Шинэ улстөрчдийн 100 өдөр
Солонгос үндэстэн хорвоод мэндлээд 100 хонож буй нярай үрсэд зориулан цайллага хийдэг уламжлалтай. Эртнээс улбаатай энэ уламжлал орчин үед ч үлдэж хоцорчээ. Миний бие Умард ба Өмнөд Солонгосын аль алинд нь очиж үзсэн боловч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс дахь түүхэн (миний хувьд) аяллын явцад 100 хоногтой хүүхэдтэй таараагүй учраас тэнд тэмдэглэдэг эсэхийг мэдэхгүй. Харин хэдэн жилийн өмнө Сөүлд томилолтоор ажиллах зуур Монгол зоогийн газарт Монгол хүүгийн 100 өдрийг тэмдэглэж буйтай таарч, бидний ярьдагаар сайхан ууж, идэж билээ. Нутгийн заншлын дагуу монгол, солонгос найз нөхөд, ойр дотно хүмүүсээ урьж, хүүгээ танилцуулсан нь тэр байлаа. Коре үндэстэн төрөөд 100 хоносон буюу гурван сар гаруй настай хүүхдийг хүмүүний хорвоод амьд үлдэж чадсан гэж бэлэгшээдэг учраас цайллага маягийн ёслол үйлддэг гэнэм. Амьд үлдэнэ гэдэг айхтар утгатай үг шүү. Эрт үед Солонгос орон өвөлдөө хүйтэн, зундаа халуун чийгтэй, эрүүл мэндийн боловсрол дутмаг учраас нярай хүүхэд олноороо энддэг байсан гэж тайлбарлах юм билээ. Тиймээс 100 хоногтой хүүхэд нэгэнт хэцүү бэрхийг даван гарч, томчуудын ертөнцөд хөл тавьсан гэж үздэг аж. Мэдээж орчин үед анагаах ухаан хавьгүй өндөр түвшинд хүрсэн ч нярайн амьдралыг бэлгэддэг уламжлал хэвээр хадгалагджээ.
… энэ онд сонгуульд ялж, тангарагаа өргөж, албан тушаалаа хүлээн авсан гурван улстөрчийн ажлын эхний 100 хоног…
Дэлхийн улс орнуудад шинээр байгуулагдсан засгийн газар буюу том албан тушаалтны ажлын эхний 100 хоногийг хэр үр дүнтэй байсан эсэхийг шалгадаг, асуудаг албан бус уламжлал ч бий. Амьд үлдэж чадсан засгийн газар гэж хэлэх нь хаашаа ч юм. Улсын Их Хурал нь дургүй нь хүрэхээрээ Засгийн газраа унагаж тоглодог Монгол Улсын тааруухан туршлагатай харьцуулбал парламентын тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудад засгийн газраа тайван, тогтвортой ажиллуулах боломж нөхцлөөр хангах хуулийн зохицуулалт байдаг гэдэг. Жишээ нь Германы парламент нь Ангела Меркелийн засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганаараа хэлэлцүүлээд унагаж чадахгүй өөрсдөө огцордог гэнэ билээ. Манайд ийм хууль баталчихвал гишүүн нэртэй хэдэн гүлдгэр маань Ерөнхий сайдаараа хэр барагтай оролдож чадахгүй биз ээ. Миний бие энэ онд сонгуульд ялж, тангарагаа өргөж, албан тушаалаа хүлээн авсан гурван улстөрчийн ажлын эхний 100 хоног хэрхэн өрнөж буйг сонирхуулья.
Филиппиний ерөнхийлөгчөөр Родриго Дутерте хэмээх зоримог дайчин эр сонгогдсоноос хойш дэлхийн том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс нэр нь салахаа болилоо. Америкт Доналд Трамп, Филиппинд Родриго Дутерте хэмээх хоёр эр хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ улстөрчдийн уламжлалт, тогтсон дүр төрхийг ёстой эвдэнэ гэдэг болж байна даа. Нэгэн цагт талийгаач Уго Чавес, Ираны Махмуд Ахмадинежад нар НҮБ-ын индэр дээрээс АНУ тэргүүтэй Барууны капиталистуудыг хурц, хорон үгээр булдаг байж билээ. Дутерте Давао нэртэй жижиг хотын даргаар хорь гаруй жил ажиллаад хар тамхи гэгчийг ор мөргүй устгасан гэж ярьдаг. Тэр туршлагаараа 100 гаруй сая хүн амтай Филиппиний төрийн тэргүүнээр залрав шүү дээ. Түүнийг ажлаа авснаас хойш Филиппинд 3500 гаруй хүн хар тамхины хэргээр гудамжинд буудуулж үхжээ. Мань эр амласны дагуу цагдаагийн тусгай хүчинд онцгой эрхийг нь өгсөн бөгөөд хэрвээ хар тамхины хэрэгтнүүд баривчлагдахаас татгалзвал газар дээр нь асуудлыг нь шийдэж байгаа аж. Прагматик, үр дүнтэй энэ тэмцлийг нь Филиппиний иргэдийн 76-80 хувь нь дэмжиж буй аж. Бараг Владимир Путинээс өөр Родриго Дутерте шиг ард олондоо хүндлэгддэг улстөрч ховор биз ээ. Мань эр том дэмжлэгтээ дулдуйдаад цаашаа явж өгсөн дөө. НҮБ, АНУ, Европын Холбоо, хүний эрхийн байгууллагууд Филиппинд цагдаа, прокурор, шүүхээр дамжуулахгүйгээр хүмүүсийг буудан алж буйг шүүмжилж орхижээ. Энэ нь Дутертед таалагдсангүй. Та нар намайг шүүмжилдэг хэн юм? Би Америкийн гөлөг биш. Барак Обама там руугаа тонил гэж хашгичаж байна. Хүсвэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнчлэлээс татгалзах юм гэнэ. Дэлхийн II дайнаас хойш 70 гаруй жилийн турш хэрэгжиж буй АНУ-Филиппиний харилцааг эрс өөрчилнө гэж зоригтой дуугарч байгаа нь цочирдом байна. Дутерте Америк ахаасаа холдож, Орос, Хятадын хамт Нэгдсэн Улсын ноёрхлын эсрэг сөрөн зогсоно гэжээ. Бид гурав хамтдаа тэмцэнэ гэж Бээжинд айлчлах үеэрээ хэлсэн дээ. Орос, Хятад хоёр нь Филиппинийг адил зиндааны түнш гэж үзэх эсэх нь эргэлзээтэй л дээ. Дутертегийн галзууралтай Америкийн улстөрийн шилжилтийн зурвас үе таарчихжээ. Учир нь Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа ирэх нэгдүгээр сарын 20-нд дуусгавар болж, дараагийн хүндээ Родриго Дутерте хэмээх сонин дүр төрхийг уулзуулах юм байна.
Лондон хотын захирагчаар түүхэндээ анх удаа ислам шашинт улстөрч сонгогдсон. Пакистан гаралтай Садик Хан Филиппиний Дутерте мэттэй харьцуулах аргагүй боловсролтой, соёлтой эрхэм. Лондон ч Их Британийн нийслэл статустай боловч бараг дэлхийн хот шүү дээ. Садик Хан захирагчаар сонгогдоод удаагүй байхдаа Бүгд Найрамдах намын Трамптай сөргөлдөөд амжсан. Сөргөлдсөн ч гэж цаадах нь эхэлсэн юм. Трамп бүх исламын шашинтнуудыг Америкийн хилээр нэвтрүүлэхдээ шалгах бөгөөд харин Садик Ханыг бол оруулж болох юм гэж ярьжээ. Харин Хан Лондон дахь гэртээ Доналд Трампыг уриад, танд ислам шашин, исламын соёл гэж юу болохыг зааж өгье гэж хэлсэн. Үүнд нь эгдүүцсэн Трамп хоёулаа халз мэтгэлцэх үү гэхэд Ханы хэвлэлийн алба нь битгий тэнэгт гэж хариулжээ. Улстөр гэдэг зугаатай шүү. Ислам шашныг исламын шашнаас ялгаж ойлгохыг Садик Хан зөвлөсөн дөө. Лондон хотын түүхэн дэх анхны ислам захирагч хотоо террористуудаас хамгаалах зорилгоор зэвсэгт эргүүлүүдийн тоог нэмэхээр тууштай тэмцэж байгаа гэсэн шүү.
Тайванийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон Цай Ин Вэний хувьд 100 хоног нь тийм амар байсангүй. Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан үетэй нь харьцуулбал олон нийтийн дунд нэр хүнд дэмжлэг нь суларсаар байна. Цай Ин Вэнь үндэсний хамгийн том асуудал болох Хятад-Тайванийн харилцааны талаар тодорхой бус зүйл ярьсан нь асуудлыг хурцатгаж байх шиг. Ер нь ч Бээжинд таалагдана гэж юу байхав. 1949 онд өрх тусгаарласнаас хойш Хятад-Тайванийн харилцаа шүдэнз зураад асаавал гал дүрэлзэх хэмжээний аюултай хэвээр байна. Тайванийн зэвсэгт хүчин эх газрын Хятадын гэнэтийн довтолгоонд бэлэн үү гэдэг асуултыг интернэтийн дурын вебсайтаас олж үзэж болно. Цай Ин Вэнь цэрэг, армиа үргэлж дэмжинэ гэдгээ илэрхийлэх ёстой ч гэж том эрдэмтэд зөвлөх юм билээ. Жижиг арал хэрнээ данхар том армитай улс шүү дээ. Энэ онд дэлхийн улстөрд шинээр орсон гурван дүр төрх эхний 100 хоногтоо юу амжуулсан тухай сонирхууллаа. Ирэх сарын эхээр Цагаан Ордоны шинэ тэргүүн сонгогдож дахиад шинэ улстөрчийн дүр тодорно. Доналд Трамп лав ажлын эхний 100 хоногтоо Исламын улсыг нухчин дарна гэж амлачихсан байгаа шүү.
URL: