Сумдын хувь заяаг ганцхан гэр бүл хуралдаад шийддэг болж
Засаг дарга гэж хэн бэ. “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж хуульд тодорхойлжээ. Харин зарим Засаг дарга өөрийгөө тухайн нутаг орныхоо хэмжээлшгүй эрхт хүн мэтээр төсөөлдөг. Тийм ч болоод авлига, хээл хахуульд холбогдож, тендер будлиантуулан мөнгө төгрөг үрэн таран хийсэн хэрэгт хутгалдаагүй нь тун цөөхөн. Томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрч байхад хэрэг мандааж яваа засаг ноёдын дуулиан ч гарч эхэлдэг. Түүнчлэн нэг нутгийн хувь заяаг “Ганцхан гэр хуралдаад шийдчихдэг” гэх талаар эх сурвалжууд мэдээллэж байгаа юм.
Ганцхан гэр бүлийн хурлаар шийдэгддэг Дэлгэрхаан сумын хувь заяа хаашаа эргэх вэ
Бид саяхан Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиа “осолдохгүй л” нэг юм зохион байгуулсан. Гэтэл уг сонгуулийн маргаанаас үүдэлтэй дарийн утаа зарим нэг газарт намжаагүй байтал Сумдын Засаг даргын суудлын төлөөх өрсөлдөөн өндрөө авч эхэлжээ.
Тухайлбал Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын сонгуулиар нутаг орныхоо засаг ноёноор 12 жил хүчээр өргөмжлөгдсөн Д.Дашдондог өөрийн халаагаа төрсөн охин Д.Жаргалмаадаа өгнө хэмээн таахалзаж байна.
Д.Жаргалмаа гэж хэн бэ ?
Аавынхаа орыг залгах гэж байгаа охин Д.Жаргалмаа нь ч энхийн цагаан тагтаа шиг амьтан биш. Тодруулбал тэрбээр сумынхаа Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байгаад хувьдаа мөнгө завшсан хэргээр хөөгдөж байж. Гэхдээ ноён аавтай хүн юу гэж газардахав сумын ЗДТГ-ын ерөнхий нягтлан гэсэн хаягтай өрөөнд оффислох болсон.
Д.Дашдавааг нутгийнхан нь “Ямар үйлээрээ манай сумын Засаг дарга болчихсон юм бол доо” хэмээн халаглаж суудаг юм билээ. Арга ч үгүй биз мань эр 12 жил Засаг ноёны сэнтийд залрахдаа өөрийн гэр бүл тэр ч бүүхэл хамаатан садан, худалч хүнд нууц амрагаа хүртэл бэлжүүлээд авсан хэмээн нутаг усныхан нь шазуур зуун ярих юм билээ. Уг нь нутаг орноо хөгжүүлнэ хэмээн сонгогдсон Засаг дарга хүн арай ч ийм байж болмооргүйсэн.
Гэсэн хэдий ч түүний эсрэг ямар ч үйлдэл хийгээд тусыг эс олдог юм байх.Нохойтой сөргөлдсөн хүн хонгогүй, ноёнтой сөрсөн хүн нутаггүй гэдэг. Үүний илрэл нь 2006 оны байдлаар 2100 гаруй хэмээн тоологдож байсан сумын хүн ам өдгөө 1667 болтлоо цөөрсөн гэх тоо баримт. Яасан байх нь уу гэдэг шиг засаг ноёныхоо өөдөөс үг хэлж, тахилыг нь буруу өрөөд хавчигдсаар нутаг заагдсан байх нь байна шүү дээ.
Даварсаар даварсаар дагвын оронд гэдэгчлэн сумынхаа ганц шатахуун түгээх станцыг охиныхоо нөхөр Ө.Наранхүүд хувьчилч өгчихөөд гэр бүлийн хүрээнийхэн болон журмын нөхөд болох МАН-ынхаа хүмүүсээс бусдад нь шатахуун өгөхгүй “Дууссан, ажиллахгүй” гэх мэт шалтаг хэлж, иргэдийг 90 км-ын цаадах Эрдэнэсант, 45 км-ын зайтай Бүрэн, Өвөрхангайн Баян-Өндөр сумдууд руу явуулдаг аж. Хөдөөний иргэд мотоциклийнхоо 5 литр шатахууныг авах гэж худалч хүнд 100 км явах нь тэгээд шударга ёс уу.
Нэгэнт хувьчлалын асуудал ярьсан болохоор мань Д.Дашдондогийн хувьчлал нэрээр өөрөө “цохьсон” хэд хэдэн газрын талаар дурьдах нь зүйтэй болов уу. Тухайлбал 2001-2002 оны нэгдлийн үед байсан бидний бамын гэж нэрлэдэг барилгыгД.Дашдондог дарга хувьчилж, охиндоо өгсөн байдаг. Харин Засаг даргын сунгаанд өрсөлдөж буй охин нь тус барилгын талыг нь зараад талаар нь өөртөө байшин барьчихсан тухай нутгийн хүн бүр хэлдэг.
Хувьчлал нэрээр охин, хүргэн хоёртоо хишиг хүртээсэн нөхөр эхнэртээ юм авч өгөхгүй бол “шанагадуулна биздээ”. Тиймээс тэрбээр эхнэр Цэнд-Аравжиртаа сумын зочид буудлыг хувьчилж өгсөн байдаг. Эхнэр нь тэндээ нэг хэсэг “Улсын хоршооны хөөрхөн бурмаа” хийн, хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад одоо эсгийний цех ажиллуулж байгаа.
Харин эцэст нь мань дарга өөртөө сумын есөн жилийн сургуулийнхаа дотуур байрыг хэдэн бор хүүхдээсээ булаан хувьчлал нэрээр авч, сумынхаа МАН-ын хорооны оффисс болгож аваад өөрөө тухлаад суучихсан гэж байгаа. Энэ мэтээр нөхөр Д.Дашдондогийн энэ нутагт тарьсан балгыг бичнэ гэвэл миний гар чилж, унших таны залхуу хүрнэ.
Хийдгээ хийчихсэн Д.Дашдондог сумын Засаг даргын суудлыг хаан ширээ залгамжлуулж буй аятай охиноо суулгахаар санаархаж байгаа нь энэ гэр бүл Дэлгэрхаан сумыг газрыг хөрснөөс арчих гэж байна уу гэлтэй.
12 жил ноёрхсон энэ гэр бүлийнхэн байгаа цагт сумын бусад иргэдийн дундаас мянгат малчин ч төрөөгүй гээд хэлчихэд буруудахгүй байх. Ямар сайндаа л нутгийнхан нь “Д.Дашдондогийн нохой хүртэл ажилтай болох шинжтэй шүү” хэмээн гомдлын үгээ нэгэндээ хэлцгээдэг.Улсын нийслэл Улаанбаатараас 300 хан км-ийн зайд байрлах Дэлгэрхаан сумын бүхий л үзүүлэлт сүүлийн 10 гаруй жилд байж болох хамгийн доод хэмжээндээ тулсан. Ер нь ганцхан гэр бүлийн хурлаар шийдэгддэг Төв аймгийн Дэлгэрхаан сумын хувь заяа хаашаа эргэх гээд байна вэ?
Б.Учрал
BreakingNews.mn
URL: