагддаг байсныг болиулж нийгэмшүүлэх үүднээс 48, 53, 55, 68, 97 дугаар сургууль болон “Шинэ Монгол” ахлах сургууль, нийслэлийн Налайх, Төв аймгийн Шаамар дахь МСҮТ, “Бадмаараг” лицей, “Саруул ирээдүй” сургуульд суралцуулах болжээ. Харин цэцэрлэгийн насныхан 10,  22, 50, 61, 122, 129, 136, 147, 204 дүгээр цэцэрлэгт хамрагдан сургуулийн өмнөх боловсролыг олж авч байна. “Өнөр бүл” төв дэргэдээ хүүхдийн урлаг, спортын ордонтой. Хүүхдүүд тэндээ авьяас чадвараа хөгжүүлж, оёдол эсгүүрээс эхлээд амьдрах ухаанд суралцаж байна.

Хүүхдүүдийн боломж нөөц, сурах хүсэл тэмүүлэл их, тэднийг гэр бүлээс нь дутаахааргүй өсгөх гэсэн “аав”, “ээж” багш нар цаг наргүй ажиллаж байгаа ч тулгамдсан асуудал ундарсаар байгааг Ч.Өлзийчимэг захирал учирлана лээ.

Улсын төсвөөс тус төвд жилд дунджаар хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг ажээ. Түүнийх нь тал хувь нь багш, ажилтнуудынх нь цалинд суутгагдаж, тогтмол зардал, хоол хүнс, унаа тээвэр, хувцас, бичиг хэрэглэлд зориулдаг аж.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Монголын ирээдүйн аав, ээжүүд болох 154 хүүхэд тухтай тоглох, телевиз радио сонсох боломж нөхцөл тааруу. Олон жил болж халцарч муудсан сандал, ширээтэй тэдгээр хүүхдүүдийн амьдарч буй орчин нэг л дүнсгэр. Хүүхдийн инээд цангинасан, гэрэлтсэн орчин тэнд үгүй аж. Энэ нь мэдээж нөгөө л эдийн засгийн асуудал. Хүүхдийн асрах төв гээд байгууллагуудаас хандив, тусламж ирдэг ч тэдгээр нь чихэр, жимсгэнэ голдуу гэнэ.

Энгийн хүүхдүүдийг бодвол эндхийн хүүхдүү­дэд онцгой анхаарал, халамж шаардлагатай. Голдуу эцэг, эхийн хайр халамж дутагдсан учраас тэдний зан ааш, харилцаа эвдэрсэн, ганцаардсан байдаг гэж байна. Бүр сэтгэцийн тулгамдсан асуудалтай 50 гаруй хүүхэд байгааг багш нар ярьж байна. Энгийн хүүхдүүдэд тэд уур бухимдлаа гаргаж орилж хашгирахаас эхлээд зодож нүдэх тохиолдол цөөнгүй гарна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлье гэхэд төсөв мөнгө хүрэлцэхгүй гээд төвийнхний хувьд эдгээр хүүхдүүд толгойны өвчин болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй 30 орчим хүүхэд бас байна. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай зориулалттай төвд байх ёстой ч одоогоор манай улсад байхгүй учраас шууд “Өнөр бүл” төвд хүргэгддэг гэж байна.

Дээрээс нь энд тэнд сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдийг хүргэх автобусны хүрэлцээгүй, сургуулийн татаас мөнгө төгрөг гээд асуудал мунддаггүй ажээ. Тус төвөөс 18 нас хүрээд гарч буй хүүхдүүдийн ирээдүй таг харанхуй байна. “Хүүхдүүдэд маань гэр бүлийн орчин хамгийн чухал байна. Үүний тулд байраа засч тохижуулах шаардлага хамгийн түрүүнд тулгарч байна. Үүнд төр засаг, хандивлагч байгууллагууд анхааралдаа авахыг хүсч байна” гэж “Өнөр бүл” төвийн захирал Ч.Өлзийчимэг ярилаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Заяа

URL:

Сэтгэгдэл бичих