АН-ын халуун өдрүүд өвөл үргэлжилнэ
ҮЗХ гэдэг хэмжээгүй эрхт цөөнхийн хаант засаглалын дор 9 жил болсон АН тийм амархан нэг давалгаанд шинэчлэгдэхгүй гэдгийг өнгөрсөн 3 сарын үйл явц харууллаа. Үүнийг мэдэрсэн шинэчлэлийнхэн доошоо чиглэсэн алхам хийж эхэлсэн. Энэ нь ч мэдрэмжтэй алхам. Мөнгөтэй фракцуудын үдийн зоогийн газар болчихсон ҮЗХ-оо алгасч шууд Их хурлаараа дүрмээ шинэчилж, тэр дүрмээ барьж намын баганаа босгож шинэ тооно өргөөсэй гэсэн хүсэл жирийн гишүүдэд нь бий. Шинэ дүрмээ бариад даргаа солих тал дээр энэ намын бүхэл нэг тал нь зогсч эхэлжээ. Нөгөө тал нь буюу одоо шууд хуучинсаг тал гэж болох лидерүүд ч мөн адил ҮЗХ дээрээ даврах гэж оролдохоо ч больж, нэгж рүүгээ хандаж эхэлжээ. Ямар ч байсан шинэчлэлийн давалгаагаа ҮЗХ-ны тоглоомоор таслуулахгүй гэсэн байр суурь бэхжиж буй бололтой.
Өнгөн талдаа их хурал нь зарлагдаж, сонгогдсон элч нар нь 21 аймгаас зардлаа даалгуулан нисэн ирж, тухтай буудалд байрлаад 3 хоног хуралдаж нэг лидерийн төлөө мандатаа өргөөд дуусах юм. Цаад утгаараа энэ нь хоёр туйлтай. Нэг нь АН үүрд баяртай буюу эрх баригч намынхаа гар хөл болно. Хоёр дахь нь Монголын улс төрд сөрөг хүчин бодитой оршино.
Гэхдээ АН-д фракцууд задрах яагаа ч үгүй харагдана. Тус тусын лидер болоод санхүүгийн хүчирхэг бүлэглэлийг бий болгож чадсан хүчнүүд сэтгэл хөдлөлөөр тараад шинэ үедээ зайгаа тавьж өгтлөө удна гэдгээ харуулсаар байна.
Яагаад… Ийм том ялагдал гэмшлийн ард фракцууд, тэдний толгойлогч нар ичихгүй байна уу гэж асуух хүн байна. Хариулт нь энгийн. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуультай шүү дээ. Одоо шинэчлэлийнхэн жийгээд байгаа ялагдлын гол буруутан лидерүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн сонгуулиар карьераа дахин эхлүүлэх үү, нэг бол улс төрөөс зодог тайлах уу гэдэг асуулттай. Ёстой цаг хугацааны хайчин дунд ирчихээд буй. АН-ын ирээдүйн даргын төлөөх тоглолт ил далд бүх өрнөлөөрөө одоо ч фракцуудын өрөлтөөр л явагдсаар байгаа. Үүний нөлөөнд орсон шинэчлэлийн талынхан ч цаанаа эзэнтэй бас л нэг фракц болох хурц шинж тэмдэг илрээд байна. Хэрвээ шинэчлэлийн талынхан фракцуудын шинэ тоглолтод санаачилгаа алдвал “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг алдарт санамжаа арвантаа уншаад ч нэмэргүй. Зүгээр л ҮЗХ-ны өргөтгөсөн их хурал болсонтой адил ээлжит жүжиг болоод өнгөрөх аюул мэдрэгдэх учиртай.
АН-ын даргын сунгаанд өрсөлдөгчид ил тод ярьж байгаа энэ зайнд фракцууд одоо нэгжтэйгээ тулж ажиллаад эхэлсэн бололтой. Үүний цаана дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших тохироо явагдаж байгаа нь тов тодорхой. Энэ өнцгөөс харвал МАН-ынхан ч АН-ын асуудалд урт гар дүрээд байх талтай.
Орон нутгийн сонгуулийн хүлээн зөвшөөрөгдсөн ялагдлын араас АН-ын орон нутгийн намын гишүүдийн уриалга хуримын зар шиг цувж эхэллээ. “Ардчилсан намаа ардчилсан замаар шинэчилье” гэсэн хөмсөгтэй энэ уриалгыг нарийн харвал нэг л автортой буюу ард нь шинэчлэлийн талынхан байгаа нь илт. Үүнтэй зэрэгцээд сарын дараа шуугиан тарих товтой байгаа АН-ын их хуралд санаачлагаа алдахгүй байх фракцуудын ажиллагаа ч 21 аймагт идэвхжиж таарна.
Энэ нь АН-ын хувьд сүүлийн 10 жилд нэгж анхан шатандаа хүч хаяж онцгой халамж, дотно ахын хайр зарлаж байгаа ховор үзэгдэл юм. Их хурлын элчийн дотор өөрийн төлөө гар өргөх хүнийг хэдий олон хийнэ, дарга болох магадлал төдий өснө. ҮЗХ-ны урт гар 21 аймаг сум орны салбартаа хаа хүрч байгааг шууд хэлэх боломжгүй ч нэгждээ нөлөөгөө бөхлөх өрсөлдөөн эхэлсэн байна. Энэ нь орон нутгийн сонгуулийн дараах дахин сонгуулийн дайтай том масштабаар өрнөх байх.
Улс төрийн тоглолтын дүрмээр бол энэ нь гарцаагүй зүйл. Гэхдээ өнөөх АН-ын хал үзэж халуун чулуу долоосон жирийн гишүүдийн “тэчьяадан” байгаа лидер гэх архагуудаасаа салах эрмэлзлэлийг унтрааж мэдэх талтай. Ядаж 50 хувь ч гэлээ шинэчлэгдэж ардчилсан үзэл санаагаа хадгалсан нам болох найдлага тасарч мэдэх.
Асуудлын цөм бол энэ намын дарга нь Цагаан байна уу, Улаан байна уу гэдэг нь ч чухал биш. АН-ын жирийн нэг шинэчлэлийн үйл явц төдий ч бус. Монголын төрийн цусанд нэг намын вирус ноёлчихгүй байх вакцин болж ирсэн энэ нам орших уу, эс орших уу гэдэг том ялагдлын хилэнгээр эхэлсэн шинэчлэлийн давалгааны өндрөөс хамаарна. Давалгааны буулт нь эрэгтээ мэдрэгдэх ёстой.
Намынхаа их хурлаас өмнө шийдвэрээ гаргаж ерөнхийлөгчид үзэхээр багаа бүрдүүлж байгаа өөртэй итгэлтэй хүн ч байна гэсэн бор шувууг хэвлэлээр нисгэх болжээ. Үнэндээ сонгогчдын 40 хувийн дэмжлэгийг хүлээсэн хэрнээ 9 суудалтай үлдсэн АН-ын хувь заяаг удахгүй болох их хурал нь атгасан байгааг энэ намын жирийн гишүүд хатуу ойлгох хэрэгтэй байгаа юм.
АН жагсч чаддагаа олон удаа харуулсан. Харин одоо шинэчлэгдэж чадна гэдгээ харуулах том гэхэд багадах сорилтын өмнө ирээд байна. Танай намын өөрчлөлтийн цаана Монголын улс төрийн зурлагын тал хувь нь хамт бичигдэнэ.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Эх сурвалж: Shuud.mn
Линк: http://www.shuud.mn/content/read/475302.htm
URL: