Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хоёр дахь удаа ард түмнээсээ уучлал гуйлаа

4551

Нэр хүнд нь эрс унаад байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр ард түмнээсээ хоёр дахь удаагаа уучлал гуйлаа. Өмнө нь түүнийг дотны найз, улс төрийн ямар нэг албан тушаалгүй Чой Сүүн Сил гэгч эмэгтэйд хэлэх үгээ хянуулдаг гэсэн мэдээлэл гарсны маргааш буюу 10 сарын 25-нд эхний удаа хэвлэлээр ард түмнээсээ уучлал гуйж байсан юм.

Нүдэндээ нулимстай ерөнхийлөгч энэ үеэр өөртэй нь холбоотой дуулиант хэргийг шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж, хуулийнхантай хамтарч ажиллахаа амлалаа.

Өнөөдөр нийтлэгдсэн Gallup санал асуулгын дүн Пакын рэйтинг 5 хувь хүртэл унасан байгааг харуулжээ.

Болсон хэрэг явдалтай холбоотой бүх хүнийг, тэр дотроо өөрийг нь хууль шүүхийнхэн шалгаж үнэнийг тогтоох хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.

“Сүүлийн үеийн хэрэг явдал бүгд миний алдаа, хайхрамжгүй байдлаас болсон” гэж тэр буруугаа хүлээжээ.

Пакын найз гэх Чой Сүүн Сил ерөнхийлөгчтэй ойр дотно холбоогоо ашиглан төрийн хэрэг явдалд оролцож байсан гэгддэг.

Мөн төрийн нууцад хамрагдах мэдээлэлд хандаж байсан эсэхийг хуулийнхан шалгахаар болсон юм.

“Үндэсний эдийн засаг, ард түмний амьдралд тус болох зорилготой төслүүд дээр надтай хамтран ажиллаж байсан хувь хүн үүнийгээ ашиглан хууль бус үйлдэл хийж, ашиг хонжоо олж байсан нь маш их харамсалтай” гэж Пак хэлсэн нь найз Чойгоо буруутгаж байгааг харуулсан байна.

Гэхдээ тэр энэ үеэр өөрийгөө шашны ямар нэг гаж урсгалд автсан, ерөнхийлөгчийн Хөх Ордон дотор бөөгийн зан үйл хийдэг гэсэн бусад цуу яриаг няцаажээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр Чой Сүүн Силийг эцгийнхээ үндэслэн байгуулсан шашны урсгалын идэвхтэн, ерөнхийлөгч Пак түүний нөлөөнд орсон гэсэн мэдээлэл цацагдсан юм.

“Намайг шашны урсгалд автсан, Хөх ордонд бөөгийн зан үйл хийдэг гэсэн ярианууд гарсныг би огт худлаа хэмээн няцааж байна” гэж Пак хэлжээ.

Пакыг огцрохыг шаардаж байсан сөрөг хүчнийхэн хугацаанаас өмнө ерөнхийлөгчийн сонгууль явуулахад өөрсдөө ялах магадлал бага байгаа тул энэ шаардлагаа сулруулаад байгаа.

Шинжээчид эдийн засаг хүндэрч, ажилгүйдэл нэмэгдэн, Хойд Солонгостой хийх тэмцэл хурцадсан энэ үед Пак огцрохгүйгээр бүрэн эрхийнхээ хугацааг яаж ийгээд дуусгана гэж дүгнэж байна.

 

Эх сурвалж: The Guardian


URL:

Сэтгэгдэл бичих