Лүнгийн энгэрт эрхэлсэн гурван хөөрхөн

14906916_794818643954522_7077425329443805253_nЭнэ удаагийн “Андууд” булангийнхаа хойморт Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг Төрийн шагналт. ардын уран эохиолч. соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, “Большой театр “-ын тайзнаа “Хөгжлийн хурд” бүтээлээ хуурдаж явсан Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт анхны морин хуурч, гавьяат жүжигчин Л.Идэрбат, театрын урлагийн хагас зууны түүхийг бичилцэж буй ардын жүжигчин Г.Мягмарнаран нарыг урьж ярилцлаа.

Нөхөрлөлийн түүхээ хуучлах урилгыг минь хамгийн түрүүнд хүлээж авсан эрхэм хүндэт Г.Мягмарнаран.”Хар нялхын минь хоёр байгаа юм” гэсээр өөгшүүлэн дэмжсэн, хүндэт яруу найрагч Б.Лхагвасүрэн. Монголын урлагийн “маргааш”-ийн төлөө завгүй гүйж буй их ажлынхаа хажуугаар зав гарган ярилцсан эрхэм хуурч Л.Идэрбат нартаа баярлаж буйгаа дахин илэрхийлье.

Лүнгийн уул усандаа эрхлэн тоглож гүйсэн томоогүй гэнэн өдрүүд, амьдрал урлагийн зам мөр хөөсөн идэр залуу наснызавгүй өдрүүд хийгээд өтөл насандаа хайрлах, санахын дээдээр бие биенээ “өхөөрдөж” буй нөхөрлөлийн түүхээ тэд маань уйлж нэг, инзэж нэг. санааширч нэг хуучиллаа.

Л.ИДЭРБАТ: ХОЁР НАЙЗ МИНЬ МИНИЙ ИЖИЙ ААВ ШИГ СЭТГЭЛ, ЦУСАНД МИНЬ НАСААРАА ХАДГАЛАГДАЖ ҮЛДСЭН БУЯНТАН

-”Андууд” булангийн маань урилгыг хүлээн авч, нөхөрлөлийн түүхээ хуучлах болсон та нартаа юун түрүүнд баярлаж байгаагаа хэлмээр байна. Б.Лхагвасүрэн гуайн “Хар хялхын” хэмээн тодотгосон үерхэл хүнээр бол хэд насалж байна вэ?

БЛ: -Бид гурвын нөхөрлөл бол танай “Андууд” булангаас том л доо. 40, 50 жилээр ах. Бид нэг дор өсч өндийсөн хар нялхаасаа үерхсэн хүүхдүүд. Би ер нь ямар үед эрх чөлөөтэй болдог, бодохгүй ярьж чаддаг юм бэ гэвэл энэ хоёрыгоо харахаар эрээ цээргүй донгосдог. Бусад цагт ярихын өмнө бодолд орчихоод хүнтэй ярьж чаддаггүй. Харин энэ хоёрыгоо харахаар ярьсан хойноо бодох болдог юм. Энэ хоёрыгоо ирэхгүй болохоор айлгаж байгаа юм, туньж байгаа юм. Бид бурхны тоглоом юм болохоор Лүнгийн Мэргэн Алтганатай гэдэг уулын энгэр, Туулын хөвөөн дээр л биднийг шавраар ч юм уу юугаар ч хийгээд өрж дээ. Мягмарнаран гэж том шавар, Идэрбат гэж нэг жаахан шавар, Лхагвасүрэн гэж нэг дунд зэргийн шавар базаад бурхан тавьчихаж. Бурхны ерөөлөөр л хамт өссөн гэж боддог юм.

Л.И: -Бид нар ч хүүхэд нас, бага нас, бага сургууль гээд л ярьж эхэлнэ дээ.

Г.М: -Танай сонины хамт олонд маш их баярлаж байна. Яагаад гэвэл би Б.Лхагвасүрэнтэйгээ жил гаруй, бараг хоёр жил ч уулзаагүй. Идэрбатгай бас их цөөхөн уулзсан. Бид гурвыг уулзуулна гэдэг их гоё буяны юм боллоо. Энэ хоёртойгоо уулзана гээд өчигдөр дутуу нойртой хонолоо. Нууцгүй хэлэхэд өглөөний цайгаа уусангүй. Баасанг (Б.Лхагвасүрэн гуайн эхнэр) мах чанасан сургаар өглөөнийхөө цайг ууя гээд эртлээд гүйгээд ирлээ. Манай муу Баасан юу байгаагаараа л дайлах юм чинь.

-Нөхөрлөлийн түүх тань их холоос, Лүнгийн уул усандаа эрхлэн тоглож явсан томоогүй гэнэн өдрүүдээс эхлэх нь ээ дээ?

БЛ: -Бага насаа өнгөрөөсөн он жилүүд, бие биенээ өрөвдөхийн тэнхэлтэй явсан он жил гэдэг маргагддаггүй юм билээ. Дэндүү ойр байсан даа, бид гурав.

Г.М: -Манай Идэрбат чинь их гоё. Мэргэн Алтганатай уулын өвөрт хөөрхөн бор гэртэй, хэдэн ямаатай амьдардаг байлаа Миний Идэрбат хар багаасаа амьдралын зовлон, ядуу зүдүү амьдралын хэцүүг туулсан хүн. Дөрвөн улирлын цөөхөн хэдэн өдөр нь гутал өмсөнө. Ихэнхэд нь хөл нүцгэн явна.

Л.И: -Би чинь хар нялхаасаа өнчин хоцорсон. Ижийг минь бурхан болоход миний дүү гуравтай байсан. Гэтэл одоо 70 шүргэж явна. Сургуульд орох болоход оёх, шидэх, өмсөх зүүх хүн байхгүй, дүүтэйгээ хоёулаа хөл нүцгэн сургуульд орж байсан юм. Тэр үеийн сургуульд эмэгтэйчүүд нь ногоон, эрэгтэйчүүд нь хөх даалимбан дээлтэй сургуульд орно шүү дээ. Гэтэл би богинохон өмдтэй, хөл нүцгэн, хөл нь сайртай, хагарсан, шархалсан сургуульд орж байлаа. Миний нүдний нулимс гарах гээд байна. /уйлав/

Тэр үед миний найзууд “Манай ангид ийм нэг хоёр өнчин хүүхэд орж ирлээ” гээд ээж аавдаа хэлж, манай Лхагвасүрэн Мягмарнарангийн ээж хүүхдийнхээ илүү гутал, үстэй, хөвөнтэй дээлээр тусалж байсан. Найзуудынх руугаа божийсон сайран гартай юм ороод л нусаа татаад зогсоно. Эвий минь гэзд л байдгаа барина Хийх өвөр байхгүй болохоор тэрийгээ тас атгаад гэр рүүтээ гүйнэ. Их амьдралын хүнд хэцүүг үзэж өнчин өрөөсөн явахад найзууд минь л надад тусалсан.

БЛ: -Идэрбатын гэр Мэргэн Алтганагайн гал элгэн дээр сумын төвөөс их хол байдаг байсан юм. Өвөл эрт орой болно. Цасан дээр цэнхэр хүүш татна. Өндөр уулын орой руу Идэрбат маань ганцаараа, торойгоод л нэг хөөрхөн юм эргэж хараад л явна. Бид хашааныхаа гадна зогсоод цэрэгт хүн үдэж байгаа юм шиг, өрөвдөөд уйлах гээд л. Өдөржингөө тоглож тоглочихоод ханаагүй, салж ядаад гэр рүүлээ явцгаадаг. Одооных шиг баяртай байхгүй. Тоглож тоглож байгаад л “Би явлаа” гээд яваад өгнө. Идэрбатыгаа цэг шиг юм болтол нь харж зогсоно. Тэр л нүдэнд харагдаад, нүднээс салдаггүй юм. Энэ Идэрбаг их өхөөрдүүлсэн хүн дээ.

Манай энэ хоёр их хөөрхөн эвдүүтэй бор хүүхдүүд байсан юм. Идэрбат бүр хөгийн. Эгдүүтэй, нэг зэвүүн, алгадчихмаар. Дагуулаад явахад тээр шаамааргүй эгдүүтэй хүүхэд. Бас их шошгор оо. Тамхи татах гээд оролдож үзэхэд зааж өгнө шүү дээ. Их эрт боловсорсон жимс байхгүй юу. Идэрбат хот руу шилжихийнхээ өмнө надад ярилаа Би Шижээ гуайнд орох дуртай шүү дээ гэх юм. “Яах гэж байгаа юм” гэсэн “Цэмпил гуайг харья. Миний ээж яг Цэмпил гуай шиг хүн байсан юм” гэж байна. Тэгээд энийгээ дагуулаад тэднийд орно, их өрөвдмөөр. Идэрбат ахтайгаа, эцэгтэйгээ байсан ч эхийн хайр үзэлгүй нялхаараа өнчирсөн. Лүнгийнхний өвөр дээр хүн болсон хүн. Тэр үед Лүнд амьдарч байсан хүмүүсийн өмнө Идэрбат сэтгэлийн их өртэй дээ. Лүнгийнхэн Идэрбатыг хүн болгосон гэж би дандаа бодож явдаг.

Л.И: -Тэгэлгүй яахав. Их өртэй хүн. Хоёр найз минь миний ижий аав шиг сэтгэл, цусанд минь насаараа хадгалагддаж үлдсэн буянтангууд.

Г.М: -Би Идэрбатдаа Лхагвасүрэнгээс илүү хайртай. Идэрбатыг хот руу нүүгээд явсан өвөл Идэрбатыгаа санаад буурин дээр нь очдог юм. Тэгсэн нэг могдойсон харандаа байна “Миний Идэрбатын хичээлээ хийж байсан харандаа” гээд аваад харьж билээ. Маргааш нь нэг хайрцаг сум аваад, бүгдийнх нь толгойг мулталж төмөр утсанд хийгээд Идэрбатынхаа араас салют буудуулсан. Хөөрхий би тэгж их санадаг байсан.

-Б.Лхагвасүрэн гуай айлын ганц гэдгээрээ хэр эрх танхи байв?

Л.И: -Манай Лхагвасүрэн их гоё дугуй, цана, тэшүүртэй. Хөдөөгийн хүүхдүүдэд ийм зүйл байхгүй шүү дээ. Дугуйнд нь хорхойсч, Лхагвасүрэнгийн хойноос байнга гүйгээстэй. Манай Лүнд Бай толгой гэж байсан юм. Тэнд очиж өнөө дугуйг нь унаад уулын уруу хадан дундуур хамаагүй уруудаж буугаад л ёстой нэг үзэж тарна. Тэгсэн нөгөө дугуй нь хад мөргөөд салаад уначихлаа. Лхагвасүрэн уйлаад сүйд. Бид гурав нөгөө салсан дугуйгаа хэсэг хэсгээр нь бариад гэрийнх нь гадаа очоод гавьяа байгуулсан аятай пар гээд л бүгдийг нь хаяж байгаа юм. Тэгсэн Бавуу ах гарч ирээд “Яах вэ миний хүү, ахиад хот орохдоо аав нь шинийг аваад ирнэ” гээд л аргадаж байсансан. Тэгж ер нь Лхагвасүрэнгийн сайхан, сайхан юмыг мөн ч их сүйтгэсэн дээ.

Г.М: -Лхагвасүрэн их харамч хүүхэд байсан шүү. Биднийг дугуйгаар нь тогаохыг хараад нусаа татаад, нулимсаа гоожуулаад л хараад зогсож байдагсан.

Б.Л: -Мягмарнаран бид хоёр бол сайхан ижий аавын буянд аагаа багтааж өссөн дөө.

-Идэрбат гуайн авьяасаар овоо хөөрхөн подхийчихдэг байсан талаар уншиж байсан.

Б.Л: -Идэрбатынхаа авьяасыг “зарж”, өрөвдүүлж их хоол олж идсэн улсууд байлаа даа, Мягмарнаран бид хоёр.

Л.И: -Манай аав надад хэдэн уртын дуу зааж өгсөн. Энэ хоёр намайг дагуулаад дуулуулаад явчихна. Лүнгээр өнгөрсөн тууварчдад их дуулж өгнө. Тууварчдыг ирэнгүүт “хиншүү андахгүй” гүйгээд л очно. Очиж дуулаад шанага будаа ч юм уу, давс ч юмуу, арвайн гурил авдаг Би нэг юмыг их тод санадаг юм. Лүнд намар циркийн жүжигчид ирлээ. ‘Манай энэ найз дуулдаг юм. Та хэд сонсох уу” гээд манай хоёр намайг циркийнхэн дээр дагуулаад очлоо. “Идэр жинчин”, “Ар хөвч”, “Дөмөн” гээд дуулж өглөө. Өгсөн чихэр ёотон бираникийг нь цамцандаа хормойлоод, нөгөө хоёрыгоо дагуулаад Согтуу толгойн хадны доор очоод хувааж идсэн. Бас Лүнгийн хойно хэсэг хоригдлууд гүүр барьж байсан юм. “Нохой шарж иддэг хүмүүс шүү. Тэрнээс л хол яваарай” гэж захидаг байв. Нэг удаа өлсөхийн эрхэнд идэж уух юм өгч магадгүй гээд очлоо. Очоод “Идэр жинчин”-гээ  дууллаа. Тэгсэн нөгөө хэд бүгд уйлж байна. Хар гурилаар хийсэн талхаа өгөөд, хуучин хатсан муу сайн талхаа бүгдийг нь боож өгөөд “Дахин ирж дуулж өгөөрэй” гэж байсан нь их сайхан санагддаг юм.

-Ер нь та гурваас багадаа хэн нь хөөрхөн байсан юм бэ?

Б.Л: -Мягмарнаранг нэрээр нь дуудахгүй шүү дээ. Бөндгөр гэнэ.

Л  оны .И: -Бөндийсөн жаахан бор юм болохоор нь бөндгөр гээд нэрлэчихсэн.

Б.Л: -Хөөрхөн хүүхэд гэвэл манай Мягмарнаран, Идэрбат хоёр хөөрхөн байсан байх. Миний хөөрхөн ч гэж юу байхав.

Л.И: -Лхагвасүрэн хөөрхөөн.

Б.Л: -Би хөөрхөнгүй ээ. Манай энэ хоёр сайхан улсаас төрсөн хүүхдүүд л дээ. Миний муу ижий их дутна. Лүнд ерөөсөө хоёр гоё хүн байсан. Нэг нь Мягмарнарангийн ээж, нөгөө нь Идэрбатын эзж. Лүнгийн хоёр сайхан бүсгүй байсан юм. Гил хар үстэй. Их гоё хүмүүс. Юм гэдэг их сонин. Би Идэрбатын ижийг амьд байхад зүсийг нь харсан. Идэрбат аа чиний ээж залуухаан, дэндүү залуухан. Саяхан Ганган Төгсийн тухай “Цустай дөрөө” гэж зохиол бичсэн. Хамгийн сүүлд ижийгээ нас барахад хүүхдүүд ижий дээр нь орж байгаа хэсгийг Идэрбатынд орсноо санаад бичихэд их л гоё болж байна лээ.

-Урлаг соёлын салбарт та гурав бол нэрээ тамгалсан уран бүтээлчид. Урлагийн амьдралтай хувь заяагаа холбох болсон түүхээ хуваалцахгүй юу?

Б.Л: -Лүн бол угаасаа урлаг соёлын ухааны удамшлын онцгой хувилгаан газар. Дараалсан гурван ангиас улсын цол хүртсэн есөн хүн байдаг юм. Есөн гавьяат төрчихсөн, тийм сургууль Монголд байдаг ч юм уу, бүү мэд.

Л.И: -Бидний урлагт ойр хүмүүжсэн нь бидний эцэг эхтэй их холбоотой. Тэр үед Лүнгийн улаан буланд бидний аав ээж дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглэж өссөн. Тэдний уран сайхны ажлыг их сонирхоно. Хачин гоё юм болно. Бидний урлагийн хүн болох зам өвөг дээдэс, эцэг эхээс минь үүдэлтэй гэж бид одоо хоорондоо ярьж суудаг юм.

Б.Л: -Бид дандаа идэх юм эрээд явж байсан улс биш шүү. Хүүхэд насыг гэгээрч барсан улс. Урлагийн тоглолт болгоныг үзнэ, үдэшлэг болгон дээр очоод суучихна. Лүнгийн Соёлын төвийн “нэг бүрэлдэхүүн” хэсэг байлаа Багш нараа дуулахыг, сайхан эгч нар бүжиглэхий-г харна шүү дээ. Киног алгасна гэж байхгүй. “Отелло”-г нуугдаж байгаад үзчихнэ шүү дээ. Янзын хүүхдүүд байсан юм. Идэрбатыг аав нь клубт дуулуутна. Аав нь өөрөө хуурдаад “Идэр жинчин”-г дуулуулахаар Лүнгийнхэн тэр чигээрээ уйлна

Л.И: -Бид үзсэн кино, жүжиг бүрээ ууланд гарч тоглоно. “Ах дуу гурав”-ыг тоглохдоо нэг их хөглөж байсан. Лхагвасүрэн найруулагч нь. Ах дүү гурвыг хуваарилтал Б.Лхагвасүрэн том хүү болж таардаг юм. Яг жүжиг эхлэх болоход Лхагвасүрэн “Би тэнэг хүү болохгүй, найруулахгүй, эрхээ эдэлнэ” гээд зөрүүдэлчихэв. Найруулагчгүй болохоор жүжиг бүтэхээ больчих гээд байхаар нь хамгийн жижиг биетэй би хамгийн том ах нь болж, Лхагвасүрэн найруулагч хэвээр нь үлдээж жүжгээ тоглож байлаа.

Г.М: -Хамгийн бага цэцэн хүүд хүн болгон л тоглох дуртай шүү дээ. Би ч гэсэн тогломоор байдаг. Идэрбат угаасаа л би хамгийн бага нь цэцэн хүү болно гэж хөөрөөд, өөрийгөө төсөөлсөн явж байдаг. Лхагвасүрэн тэрэн дээр л их алдсан юм даа Тухайн үед бид хоёрыг цэцэн болгож тоглуулсан бол бид чамайг одоо магтаад сууж байхгүй юу. Одоо яая гэхэв. Идэрбат надад “Отелло” тоглож өгнө, янзын дуурайна шүү дээ. “Алчуур” гээд намайг хөөгөөд л хөөрхөн гүйдэгсэн. Драмын их авьяастай шүү. Жүжигчин байсан бол мундаг жүжигчин болно.

БЛ: -Монголын урлагт бид гурав дуудах нэртэй яваа Энийг бол хэнд ч хэлнэ. Үгүйсгэх арга байхгүй. Биднээс хэн нь ч нэр алдрыг хөөж хөөцөлдөж аваагүй. Төр өөрөө ирж үнсэж байсан. Ийм л явсан юм. Чамлахааргүй сайхан амьдарсан.

-Кино жүжиг дуурайж тоглож өсөхдөө урлагийн хүн болохоо төсөөлж байсан болов уу?

Б.Л: -Хувь заяагаа төсөөлж байсан амьтад нэг ч байхгүй. Хувь заяа бол таван жилийн төлөвлөгөө биш юм. Тэр үед бидэнд биелэх, үл биелэх мөрөөдөл л байсан.

-Идэрбат гуай гуравдугаар ангиасаа хот руу шилжсэн, дараа нь Мягмарнаран гуай бас удахгүй шилжсэн гэсэн. Та хэд хэзээ эргэж уулзсан юм бэ?

Г.М: -Бурхны ерөөл тавилан зураг ч байдаг юм уу, бидний учрал их сонин. Биднээс гадна Мэнд-Амар гэж хүү байлаа. 1965-1966 оны үед Драмын театрын Улаан байшинд эргээд дөрвүүлээ уулзсан. Энэ л надад сонин санагдсан юм Тэр багадаа тоглож өссөн хүүхдүүд дуртай зүйлээрээ, нөгөө урлагаараа чуулж байлаа. Лхагвасүрэн Хүүхэлдэйн театрын жүжигчин, Идэрбат, Мэнд-Амар Чуулгын хөгжимчин, Би Драмын театрт дагалдан жүжигчнээр орж байлаа Ийм л сонин түүхтэй. Хүний зураг тавилан, төөрөг нөхөрлөл гэдэг их л учиртай сайхан зүйл байдаг юм байна.

Л.И: -1960-аад оны эхээр эргэн уулзаж, одоо хүртэл урлагийн газартаа ажиллаж байна. Лхагвасүрэн маань жүжгээ бичиж, бүтээлүүдээ туурвиж, Мягмарнаран маань жүжиг кинондоо тоглож, миний хувьд морин хуураа тоглож, одоо хүртэл бүжгийн хөгжмийн бүтээлээ хийж байна. Насны дээр ирчихээд жаргаж байна, сайхан байна.

-Идэр залуу насанд үерхэл тань хэрхэн үргэлжлэв?

Б Л: -Нялх багад өдөржин хамт тогаож, бие биенээ хайрлаж санадаг. Харин идэр залуу болоод хувь хүний амьдрал хөөгөөд ирэхээр нөхөрлөлийн хувьд амсхийлт бий болж байгаа юм. Байгаагүй зүйлийг бүтээж, амьдралдаа түүргэж байсан ч нөхдөө маргаагүй. Би нэг их гунигтай юмыг санадаг. Мягмарнаран маань их сайхан том охиноо алдсаных нь дараа бид хоёр вокзалын хойно уулзаад салахдаа их өрөвдөж, Мийгаагаа гүнзгий гунигтай байхад тэгэхэд нэг харж байсан юм. Би гурав, дөрвөн охиноо алдаж байсан хүн. Яагаад ч юм охин хүүхэд намайг ерөөс тоодоггүй, надад “ярвайчихдаг” юм. Хорвоог голдог юм уу, намайг голдог юм уу. Тэгээд салахдаа Мягмарнаран бид хоёрыг охин хүүхэд “тоодоггүй” юм байна гэж дотроо их гонсойж бодож байсан юм.

Г.М: -Охиноо алдсан оройгоо “Найрын ширээний ууц” жүжиг тоглож байгаа юм. Театр тийм л харгис шүү дээ. Ядаж байхад хүн инээлгэдэг хошин жүжиг шүү дээ. Тайзан дээр гарч ирж инээчихээд, тайзны ард орж уйлаад л жүжгээ дуусгаж билээ. Ядах нь ээ, үзэгчдийн суудлын хамгийн урд сууж байсан тэр нэг охин миний охинтой жиггэйхэн адилхан байсансан.

Б.Л: -Театрын урлагт уучлал байдаггүй юм. Амьдралыг уучилдахтүй юм.

Л.И: -Хүүхэд насанд тоглож өссөн ч залуу насанд хань ижилтэй болж, ажил төрөл хөөгөөд хэсэг хугацаанд салж байгаа юм. Энэ үед хоорондоо уулзаж ярилцаад байх зав чөлөө ч алга. Лхагвасүрэн ийм бүтээл туурвиж, чуулгад ийм сайхан бүтээл хийж өгч. Мягмарнаран маань ийм кино жүжигт тоглож дээ гэж сураг дуулаад л явж байна шүү дээ. Нас жаахан яваад ирэхээр багын сайхан үерхлээ дурсах юмсан бие биенээ харах юмсан гэж бодогддог Одоо бие биенээ харахаар хайр хүрэх юм, ижий аав минь бодогдох юм, нутаг усаа санах юм. Дотор онгойгоод сайхан байна Үнэхээр буянтай ажил хийж байна даа охин минь.

-Залуу насанд хэн нь хамгийн омголон байв?

Г.М: -Идэрбат юм уу даа. Нэг өдөр өрөөндөө сууж байтал “Идэрбат агсам тавиад, түйвээлээ, сүйд болж байна” гэж хүн хэллээ. Яваад орсон чинь сандал дээр гараад зогссон, ардын жүжигчин Д.Лувсаншарав, гавьяат жүжигчин С.Сүндэд гуайд агсам тавиад авч өгч байдаг юм, бодоод үз дээ. Цаадуул нь ч яасан тайван юм, загнуулаад зогсоод байх юм. Дэвж дэвж байснаа намайг хараад нам болж байгаа юм.

Л.И: -Ёстой айсан даа. Шаагаад унагачихна шүү дээ, аюултай. Нийллэгний өрөөнөөс намайг дагуулж гарч байгаад “Чи муу хэн болчихоод тэр том хамт олны дунд ингзж үсчиж байдаг юм, хэн бэ чи, хэдийн тоо вэ, яасан их архи уудаг новш вэ, ахиад архи ууж агсам тавиад үзээрэй” гээд л загнаад цохих гээд цохиж чадахгүй зогсож байсансан. Яг л миний эцэг шиг. Ийм л сайхан найз минь юм байгаа. Би худлаа хэлэхгүй, залуу байхдаа балгадаг байлаа.

Г.М: -Идэрбат аа чи надад өртэй шүү. Идэрбатын эхнэрийг хэдэн залуучууд эргүүлээд байхаар нь Идэрбатын өмнөөс тав зургаан залууд зодуулж явсан. Чулуу, мод юу л бол юугаар нүүр амаа байхгүй болтол нүдүүлж явлаа. Чи санаж байгаа биз.

Л.И: -Саналгүй яахав. Их тод санаж байна.

Б.Л: -Идэрбатын үс их маягтай л даа. Дэл нь буугаад ирэхийн цагт согтуу байдаг, дэл нь огшиж байхын цагт эрүүл байдаг. Тэнгэрийн дагинад дамжлуулсан мангас гэдэг шиг л. Чуулгын сайхан бүсгүйчүүдээр хоёр талаасаа сугадуулчихна. Идэрбатын согтох бусад хүний согтохоос их хөөрхөн.

Л.И: -Нэг нийллэг дээр би архи уухгүй байсан юм. Тэгсэн Лувсаншарав багш “Идэрбатад томхон аяганд архи хийгээд өг. Наад чинь яагаад согтохгүй байна. Согтохоороо надад агсам тавьдаг юм” гэж байсан. Багш бол надад их хайртай. Хүн болгонд л намайг маггсан байдаг юм.

Б.Л: -Багшдаа агсам тавьдаг их балиар.

Г.МЯГМАРНАРАН: АШИГ ХОНЖОО ХАРСАН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЕРХЛИЙН ДЭРГЭД БИДНИЙХ АРАЙ Л ӨӨР АРИУН ЮМ БОЛОВ

УУ

-Та гурав яриандаа гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амарын талаар цөөнгүй дурдлаа. Хэрвээ тэр хүн амьд сэрүүн байсан бол энд сууж байгаа байх даа гэсэн бодол төрлөө.

Б.Л: -Хөөрхөн хүү байсан юм. Бид хоёр нэг ширээний хоёр. Мэнд-Амар хотод олон ах дүүтэй. Их дэгжин. Манай Мэнд-Амарын аав өртөөний Жамбал гэж ёочин тоглодог улаан өвгөн байсан юм. Үдамшил гэдэг гайхалтай юм. Н.Жанцанноров нэг удаа надад. “Мэнд-Амар шиг хөгжим бичихгүй юм байна. Бичээд бичээд Мэнд-Амар шиг бичихгүй нь” гэж байсан. Мэнд-Амар нас барахаасаа өмнө Бээжингийн эмнэлэгт хэвтэж байхдаа надад нэг захиа бичсэн юм. “Чамд л найдья даа. Миний бие тааруу байна. Уран бүтээлийн үдэшлэг хиймээр байна” гэж билээ.

Л.И: -Мэнд-Амарыг бурхан болоход Д.Лувсаншарав гуай “Урлагийн оддоос мундаг сайхан хүн ертөнцөөс халилаа даа” гэж байсан юм. Лууяа багш баргийн хүнийг магтахгүй. Харин Мэнд-Амарыг “Ертөнцийн хөгжмийн од” гэж нэг удаа дуугарсан шүү. Хурдан бичих, сэтгэх гэж гайхалтай. Би бол хаана нь ч хүрэхгүй.

-Б.Лхагвасүрэн гуай та “нялхын хоёр”-тоо зориулж бүтээл хийж байв уу?

Б.Л: -Хааяа боддог юм. Би гэдэг хүн найз нөхдөдөө ямар тустай явна, хэнд би яах ёстой билээ гэж үдэш орой зөндөө бодно. Хүн чинь насньг бөгсөнд л ийм юм боддог юм байна. Юу чаддагаа, юугаараа нөхөртөө гийгүүллээ гэж бодож байна. Би “Хаан золиос” гэж том жүжиг бичээд байгаа. Түүнийгээ “Мягмарнаравд зориулав” гээд тавьчихмаар санагдаж байгаа юм. Найруулагчид чинь их олон ааштай. Тэдний санаа гольдролд орох юм уу, хүндэтгээд уг нь өгөх ёстой. Тийм ухаан байдаг юм уу, бүү мэд. Гэхдээ би Өгөдэйг нүдэндээ болортой байна гэж санаагүй.

Л.И: -Үгүй ээ. Яг тэр, Өгөдэйн үед болор гарч байсан юм.

Б.Л: -Манай Идэрбат яг тэр Өгөдэйн үед амьдарч байсан юм шүү дээ. Би “Хүнд манан” гэж кино зохиол, яруу найраг, афоризмтой нэлээн сайн ном удахгүй гаргана. Энэ номдоо “Эгшгээр нулимсаа арьчья” гээд Идэрбатдаа зориулсан шүлэг хийсэн юм. Энийг би заавал унших ёстой гэж бодож байна.

Идэрбат минъ хуураа нэг татаач

Ижийгээ санаад үхэж нь би

Аялгуунд чинь би гунигаа сэмлэж

Амьсгаа нэг бүтэн авч үзъе

Эгшгэнд нь зангирсан нулимсаа задалж

Энгэрээ нортол уйлж нэг амсхийе

Сүүдэр сүүдрээ сэмлэсэн дэвхцэн тоглож

Сүйхэн хээ шиг хэлхэлдэж өссөн анд минь

Идэрбат минь хуураа нэг татаач

Ижийгээ санаад үхэх нь би

Ингэн эгшгийн манан дунд

Эмжээр нь сэмэрсэн дээлтэй ижийгээ нэг харъя

Индэр мөнгөн аялгуунд эгшиж бэтгэрсэн

Элгээ нэг дэвтээе

Өглөөний тунгалаг наранд уралдаж ургадаг байсан

Өөдөсхөн багын зүггүй анд минь

Ийм шүлэг бичсэн. “Идэрбатад зориулав” гээд номондоо оруулж байна. Энэ ч уншихгүй л дээ. Урлагийн ажлаар хөдөө яваад ирэхгүй.

-Та гурваас хамгийн азтай нь Идэрбат гуай юм уу даа. Багадаа их өхөөрддөг байсан тухайгаа ярьлаа. Одоо ч гэсэн өхөөрдүүлсэн хэвээрээ л байх юм.

Л.И: -Энэ хоёр их янзын. Надаар их тоглоно. Говьд тоглолтоор яваад ирэхэд элсэнд булуулсан гэж яриа гаргасан байгаа юм. Одой хүний театрт чамайг авах гээд сураглаад байна гэж их надаар тоглосон.

Б.Л: -Чамайг сураад байна гэж Мягмарнаран ирж хэлсэн шүү. “Цаад Цэрэнпагма чинь Идэрбатыг сураад сүйд”гэж.

Л.И: -Худлаа ш өөрөө тэгэж зохиогоо биз дээ.

Г.М: -Одой хүний театр байгуулаад хүн дутахаар нь чамайг эрсэн байхгүй юу. Нээрээ шүү.

Л.И: -Худлаа. Та хоёрын л хийсэн ажил. Элсэнд булуулсан гэдэг бас л энэ хоёрын гаргасан яриа. ,

Г.М: -Үгүй, үгүй. Үнэхээр чамайг сураад байсан юм.

Б.Л: -Жижигхэн биетэй хүн авгай авдаг, хүүхэд гаргадаг гэдгийг Идэрбатаас л харж, мэдлээ.

-Аливаа зүйл тун нь хэтрэхээр болдоггүй гэдэг. Энэ үерхлийн тунг нь хэрхэн тааруулж байв?

БЛ: -Мөн чанараа бие биедээ үзүүлсэн хүмүүс их удаан жил үерхдэг юм байна гэнэ л дээ. Ер нь хүн их янаглаж болдогтүй юм, хөндийрч болдоггүй юм. Ерөөсөө нэг мөн чанараа бариад л явах хэрэгтэй. Бурхан надад энэ муу хоёртойгоо ингээд уулзаад учраад сууж байх хэдэн жил өгдөг юм. Бараа сургаа дуулаад суух өдрүүд хэр ч олон юм бол доо.

-Хагас зуунаас ч өндөр настай, энэ нөхөрлөл тань удаан жил үргэлжилсэн нууц нь юундаа байна вэ?

Б.Л: -Залуу үеийнхэнд хандаж хэлэхэд анх л ямар байсан тэр чигээрээ бай. Муу, сайн явснаа мартсан юм шиг амьдрахыг би үзэн яддаг хүн. Би хэн байлаа юу байлаа өлгийтэй байл уу гэж эргэлзэж яваа хүнд дургүй. Бид нар өлгийтэй байсан, өссөн, хүний хүчинд хүн болсон. Энийг л мартаж болохгүй. Одоогийн залуус хайр нөхөрлөл хоёрыг муу хүндэлдэг болсон юм болов уу даа. Яасан ч их сайн явах, бусдаас илүү явах дуртай болсон юм. Би үүнийг л гайхдаг юм. Хүний дээр байх юмсан, хүнээс илүү амьдрах юмсан, илүү юм идэх юмсан, гоё юм өмсөх юмсан гэж бид гуравт бодож явсан нэг өдөр байхгүй. Одоо бид үүгээрээ л их “том” юм даа гэж бодож байна. Бид үүгээрээ л бусад хүнээс том юм.

Г.М: -Лхагвасүрэнгээ Соёлын яаманд дарга цэрэг явахад нь өрөө рүү нь орж чадахгүй. Сэтгэлийг нь зовоогоод яах вэ гээд. Юм гуйхгүй. Гуйх юм бодогдож байсан ч өөр юм ярина. Үгүй гэж хэлж чадахгүйг нь мэдэх болохоор- Бид тийм л найзууд. Одоогийн найзууд бол нэр хараад л гуйна биз дээ. Ашиг хонжоо харсан зах зээлийн үерхлийн дэргэд бидний үерхэл арай л өөр ариун юм болов уу гзж бодоод байгаа юм.

Б.ЛХАГВАСҮРЭН: “БИД ГУРАВ ХӨТЛӨЛЦӨӨД ЯВЖ Л БАЙНА ШҮҮ” ГЭЖ УУЛ УСАНДАА ХЭЛМЭЭР БАЙНА

-Та хэд Лүндээ хэр их очиж байна?

Г.М: -Хүүхдүүд байдаг болохоор Лүндээ байнга очно. Хаврын цагт ангирын дууг сонсох мөн ч сайхан шүү.

Б.Л: -Би шүлгэндээ бичсэн байдаг юм. Тэнд тэнгэрийн симфони эгшиглэж байдаг гэж. Олон шүлгэнд байгаа. Лүнгийн тухай би их олон шүлэг бичиж байсан. Хүний ухаан орсон шороо гэдэг их өөр юм байна лээ. Би Лүнд л хүн төрдөг, үхдэг гэж ойлгосон. Тэнд л би хүн айл болдог гэж ойлгосон, тэр бүхнийг ухаарсан. Лүнд л би үсэг нүдэлдсэн. Тэгэхээр чинь салшгүй, хагацмааргүй санагддаг.

Л.И: -Байгаль мөнх юм болохоор уул ус минь л мөнх үлдэх юм. Байгаль ээж, хангай хоёр минь л байна даа Лүнд.

-Бие биенийхээ уран бүтээлийг хэнээс ч илүү сайн мэддэг хүмүүс бол та нар. Найзынхаа хийсэн бүтээл, тоглосон жүжиг, зохиосон аялгуугаар нь омогшиж байсан дурсамж мөн ч олон байгаа даа?

Г.М: -Найз нөхдөөрөө бахархаж, баярлаж, хөөрч явна гзж байдаг юм байна лээ. Жишээ нь, олон уран бүгзэлчидтэй ярилцаж байхад Лхагвасүрэнг надтай хамаатуулж ярих тэр мэдрэмж нь ямар сайхан байдаг гээч. Лхагвасүрэнгийн тухай яривал чанга дуугараад яриа руу илүү ормоор ч юм шиг. Нөхрөөрөө байнга л гайхуулж амьдарна. Би Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”-д тоглохоосоо айдаг. Урьдаас үзээд үг хэллэгийг нь, санааг нь дутуу гаргах юм бол түүн шиг зэм байхгүй гэж дотроо эмээгээд өөртөө айхтар “тоормоз” тавьсан. Харин үзэх дуртай. “Сарны цагаан цус”-ынх нь талаар би ярилцлага өгч байсан л даа. Энэ бол хүүхдийн сурах бичигт заавал орох ёстой жүжиг байна шүү гэж хэлж байсан. “Үгүйлэгдсэн хайр” гээд их гоё жүжигт нь тоглож байлаа. Яг тэр бүтээд туурвилаар нь бахархдаг л байхгүй юу. Б Лхагвасүрэн маань надаас их хол өндөрт санагддаг юм. Б.Лхагвасүрэнтэй Төв шуудангийн тэнд “Болор цом” болохын өмнөх өдөр таардаг юм. “За юм бичиж байна уу, “Болор цом” болох гэж байна” гэлээ. Манай хүн тоохгүй “Морьдын тоос хэд байна” гэхгүй юу. Маргааш нь телевизээр үзэж байсан чинь нээрээ л хол түрүүлж байна. “Морьдын тоос хэд байна” гэж хэлж байсан юм. Хол тасархай түрүүллээ шүү дээ” гээд хүн болгонд яриад явж байсан. Өөрөө түрүүлбэл тэгж баярлах ч юм уу, хэлж мэдэхгүй юм даа.

Б.Л: -Яагаад ч юм бидний бага насны мөрөөдлийн биелэд юм шиг санагдаад Мягмарнарангаа хараад бахархана шүү дээ. Ний нуугүй гашуун үнэнийг хэлэхэд 10 жүжигчин тайзан дээр тоглож байхад Мягмарнаранг л харна уу гэхээс бусдыг нь харахгүй шүү дээ. Мягмарнаран бид хоёрын хийж байгаа ажил бол яах вэ. Болж л байна. Яс махны судсаа хөрөөдөөд байгаа юм шиг эгшиг гаргаад байгаа нь Идэрбат л даа. Дэндүү хар нялхаасаа эгшигтэй нөхцсөн хүн бол Идэрбат. Бүр хар нялхаасаа. Тийм бодохоор урлагийн ергөнцөд орсноороо хамгийн ахмад нь. Настай хүнийг хүцдэтгэдэг л дээ.

Г.М: -Ийм бодохоор л айдаг байхгүй юу. Нөхрийнхөө сэтгэлд хүрэхгүй юм хийвэл би яах вэ гэж боддог. Энэ үүрэг хариуцлага надад аймшигтай хүнд хэцүү.

-Та гурвын хувьд ард түмэндээ хүндлэгдсэн алдар цолтой хүмүүс. Алдар гавьяанд хүрэхэд найзуудаас олон зүйл байдаггүй гэдэг. Худлаа хүмүүсээс жинхэнэ үерхлээ хэрхэн аварч үлдэв?

Б.Л: -Найзууд их олдоно л доо. Хамгийн эдбэг зүйл бол найзууд. Жаахан алдар, нэртэй явахад түүн шиг элбэг зүйл үгүй. Түүний дотроос хамгийн үнэтэй нь хар багын найзууд. Хэн ч хүрдэггүй. Хожим нь танилцсан ямар ч дарга, ямар ч том хүн, ямар ч гоё найз, ямар ч баян хүн багын найзыг гүйцдэггүй, хүрдэггүй юм. Бага нялхын үерхэл, эцэг эхийн хайр энэрэл хамгийн сүүлд тунаад үлдэг. Үхэн үхтэл сэтгэл цусанд тунаж үлддэг юм байна. Миний найзууд, ямар ч том хүн боллоо ч надад нялхаараа харагддаг юм. Монголын ард түмний мэддэг хүмүүс боллоо ч гэсэн бид бие биедээ том харагддаггүй. Яг л нялх багын хүүхэд зангаараа л ханддаг.

Залуучуудад танай сониноор далимдуулж юу хэдэх гэж байна вэ гэхээр анхныхаа учирсан шиг л байж амьдралыг дуусгаж яваарай л гээд захих гээд байгаа юм. Гэр бүл, найз нөхөд, ажил төрлийн асуудал дээр ч гэсэн. Хүн нэг өнгөтэй нэг ааштай, эрүүл согтуудаа нэг ааштай, ил далд нэг үгтэй ийм л сайхан нөхөрлөж яваад дуусвал түүн шиг сайхан юм үгүй.

-Та гурвын ярихыг сонсоод кино үзсэн юм шиг л боллоо.

Л.И: -Цуврал баримтат кино хийлгзх юмсан гэж санаж л байдаг юм. Бидний нөхөрлөлийн түүхээр баримтат кино хийвэл их ховор кино болно. Жүжиг, хөгжим, яруу найраг цөм багтсан. Улсад ч, залуу үед ч, бидний үр хүүхдэд ч хэрэгтэй.

-Сайн найзаа харамлах үе тохиолдож байсан л байх. Хэзээ бие биенээ хамгийн их харамладаг вэ?

Г.М: -Хүн муу хэлэхэд зарсгээд л явчихдаг юм. “Чи юуг нь мэдэж ярьж байгаа юм. Чи хэдэн үеийг нь мэдэх юм. Би энэ хүнийг хэдэн үеэр нь мэднэ. Бараг өөрөөс нь илүү мэднэ” гээд л босоод ирнэ шүү дээ.

Б.Л: -Янаглаад, уулзаад, тэврэлдээд уулзаад байхаасаа илүү үгийн салхинаас хүртэл бие биенийгээ харамладаг. Мягмарнаранг хазгай хэлсэн хүн манайд дахиад орж ирэхэд би цай өгөхгүй янзтай. Монголчуудын 49 хоног гэдэг их учиртай тоо л доо. Тархи үхэж дуусдаг хугацаа юм. Хэрвээ би үхчихээд бодолгойгоо байвал намайг үхэхэд тэр хоёр ирсэн болов уу гэж би ээрзх, үгүйлэх байх шүү. Бүртгэнэ л гэж бодогоод байгаа юм.

Л.И: -Найзын үерхэд гэдэг үхэн үхтэл үргэлжилж, үхсэн хойноо ч эс нь амьд байвал нэгийгээ санагалзах их хайр юмдаа.

БЛ: -Төгсгөлд нь “Бид гурав хөтлөлцөөд явж л байна шүү” гэж уул усандаа хэлмээр байгаа юм. Тоглож өссөн уулаа гомдоохооргүй л явна, бид гурав. Ёс жамаараа өвөг дээдсээ үдэж, хагацал, баяр хоёрыг ээлжилж амсаад явж л байна. Нөхөрлөлийг хайрлах гэдэг их нандин юм байгаа юм. Нөхөрлөл өнгө юм уу тодотгол биш. Мөн чанар юм шүү.

 

 

О.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих