АмЧам Монгол олон нийтэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй авто тээвэр, машин механизмын салбарыг Монголд хөгжүүүлэхийг уриалав

12УЛААНБААТАР – 2016 оны 10-р сарын 27-нд Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын Авто тээвэр, машин механизмийн хорооны гишүүд Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнуудтай уулзан АмЧамын Авто тээвэр, машин механизмийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ гардуулж АмЧам болон салбарын яам хамтран тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Тус бодлогын баримт бичиг нь Монгол улсад олон нийтэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй авто тээвэр, машин механизмын салбарыг хөгжүүүлэхэд тулгарч буй бодлогын гол асуудлууд болон олон улсын туршлага практикт үндэслэсэн богино болон дунд хугацааны шийдлүүдийг санал болгосон болно. Тухайлбал

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах үүднээс буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг багасгах цаашид хориглох;
  • Зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг урамшуулан дэмжих;
  • Тээврийн хэрэгслүүдийн ялгаруулдаг утаанд нийтлэг шаардлага тавьж, стандартыг хэрэгжүүлэх; болон орчин үеийн Евро 5+ зэрэг хөдөлгүүрийн шаардлага хангахгүй байгаа чанар муутай дизелийн түлшний импортын асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг онцолсон юм.

АмЧам Монгол нь Монгол улсад чөлөөт зах зээлийг улам хөгжүүлэхийн тулд тасралтгүй ажилласаар ирсэн ба бодлогын баримт бичигт дурдагдсан асуудлууд нь цаашид Монгол улсын авто тээвэр, машин механизмийн салбарыг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Монгол улсын Засгийн газрын эдгээр асуудлуудыг шийдвэрлэх ажилд АмЧам Монгол байгууллага болон гишүүн байгуулагууд дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн бөгөөд хувийн хэвшил, төр хоорондын хэлэлцүүлэг зохион байгуулах,  олон улсын практик туршлагаас хуваалцах зэргээр үр дүнтэй арга байдлаар хамтран ажиллах боломжтой юм.

АмЧам Монголын Авто тээвэр, машин механизмийн хорооны дарга ноён Гаррет ВилсонЗам, тээврийн хөгжлийн яамтай хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ

“Бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд бид Засгийн газрыг амаргүй сонголт хийж зоримог шийдвэр гаргахыг уриалж байна. Эдгээр шийдвэр нь богино хугацаанд эсэргүүцэлтэй тулгарах ч  урт хугацаандаа эдийн засаг болон байгаль орчны эерэг нөлөө үзүүлж тогтвортой байдал бий болгоход  гол үүрэг гүйцэтгэх болно.
Бид Засгийн газартай хамтарч салбарын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

 

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Вашингтон ДиСид байрладаг Америкийн Худалдааны Танхим нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.


URL:

Сэтгэгдэл бичих