Элгээр нь мөлхүүлэх цахилгаан төлөвлөгөө

Уул уурхайн компаниуд төдийгүй арилжааны банкуудыг элгээр нь мөлхүүлэх цахилгаан төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнд “талархсан” захидал Засгийн газрынхныг амраахаа больсон сурагтай.

Олон улсын хөрөнгийн бирж дээр Монголын гэх тодотголтой хувьцааны үнэ өдрөөс өдөрт уналтад орж эхлэв. Ганц жишээ татахад, Д.Зоригт сайд лиценз цуцлах шийдвэр гаргасны дараахан “Mongolian mining corporation”-ны (ММС) хувьцаа Хонконгийн бирж дээр 8.43 ам.долларт хүрсэн байна.

Өчигдрийн байдлаар 8.65 ам.доллар байлаа. Хятадын эдийн засагчдын тэмдэглэснээр ММС-ын хувьцаа сайд Д.Зоригтын шийдвэрээс ихээхэн хамаарах талаар дурьдсан байлаа. Ийнхүү олон улсын хөрөнгийн бирж дээрх дүнгээс болж гадна, дотны хөрөнгө оруулагчид ч хам, хумгүй хөрөнгөө татаж байгаа талаар мэдээлэл хөвөрнө.

Д.Зоригт сайд санааг нь гаргаж, танхимаараа сценарийг нь бичилцсэн энэхүү төлөвлөгөө тун ч амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл нь энэ.

“Уул уурхайн салбараа аваръя” үндэсний хөдөлгөөнөөс өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон УИХ-ын гишүүдийн нэр дээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Мэдэгдэлд “Монголбанкнаас гаргасан судалгаагаар уул уурхайн компаниудын Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд хамаарагдан цуцлагдаж  буй  лицензүүдийг барьцаалан олгосон зээлийн хэмжээ 160 тэрбум төгрөг болжээ. Уул уурхайн компаниуд олон жилийн турш банкны хамгийн үнэнч зээлдэгч, гол үйлчлүүлэгчид байсаар ирсэн. Иймээс бид эрдэс баялгийн төдийгүй банк санхүүгийн салбараа бүхэлд нь хямралд оруулахгүйг хүсэхгүй байгаагаа илэрхийлж та бүхнийг энэ хуулийг эргэн харахыг хүсч байна” гэжээ.

Аргаа барж, аврал нэхэх тэдний үйлдлийг Засгийн газар харин ч үл тоомсорлосон талаар ч шаргал ордонд цуурав. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх нь мэдээж. Гэхдээ хоёр ч салбарыг хүйс тэмтрэх хэрэг   байсан уу, үгүй юу.

Сүүлийн хоёр жил дараалан Засгийн газраас иймэрхүү эмгэнэлт бэлэг барьдаг заншил тогтох шинжтэй. Баяр хөөрөөр цалгидаг зул сараар уул уурхай болон арилжааны банкныхан ажилгүйчүүдийн эгнээг тэлж, лааз өшиглөх дээрээ тулаад байна.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих