Ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулна

10  Монгол Улс,  Улаанбаатар хот Азийн  Хөгжлийн Банк (АХБ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан нь Баруун бүсийн алслагдсан  сургууль,  дотуур  байрны  ус  хангамж,  эрүүл  ахуй,  ариун  цэврийн байгууламжийг сайжруулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Ядуурлыг  бууруулах  Японы  сан  (ЯБЯС)-гийн  буцалтгүй  тусламжаар  АХБ-ны хэрэгжүүлж буй “Баруун бүсийн бага сургуулийн дотуур байрны орчинг сайжруулах
төсөл” болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн хүрээнд энэхүү гэрээг баталжээ. Гэрээний зорилго нь сургууль, дотуур байруудад ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулж, өргөжүүлэхэд чиглэх юм байна.

“Сүүлийн жилүүдэд АХБ болон НҮБ-ын Хүүхдийн сан нь сургууль, дотуур байрны ус хангамж,  ариун  цэврийн  байгууламжийг  сайжруулах  чиглэлээр  идэвхтэй  хамтран ажилласан юм.  Алслагдсан  хөдөө  орон  нутагт  боловсролын  чанар,  хүртээмжийг сайжруулахад  тулгамдаж  буй  нэг  гол бэрхшээл  нь  сургууль,  дотуур  байрны  орчин нөхцөл хангалтгүй байгаа явдал юм.

Гарын үсэг зурах үеэр Монгол Улс дахь АХБ-ны Суурин төлөөлөгч Хатагтай Ёланда Фернандез Ломмэн “Манай хоёр байгууллага хамтран ажилласнаар бид  харьцангуй  давуу  талууддаа  тулгуурлан,  ус  хангамж,  ариун  цэврийн байгууламж,  халаалтын  хүртээмж  тулгамдаж  буй  хөдөө  орон  нутагт  шинэлэг шийдлүүдийг хөгжүүлэх боломжтой”  гэлээ.


Мөн НҮБ-ын  Хүүхдийн  сангийн  Суурин  төлөөлөгч    Роберто  Бэнес “Хүүхдүүд  болон  эцэг  эх,  багш  нарын  эрүүл  ахуй,  ариун  цэврийн  нөхцлийг сайжруулах нь  НҮБ-ын  Хүүхдийн  сангийн  нэн  тэргүүний зорилтуудын  нэг”  болохыг онцлон хэллээ. Монгол  улс  дахь  АХБ-тай түншилж хамтран ажилласнаар алслагдсан хөдөө орон нутгийн  сургууль,  дотуур  байруудад  найдвартай  ус  хангамж,  эрүүл  ахуйн  суурь үйлчилгээний  тогтвортой,  тэгш  хүртээмжийг  бодитой  өргөжүүлж чадах юм байна.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам


URL:

Сэтгэгдэл бичих