Төрийн өндөр албан тушаалтнууд авлигыг хэзээ, яаж авдаг вэ?
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганаар хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хууль тогтоох дээд байгууллагын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжсээр ирсэн болохыг тодотгоод энэхүү хөтөлбөр батлагдахтай зэрэгцээд Авлигатай тэмцэх газар олон нийтийн анхаарлын төвд байгаа, нийтийн эрх ашгийг хөндсөн авлига, албан тушаалын холбогдолтой асуудлуудаа шийдэх ёстойг сануулж байв.
Авлигатай тэмцэх газар нь нийгэмд хэрэгтэй, тун чухал байгууллага болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн. Гэхдээ тус байгууллагын шалгаж, илрүүлэн, таслан зогсоох арга хэмжээ авч буй авлигын гэмт хэргүүд нь дунд, доод түвшний албан тушаалтнуудад хамааралтай хэргүүд байгаа, харин дээд түвшиний албан тушаалтнууд нь орхигдоод байна гэдэг хардлага бий гэдгийг анхааруулав. Улмаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 32 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар “Авлигатай тэмцэхүндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаад байна.
Тэгэхээр спикер чуулганы нээлт дээр хэлж байсанчлан Авлигатай тэмцэх хөтөлбөрийг батлах тухай асуудал чуулганаар ямартай ч орлоо. Гол нь тэгээд хууль, журам хөрсөн дээр хэрхэн буух нь л гол байдгийг бид хангалттай ойлгоод байгаа. Гэхдээ манай улс авлигын эсрэг хууль эрхзүйн орчин бүрдүүлэх тал дээр хэрхэн анхаарч ирснийг эргэн харъя.
НҮБ-ээс урьтаж хуулиа баталсан нь…
Бид хэдийнээс авлигын эсрэг тэмцэж эхэлсэн талаар ярихаас урьтаж дэлхий нийтийн жишиг хандлагыг онцлох хэрэгтэй юм. Учир нь авлига гэгч нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан том асуудлуудын нэг бөгөөд энэхүү буруу үзэгдэлтэй зөвхөн нэг улс дангаараа тэмцсэнээр үр дүнд хүрэхгүй гэдгийг, олон улсын түвшинд хамтран тэмцэхээс өөр аргагүй юм байна гэдгийг ойлгосны үндсэн дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2003 онд Авлигын эсрэг конвенцийг баталсан байдаг. Тэрхүү конвенцийн удиртгал хэсэгт Авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байна хэмээн онцолсон байдаг.
Тэгвэл манай улсын тухайд НҮБ-ын конвенц батлагдахаас 7 жилийн өмнө буюу 1996 онд Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг баталсан бол 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулжээ.
За харин Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг 2 жилийн дараа буюу 2005 онд УИХ-аар соёрхон баталсан юм. Ерөнхийдөө энэ үед Монгол Улсын төр засаг авлигын эсрэг тэмцэлд хөшүүн хойрго хандаж ирлээ гэсэн хандлага нийгэмд давамгайлж байсан нь эргээд эрх баригчдад ташуур болж, Улсын Их Хурал 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэсэн юм. Хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүрч байна.
Авлигын эсрэг гадны орнуудын тэмцэл, бодит алхмуудыг харахад Сингапур гэхэд 1952 онд Авлигын үйлдэл мөрдөх товчоог анх байгуулж байсан бол, Солонгосын тухайд 2001 оны 7 сард хүчин төгөлдөр болсон Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх Солонгосын тусгай комиссыг (АТСТК) (KICAC) 2002 оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан байдаг. Энэхүү комисс нь 8 гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тодруулбал, авлигатай тэмцэх бодлого тогтоож, зохицуулах; шудрага байдлын төвшин, төрийн байгууллагын авлигатай тэмцэх туршлагын үнэлэлт хийх; хууль эрх зүйн хүрээнд сайжруулалт хийх; авлигын мэдээллийн учрыг олох; авлигыг илрүүлэн мэдээлэгчдийг хамгаалах, урамшуулах; төрийн үйлчилгээний ёс зүйг дээшлүүлэх; авлигын учруулах эрсдлийг олон нийтэд мэдүүлэх; авлигатай тэмцэх олон нийт, хувийн эзэмшлийн хамтын ажиллагааг дээшлүүлэх; авлигын эсрэг даяар олны тэмцлийг эрхлэх гэхчлэн хийсэн ажил ихтэй гэдэг.
Түүнчлэн Танзани улсын тухайд жишээ татахад, анх Танзани манлайлж Авлигаас сэргийлэх хуулийг 1971 онд батласан бөгөөд цагдаагийн хүчний хүрээнд Авлигатай тэмцэх тасаг байгуулахын тулд түүндээ 1975 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Сонирхолтой нь өнөөдөр нэрд гараад байгаа Хонг Конгийн Авлигатай тэмцэх тусгай комиссыг байгуулахдаа Танзаниас үлгэр авсан гэхчлэн мэдээллүүд бий.
Тэгэхээр эдгээр жишээг татахын учир нь Авлигын эсрэг хуулийг баталсан л бол хуулийг мөрдлөг болгон ажиллах газрыг байгуулах нь зүй ёсны асуудал юм. Түүнчлэн манай улсын Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг билээ.
АТГ ба Төр
За харин Авлигатай тэмцэх газар улстөрөөс, эрх баригчдаас хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу гэдэг дээр нийгэмд талцсан байр сууриуд байж ирснийг хэлэх хэрэгтэй.
Авлигатай тэмцэх хуулийн 15.3-д зааснаар Авлигатай тэмцэх газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасны дагуу уг байгууллагыг байгуулах шийдвэрийг Парламент гаргасан. Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд энэхүү байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлсон. 15 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага. Энэ хуулийн 15.1-д заасан газрын харьяанд авлигатай тэмцэхтэй холбогдсон судалгаа шинжилгээ хийх үүрэг бүхий бүтцийг байгуулж болно. Тийм учраас, АТГ-ын эрхлэх ажил үүрэг өргөн хүрээтэй – соён гэгээрүүлэх болон боловсролын үйл ажиллагаанаас эхлээд гэмт хэргийн мөрдөн байцаалт болон тусгай ажиллагааг хамарч байдаг. 16 дугаар зүйлд заасны дагуу Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтлах ба аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг.
Ямарч байсан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хэнбэгуай ч хөндлөнгөөс оролцох нь хуулиар хориотой гэж ойлгогддог. Гэтэл төр засгийн төвшинд ажил алба хашиж байгаа хүмүүс, улстөрийн нам хүчнүүдийн зүгээс Авлигатай тэмцэх газрыг хэсэг бусагт үйлчиллээ, хэлмэгдүүлэлтийг давтлаа гэхчлэн хэлж ярьдаг болсон. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь УИХ-аар хэлэлцэгдэхгүй байгаатай АТГ-ыг шууд холбон ярьж байгаа. Тэрбээр “Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. УИХ-ын гишүүнийхээ хувьд барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”. Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр бүр дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй. Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм байна. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ. Хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна. Монголд дахиж том хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон. 1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон. Тэр дүрмийг хүчингүй болгосон нь хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа. Тэр үед Чойдогсүрэн гэдэг мундаг прокурорыг хэлмэгдүүлж алж байсан түүхтэй. Монгол Улсад аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш, монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах явдал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тэр агуулгаар авч ярих. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна. Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудын хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.” гэхчлэн хэлж ярьж байгаа.
Тэгэхээр энд ойлголтын том зөрүү яваад байгаа харагдана. Юу гэхээр Н.Алтанхуяг гишүүний ойлгоод байгаагаар бол АТГ нь 1937 оны 9 дүгээр сараас 1939 оны 4 дүгээр сар хүртэл 20 474 хүнд буудан алах ял ноогдуулж, гүйцэтгэсэн Онцгой бүрэн эрхт комисстой дүйцэхүйц хэмжээгүй эрх мэдэлтэй газар болж таарах гээд байна. Гэтэл хэрэг дээрээ ямар хууль тогтоомжуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг эхэнд өгүүлсэн билээ.
Гол нь Монгол Улсад амь бөхтэй оршиж байгаа авлигыг зогсооход бүх нийтээрээ хамжин анхаарах хэрэгтэй байгааг судалгааны дүнгүүд ч баталгаажуулж байгаа юм. Тиймээс тандалт судалгааны дүнгүүдээс ишлэн хүргэж байна.
Авлигын цар хүрээ…
Улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудаас өөрийн албан тушаалын эрх мэдлийг хувийн зорилгоор ашиглах нь олон хэлбэрээр илрэн гардаг аж. Тухайлбал, Өмгөөлөгчөөр дамжуулах, Биечлэн уулзаж өгч, авах, Мөнгө зээлдүүлээд мартах, Мөрийтэй тоглож санаатай алдах, Эд зүйлсийг зах зээлийн үнээс доогуур үнээр, худалдах, Зуучлагчаар дамжуулах, Хувьцаа, эд хөрөнгө өмчлүүлэх, Ойр дотны хүмүүсээр дамжуулах, Эд зүйлсийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авах, Үйл ажиллагааны зардал болгож өгөх, Ойр дотны хүн, гэр бүлийн гишүүд, тэдний компанид давуу байдал олгох гэхчлэн олон хэлбэрүүд байгаа юм. Тиймээс “Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн хүрээнд хээл хахууль өгөх, авах дараахь аргуудыг хэр хэрэглэсэн гэж Та төсөөлж, таамаглаж байна вэ? гэсэн асуултын хүрээнд судалгаа явуулахад, шинжээчдийн 47 хувь нь улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүс, тэдний өмчлөлийн аж ахуйн нэгжид давуу байдал олгох нь тэдэнд хээл хахууль өгч буй их хэмжээгээр болон маш их хэмжээгээр хэрэглэгдсэн хэлбэр гэж үзсэн байна. Түүнчлэн шинжээчдийн үзэж байгаагаар төрийн өндөр албан тушаалтнууд хээл хахууль авахдаа аливаа үйл ажиллагааны зардлыг төлүүлэх, төлбөр хийлгэх, өмч хөрөнгийг зах зээлийн үнээс илүү үнээр худалдах зэрэг аргыг их хэмжээгээр болон маш их хэмжээгээр ашигладаг гэж үзжээ.
Мөн 2014 онд улс төрийн намуудын үйл ажиллагаан дахь авлигын цар хүрээг тогтоохоор Монгол Улсад улс төрийн аль нам авлигад хамгийн ихээр автсан бэ? гэсэн асуултаар судалгаа явуулахад шинжээчдийн 54.56 хувь нь Ардчилсан намыг, 33.56 хувь нь Монгол Ардын Намыг, 23.98 хувь нь Монгол Ардын Хувьсгалт Намыг авлигад хамгийн ихээр автсан гэж үзсэн байна. Харин шинжээчдийн 6.34 хувь нь Иргэний зориг-Ногоон Намыг, 4.8 хувь нь Монголын Үндэсний Ардчилсан Намыг, 0.6 хувь нь Монголын Ногоон Намыг авлигад хамгийн ихээр автсан гэж үзсэн байгаа юм.
Тэгэхээр дээр өгүүлсэн мэдээлэл болоод судалгаанд тулгуурлан харахад Монгол Улсад авлигатай тэмцэх хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тавигдсан хэвээрээ байна. “Транспарэнси интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын төрийн байгууллага дахь авлигыг шинжээчид болон хөндлөнгийн байгууллагын төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг гаргадаг. Манай улсын тухайд 2012 онд 94, 2013 онд 83, 2014 онд 80 дугаар байрт тус тус орсон мэдээлэл бий. Хэдийгээр бидний байр урагшилсан мэдээлэл байгаа ч, яг бодит амьдрал дээр нөхцөл байдал ямар байна вэ? Албан тушаал, эрх сүрийн өмнө мөнгө бэлгүй нь хүчин мөхөстдөг, арчаагүй доройгоороо чичлүүлж адлагддаг баларсан жишиг хавтгайрсаар байна.
Төгсгөлд нь, АТГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байх үедээ амиа алдсан Б.Дангаасүрэн агсны захидлаас ишлэн хүргэе. Тэрбээр:
Таныг эрүүл саруул нийгэмд амьдрахыг хүсдэг гэдэгт итгэж байгаа учраас би энэ захидлыг бичихээр шийдсэн юм. Хүн төрөлхтөний хамгийн ихээр эрхэмлэдэг үнэт зүйлсийн нэг нь шударга ёсны төлөөх тэмцэл, илэрхийлэл, хүсэл эрмэлзэл байдаг. Үүний гол дайсан нь авлига гэдэгтэй Та санал нийлэх биз ээ. Эх сайхан орныг минь авлига гэдэг аймшигт мангас өдөр, цагаар цөлмөж дуусах нь. Үр хүүхдийн маань идэх хоол, өмсөх хувцсыг өм цөм дутааж бараад, улам цаашлан амьдрах газар нутаг, орон гэр, хашаа хороог минь ч булаах нь энүүхэнд болжээ. Өнөөдөр монголчууд та бидний дунд авлигын хар саварт хэд гурван төгрөгөө алдаагүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй байх. Үүнийг бид хүсдэг бил үү?
Авлигыг хоёр утгаар тодорхойлж болно. Аль аль нь муу. Ерөнхий утгаараа бол авлигаас жирийн ард иргэд нэлэнхүйдээ хохирч үлддэг. “Хэн гуай албан тушаалаа ашиглан авлига авч сайхан амьдарч болоод байхад би яахаараа болдоггүй юм” гэсэн эзэн биегүй атаа жөтөө газар авч, энэ нь эргээд нийгмийн шударга ёсыг алдагдуулж, эмх замбараагүй байдлыг бий болгоно. Ингээд л нийгмийг хамарсан ажилгүйдэл, архидалт, хууль бус наймаа, танил талын сүлжээ, эдийн засгийн луйвар… тэсч тэвчихийн аргагүй муу муухайн үүд хаалга өөрөө аяндаа нээгдэнэ. Бизнесмэнүүд авлигад зарцуулсан мөнгөө бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд шингээн алдагдлаа нөхөх гэж эрмэлзэх нь эцсийн дүндээ хэрэглэгч буюу иргэн Танд, надад, бидэнд үүрүүлсэн авлигын төлөөс болно.
Тэгвэл явцуу утгаараа авлига нь хар санаа, өшөө хорсол, дайсагнал, аллага тонуулыг даллана. Улмаар охид бүсгүйчүүдийг барьцаалах, газар нутаг, эд баялгаараа наймаалцах, тусгаар тогтнолоо алдах аюулыг ч дагуулна. Нэг үгээр хэлбэл, ШУДАРГА ЁС орон зайгаа авлигад алдаж, ард олон итгэл найдвараа булшлуулна гэсэн үг.
Гэхдээ авлигыг давагдашгүй хүч гэж бүү төсөөл. Харин ч сул дорой нэгэн юм шүү. Та бидний хууль журмаа хүндэтгэн сахихгүй, үл тоомсорлодог, шударга бус зарчимч биш зан үйл түүнийг амилуулж байдаг юм. Хялбар амьдралыг хүсч, олз ашиг хайх сонирхолтой хэн бүхний хомхой сувдаг үйлдэл л түүнийг сэргээж байдаг юм.
Цас ханзрах цагаар олон жилийн хур хог ил гарч эрүүл амьдрах нөхцөл бололцоог маань боогдуулдаг. Ой мод, онгон байгаль маань түймэрт хуйхлагдаж үнс нурам болж байна. Урьд нь ус урсдаг байсан газар хуурай сайр болж, ой мод саглайж асан уулс өдгөө нүцгэн толгод болон харсаар байтал хувирч байна. Хайлах цасан дороос өвс ургамал аятай “соёолон” гарч ирэх хогийг Та байх л зүйл гэж хэлэхгүй биз. Энэ бол ажил үүргээ умартсан хүмүүсийн увайгүй зангаас ургасан хог юм. Ой, хээрийн түймрийн тухай мэдээнд бид хэтэрхий дасчихсан байжээ. Эрдэнэт хүний алтан амийг авч одох хүртэл хаврын хуурайшил гэж ярьсаар ирэв. Үнэндээ энэ нь хувиа хичээсэн хүмүүсийн сувдаг сэтгэлээс авалцаж байдаг гал юм. Орхон гол тасарч, Улаан цутгалан ширгэснийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байвал бүү итгэ. Аль нэг сувдаг сэтгэлтэн авлигад өгчихсөн нь тэр шүү.
Одоо боллоо! Хэдий болтол энэ бүхнийг хүлцэн тэвчих юм бэ? Амьдралын минь утга учрыг хүртэл үгүй хийж дуусахаас нь урьтаж цөмөөрөө хамтран авлигыг устгая! Хөгжлийг сааруулж, ядуурлыг гааруулж байгаа авлигатай бүгдээрээ гар, санаа нийлэн одооноос л тэмцье! Буруу бүхнийг өөрчилье! Эрх мэдлээ ашиглан биднийг хохироох гэсэн аливаа үйлдлийн эсрэг хамтдаа зогсъё! Хэн нэгэнд тал засах гэхдээ та бидний хүлээлгэсэн итгэл, хариуцлагыг уландаа гишгэж байгаа гэм буруутай үйл ажиллагааг таслан зогсооё! Амьдралынхаа сайн сайхныг, ирээдүй хойчоо авран хамгаалцгаая! Үр хүүхдүүддээ эрүүл саруул, шударга нийгэм өвлүүлэн үлдээе!” хэмээн бичсэн байдаг юм.
Авлигатай тэмцэхэд миний оролцоо гэж юу байхав дээ хэмээн Та бодож байж магадгүй. Тийм биш ээ. Харин ч Таны, зөвхөн Таны оролцоо юу юунаас илүү, чухамдаа ус, агаар шиг хэрэгтэй байна. Учир нь нийгмийн аливаа харилцаа зөв, шударга байх нь Та биднээс өөрсдөөс маань шалтгаална, бас эхэлнэ. Наанадаж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлах нь авлигагүй нийгмийг байгуулахад оруулж байгаа Таны тус нэмэр болох юм шүү! хэмээн бичсэн байдаг юм.
Эцэст нь хэлэхэд Авлигатай тэмцэх тэмцлийг хэлмэгдүүлэлт болох гэж байна хэмээн ихэд айж АТГ-ыг татан буулгах гэж улайран зүтгэгч нөхдүүд өөрсдийгөө хаана, юу хийж байгаагаа, юу хийснээ мэддэг болоод л Авлигатай тэмцэх тэмцэлд саад болохыг санаархдаг байхдаа…
Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗӨВ ШҮҮ