ШОРОНД ОРОХГҮЙН ТУЛД ӨӨРИЙГӨӨ НАС БАРСАН БОЛГОЖ, ЦОГЦОС ШАТААЖЭЭ
Өнгөрсөн сарын 25-нд танигдах аргагүй болтлоо шатсан эрэгтэй хүний цогцос, бичиг баримтыг дулааны шугамын орчмоос олдсон талаар мэдээлж байсан билээ. Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь хоёрдугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон бөгөөд Д гэх иргэн байсан байна.
Хачирхалтай үүнээс дөрөв хоногийн дараа Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг, Яармагийн гүүрэн дор оройн 20:00 цагийн орчимд толгойдоо сумны шархтай эр байсныг иргэд олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Энэхүү хэргийг шалгаад үзэхэд 41 настай Д гэгч байсан ба амиа хорлох зорилгоор өөрийгөө толгойн тус газраа буудаж нас барсан аж.
Ийнхүү дөрөв хоногийн зайтай Д гэх хоёр эрэгтэй нас барсан байна. Тухайн хэргийг цагдаагийн байгууллага нягтлан шалгаж үзэхэд “хохирогч нар” нэг хүн байсныг олж тогтоожээ. Өөрийгөө буудсан Д гэх эрэгтэй 100 сая төгрөг залилж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан аж. Тухайн өдөр түүний шүүх хурал болох байсан бөгөөд 10-15 жилийн ял сонсох магадлалтай байсан учир ийнхүү өөр хүний цогцосыг шатааж, эцэст нь өөрийгөө буудан амь насаа хорлосон байхыг үгүйсгэхгүй байгаа юм байна. Харин шатсан цогцос нь гэр оронгүй хүнийх байж магадгүй эсвэл саяхан нас барсан хүний цогцсыг ухаж гаргаад шатаасан байж магадгүй гэж үзэж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллэв.
ШАРМЭДЭЭ.МН
URL: