БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид цагдаагийн 10 машин бэлэглэлээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн орлогч дарга Лян Шяопин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хоёр улсын цагдаагийн байгууллагын харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгааг онцолсон юм.
Монголын цагдаагийн ерөнхий газар, ОМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхим хамтран 2015 онд терроризмтой тэмцэх чиглэлээр “Бүргэд 2015”, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хүрээнд хамтарсан дадлага сургалт зохион байгуулж байсан юм.
Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн орлогч дарга Лян Шяопин энэ удаагийн айлчлалаар Цагдаагийн ерөнхий газар 8, ХЗДХЯ 2 ширхэг цагдаагийн машин бэлэглэж буйгаа хэлсэн юм.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчлахыг урилаа.
URL: