“ЦАЙНЫ ЗАМ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

16Дорныг Өрнөдтэй холбож байсан, бидний хамгийн их сонсож дуулсан худалдааны их замыг Торгоны зам гэдэг. Энэ замын үүсэл МЭӨ 200 оны үед Хятад гүрэнд тавигдсан бөгөөд хожим 13-р зууны Монголын Их Эзэнт Гүрний үед цэцэглэн мандаж, Хархорин хот түүний нэг салбар болон тэлсэн гэдэг.

Торгоны замаар Европын улс орнууд өөрсдөдөө хэрэгтэй бараа, таваарийг авч хэрэглэж байсны дотор цай багтаж байжээ.  Цайг анх Хятадын өмнөд хэсэгт тариалж, Торгоны замаар дамжуулан өрнөдөд худалдаалж байжээ. Энэтхэг, Хятад зэрэг улс орноос цай хэмээх ундааг авч хэрэглэж байсан улсуудын нэг бол Орос орон. Дундад зуунд Исламын ертөнц тогтворгүй болмогц Оросууд цайг өөр замаар олж авахыг эрмэлзэж эхэлжээ. Улмаар 1728 онд Монголтой Хиагтийн гэрээ байгуулснаар Монгол орноор дамжуулан Дорнодыг Өрнөдтэй холбосон худалдааны их зам үүсэж бий болсон нь өдгөө Цайны Зам хэмээн нэрлэгдэж байна. Уг замаар Хятад улс 1928 онд Монголд экспортын бүрэн хориг тавих хүртэл 200 жил цай зэрэг чухал барааг тээвэрлэж байжээ.

Тэгвэл энэхүү худалдааны их замаар хэн, хэрхэн аялж байв, цайг хэн, хэрхэн, хаанаас тээвэрлэж байв? Монгол улсад энэ нь ямар ашигтай байв гэх мэт олон чухал асуудал судлаачдын анхаарлыг сүүлийн үед татаж буй. Ялангуяа ОХУ, БНХАУ зэрэг улс эрчимтэй судалгаа хийж эхлээд байна. Мөн гурван улсын төрийн тэргүүн нар гурван улсыг холбосон худалдааны замыг шинэчилэн сэргээж, аялал жуулчлал, эдийн засгийн үр шимийг дахин ашиглахаар шийдвэрлэсэн нь Цайны замын судалгааг эрчимтэй хийх шаардлагыг бий болгож байна. Энэхүү судалгааг өөрийн оронд өрнүүлэх, идэвхжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд санаачилан “Цайны Зам”  эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг энэ сарын дөрөвний өдөр хийх гэж байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Цайны Соёл” нийгэмлэг, “Монголиан Корпорейт Травэл” ХХК зэрэг байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа тус хуралд нийт найман илтгэл хэлэлцэгдэх юм байна. Мөн эрдэм шинжилгээний хурлын үер судлаач Ш.Эгшиг, С.Сүхбаатар, Д.Гэрэлтөв, Ё.Бадрал нарын хамтран бүтээсэн “Цайн Зам” номын нээлт болно гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих