АЛДАЖ БУЙ АЛТАН ҮЕ

7lpu0qgane4d9361t3vfcme2adНүүрс эргэн ирлээ. Коксжих нүүрсний ханш он гарсаар бараг гурав дахин өсчихөөд байна. Энэ өсөлтөөс эрчим хүчний нүүрс ч хоцорсонгүй. Хоёр жилийн дээд цэгт дэнжигнэж байна. Нүүрс үнс болж, хар эрдсийн эрин төгссөнийг дэлхий нийт тунхаглаж асан саяхан. Гэтэл нүд үзүүрлэх зуур нүүрсний үнэ ийн алгуурхан өсөж, оргил өөд мацсаар байна. Урд хөршийн зах зээлд өндөр чанартай коксжих нүүрсний ханш 250 ам.долларыг давсан. Бас тус улсын Чинхуандао боомтод эрчим хүчний нүүрсний үнэ 90 ам.долларыг шүргэлээ. Нүүрсний алтан үе ирээд буй нь энэ.

Харамсалтай нь, энэ үнэ цэнэтэй үеийг бид ашиглаж чадахгүй л байна. Өнгөрсөн наймдугаар сард Австрали улс нэг тонн коксжих нүүрсээ 94 ам.доллараар БНХАУ-д борлуулжээ. Энэ үед Монгол Улс ижил төрлийн нүүрсийг 34 ам.доллараар борлуулсан байдаг. Монголчууд нүүрсний зах зээлд хэрхэн тоглож буйг илтгэсэн энгийн жишээ энэ. Бид бараг гурав дахин хямдаар нүүрсээ өгчихөж байна.

ӨРСӨЖ БУУЛГАХ СТРАТЕГИ

Манай олборлогчид хоорондоо өрсөлддөг. Үнээ өрсөж буулгадаг. Салбарынхны хэлдэг энэ тайлбарыг уншигч та олонтаа сонссон байх. Угтаа энэ нь Монгол нүүрс үнэгүйдэх эхний шалтгаан. Зарим олборлогч үнээ хэт доогуур тооцон, урт хугацааны гэрээ байгуулдаг. Тухайлбал, тонн коксжих нүүрсийг 25 ам.доллараар борлуулж байсан тохиолдол ч байдаг. Монгол нүүрсний үнийг ийм доогуур тоггоосноос бусад олборлогч ч энэ ханшаар бүтээгдэхүүнээ өгөхөд хүрсэн түүх бий. Манайхан хямд ханшид хүлэгдэж, худалдан авагч тал хожсон нь гашуун үнэн.

Тиймээс салан тусгаарлахаа больж, нэгдэх, нэг цонхоор нүүрсээ экспортлох нь чухал болохыг салбарынхан хэлдэг. Монголын экспортлогчдын Д.Галсандорж “Тавантолгойд олборлолт хийж буй “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” орон нутгийн “Тавантолгой” гэсэн гурван компанийн үйл ажиллагааг зохицуулах нь чухал байна. Эдгээр компани нэгдсэн бодлоготой болсон тохиолдолд монгол нүүрсний үнэ өсөх боломжтой” гэв.

“Монгол Улс гадаад зах зээлээс ахиу валют олохоор зорьж буй бол нэгдсэн бодлогын дор экспорт хийх ёстой. Яагаад гэвэл Манай компаниуд

»Хятад шиг уудам зах зээлд манай аж ахуйн нэгжүүд үндэстэн дамнасан корпорациуд шиг компанийн бодлогоор ажиллахад хүндрэлтэй.

» Хятадын Засгийн газар зарим томоохон компанидаа гарцаа өсгөх зөвшөөрөл олгож эхэлжээ.

гадаадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад жижиг. Гадаад зах зээлд эзэлж буй Монголын байр суурь ч том биш. Тэр тусмаа Хятад шиг уудам зах зээлд манай аж ахуйн нэгжүүд үндэстэн дамнасан корпорациуд шиг компанийн бодлогоор ажиллахад хүндрэлтэй. Бараг л боломжгүй болох нь хэдэн жилийн өмнөөс ажиглагдсан” гэж Монгол нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран ярилаа.

Угтаа дээрх гурван компани гурвуулаа үнээ өсгөх хүсэлтэй. Гэвч өнөө хэр эв зүйгээ олоогүй л явна. Үүнд хэн, хэн нь олон шалтаг тоочдог. Хамгийн гол нь эцсийн шийдвэрийг тэд гаргах тул ингээд үлдээе.

Харин тэдний шийдвэрээс ангид ямар асуудал нэгдсэн бодлогод саад болоод байна вэ? Австралийн хил дээр 100 ам.долларыг шүргэж буй коксжих нүүрс манайд яагаад 30 ам.доллар байна вэ? Хариулт нь нүүрсний үнийг зэс, алт шиг биржид жигнэж, тооцдоггүй. Тухайлбал, Лондоны металлын биржид зэсийн жишиг ханшийг тогтоодог. Алтыг ч ялгаагүй Нью-Йоркийн “Сотех” биржийн арилжааны самбар тодорхойлно. Харин нүүрсний үнэ худалдан авагч болон борлуулагч хоёрын тохиролцоонд тулгуурладаг тогтолцоотой. Тиймээс хар эрдсийн үнэ харилцан адилгүй байдаг. Уг нь энэ асуудлыг шийдэхийн тулд Эрдэс баялгийн бирж байгуулах Засгийн газрын тогтоол 2014 онд гарсан юм. Гэвч сураг алдарсаар, одоо бүр дуулдахаа ч больжээ.

Бас нэг гашуун түүхийг мартаж болохгүй. Энэ бол дэд бүтэц. Эл асуудал нүүрсний салбарын сэргэлтийг хүлсээр удаж буй. Тээврийн зардал нүүрсний үнэд онцгой нөлөөлдөг. Тиймээс дэд бүтцийн асуудлыг ярихын тулд хэсэг намжаад буй өргөн, нарийны талцал, маргаан дагуулсан төмөр замыг эргэн сөхөх хэрэгтэй болно. Ийм олон хүлээс, зангилаа дунд манай нүүрсний салбар босож чадалгүй, сэхээнд хэвтэж байна.

Угтаа салбарын сорилт тодорхой. Үүнийг шийдэх аргыг ч салбарынхан мэдэж буй. Харамсалтай нь, өнөө хэр ямар ч өөрчлөлт алга. Төр, хувийн хэвшлээрээ талцсаар. Энэ зуур үнийн өсөлт биднээс алгуурхан холдож байна.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ оныг дуустал эрчим хүчний болон коксжих нүүрсний ханш унахгүй. Учир нь Хятадын барилгын салбарын үзүүлэлт эерэг байгаа. Нөгөө талаас, урд хөршид энэ онд олон жил болоогүй хүйтэн өвөл ирж буй тул эрэлт өсөх хүлээлттэй. Харин урт хугацаанд үргэлжлэхгүй.

ИХ ГҮРНИЙ УХРАЛТ

Шалтгааныг одоо тайлбарлая. БНХАУ нүүрстэй дайн зарласныг бид мэднэ. Тус улсын Засгийн газар нүүрсний зарим уурхайгаа хааж, гарцаа танахыг үүрэгдсэн. Тодруулбал, одоогоос долоон сарын өмнө коксжих нүүрсний олборлолт-доо хязгаар тогтоосон. Урд хөршийн олборлогчид жилийн 330 хоногт олборлолт хийдэг байсныг 276 болгож цөөлсөн юм. Мөн ашиггүй ажилладаг уурхайнуудынхаа ч амыг өчиггүй хаав.

Гэтэл энэ нь нүүрсний үнэ тэнгэрт хадах шалтгаан болсныг шинжээчид хэлдэг. Товчхондоо, Хятад тэмцлээсээ одоо ухарч байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны төлөөлөл өнгөрсөн долоо хоногт нүүрсний 20 гаруй олборлогчтой уулзжээ. Хятадын Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ олборлолт бодоод үнийн талаар хэлэлцеэн болохыг эх сурвалж мэдээлж байна.

Тэрчлэн зарим томоохон компанидаа гарцаа өсгөх зөвшөөрөл олгож эхэлсэн. Үүний баталгаа нь Хятадын нүүрсний тэргүүлэгч “China Shenhua Energy”-ийн олборлолт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт. Үүнээс үзэхэд Хятад нүүрсийг хавчих бодлогоосоо ухарч, энэ өвлийг дуустал нийлүүлэлтээ нэмэх хүлээлттэй. Зах зээлийн хуулиар нийлүүлэлт өсөхөөр үнэ буурдаг. Тэгэхээр уулга алдуулах дөхсөн одоогийн өсөлт удахгүй зогсох төлөв харагдаж байна. Шинжээчдийн таамаг ёсоор удлаа гэхэд оны эцэс хүргэнэ. Улмаар уруудна. Харамсалтай нь, агшин зуур тохиолдсон нүүрсний алтан үеийг ашиглаж чадалгүй өнгөрөөх нь, бид.

 

[ЗГМ]


URL:

Сэтгэгдэл бичих