“Khan Resources Inc” компани Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгөхөөр болжээ

Мэдээллийн эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин.
-ОХУ-тай Засгийн газрын тэргүүн Дорнод ураны орд газрыг 51:49 хувь эзэмшихээр тохиролцсныг эсэргүүцэж байна-
Монгол, ОХУ, Канад улсын хооронд ураны төлөөх халуухан тулаан өрнөх бололтой. Учир нь Дорнод ураны орд газрыг Монгол,  Орос, Канад гэсэн гурван улс хамтран эзэмшихээр  хувь нийлүүлсэн “Төв Азийн уран” нэртэй компани байгуулчихаад байлаа.  Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын Засгийн газар шийдвэр гаргаж,  ураны тусгай лицензийг Цөмийн энергийн газрын мэдэлд гэнэтхэн шилжүүлсэн. Дорнод ураны орд газрын 58 хувийг эзэмшиж байсан “Khan Resources Inc” компанийнхан энэ шийдвэрийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн  шүүхэд гомдол гаргаж, өнөөдөр заргаа авчихаад байгаа. Өөрөөрхэлбэл  Цөмийн энергийн газар тус компанийн тусгай лицензийг цуцалсан шийдвэр нь хууль бус гэдгийг Монголын шүүх тогтоочихсон. Энэ маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад Монгол улсын Засгийн газрын тэргүүн, ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх үедээ  ураны орд газартай холбоотой томоохон гэрээ хэлцэл хийчихсэн нь бүр ч их шуугиан тарьж байна. Ерөнхий сайд С.Батболд Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Дорнод ураны орд газрыг ОХУ-тай хамтарч эзэмших, “Дорнод уран” ХХК-ийг байгуулах албан ёсны гэрээнд гарын үсэг зурлаа. Тэр ч бүү хэл  тус компанийн 51 хувийг Монгол улс, 49 хувийг ОХУ эзэмшихээр тохиролцсон нь Канадын “Khan Resources Inc”-ийн дургүйцлийг хүргэж байна. Өнгөрсөн баасан гаригт “Дорнод уран” ХХК байгуулах Орос, Монгол улсын Засгийн газрын тэргүүнүүдийн шийдвэртэй зэрэгцэн “Khan Resources Inc”-ийн удирдах зөвлөл Торонто хотод хуралдаж, Монгол Улсын  Засгийн газрыг Олон улсын арбитрийн шүүхэд өгөх шийдвэр гаргасан байна. Энэ талаар “Khan Resources Inc “ компанийн төлөөлөгчдөөс лавлахад “Ойрын хугацаанд Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгөхөөр шийдвэр гаргасан. Холбогдох албан бичгийг бүрдүүлж хүсэлтээ илэрхийлэх болно” гэж мэдэгдлээ.  Монголын Цөмийн энергийн газар  тус компанийн эзэмшиж байсан Дорнод ураны орд газрыг ашиглах болон хайгуул хийх тусгай зөвшөөрлийг санаатайгаар цуцласан. Захиргааны хэргийн шүүх Цөмийн энергийн газрыг хууль бус шийдвэр гаргасан гэдгийг тогтоочихоод байхад тодорхой шалтгаангүйгээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шинээр бүртгэхгүй байгаа  учраас Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд хариуцагчаар татах нь зүйтэй хэмээн үзжээ.

Т.Амур

Зохиогчийн эрх “Өдрийн шуудан” сонинд


URL:

Сэтгэгдэл бичих