Украины улс төрчид их хэмжээний мөнгө бэлнээр хадгалдаг нь ил болжээ

1Дарангуйлагч гэгдэж байсан Виктор Януковичийг төрийн эрхнээс зайлуулснаас хойш хоёр жил орчмын дараа Украины эрх баригчид анх удаагаа хувийн хөрөнгөө олон нийтэд нээлттэй тайлагнажээ.

Энэ нь тус улсад хэрэгжүүлж байгаа ил тод байдал, авлигын эсрэг үйл ажиллагааны нэг хэсэг болж байна.

Өнгөрсөн Ням гараг хөрөнгөө тайлагнах эцсийн хугацаа байжээ. Сонирхолтой нь Украины улс төрчид их хэмжээний мөнгийг бэлнээр хадгалж байдаг нь ил болсон байна.

Тухайлбал тус улсын ерөнхий сайд Володимир Гроисман гэр бүлийн хамтаар $1.2 сая, 460,000 евро бэлнээр хадгалж байдгаа мэдүүлжээ.

Мөн тэр үнэтэй цагны цуглуулгатай гэсэн байна.

Гроисман ганцаараа бэлэн мөнгө хадгалж байдаг улс төрч биш ажээ. Украины засгийн газрын 24 гишүүний гар дээр байдаг бэлэн мөнгө нь нийлээд $7 саяд хүрч байгааг Ройтерс агентлаг тооцоолж гаргажээ.

Ерөнхийлөгч Петро Порошенкогийн фракцийн ах дүү улс төрчид болох Богдан болон Ярослав Дубневич нар нийлээд $26 саяыг бэлнээр хадгалж байгаагаа мэдүүлсэн байна.

Энэ бүх бэлэн мөнгө нь эдийн засгийнх нь 60 хувь сүүдэрт байдаг Украин улсын банкны системд итгэх итгэл ямар байгааг харуулж байгаа гэнэ.

Хууль зүйн сайд Павло Петренко гэхэд $1 саяыг банканд хадгалуулсан бол $500 мянгыг гар дээрээ бэлнээр хадгалж байгаа ажээ.

Жорж Соросын Олон улсын Сэргээн Босголтын Сангийн дэд захирал Тарас Качка үүнийг тайлбарлахдаа “Мэдээж Европын Холбооны орнуудад бэлэн мөнгө ихээр гар дээрээ байлгах нь хэвийн бус үзэгдэл. Гэвч энэ нь Украины банкны системийн нөхцөл байдалтай холбоотой. Банканд мөнгөө хадгалуулаад алдсан олон Украин хүний хувьд энэ бол том асуудал юм” гэжээ.

Үүнээс гадна Украины улс төрчдийн сонирхолтой эд хөрөнгө олны гайхшралыг төрүүлсэн байна. Тухайлбал сөрөг хүчний парламентын гишүүн Михайл Добкинд 1,780 лонх дарстай агуулах байгаа бөгөөд зарим лонх дарс нь $10,000 хол давах үнэтэй гэнэ. Түүнд бас Оросын сонгодог зохиол “Анна Каренина”-ийн $5,500-ийн үнэтэй хуучны хуулбар байдаг ажээ.

Мөн нэг улс төрч нь эртний зэр зэвсгийн сонирхолтой цуглуулгатай бол нөгөөх нь хувьдаа бүтэн сүмтэй гэж мэдүүлсэн байна.

Дунджаар сард 200 еврогийн цалинтай Украинчуудын хувьд энэхүү хөрөнгийн мэдүүлэг нь гайхалтай сонин мэдээлэл болж, улс төрчдийнхөө ямар баян тансаг амьдардгийг анх удаа мэдсэн үйл явдал болжээ.

2014 оны Майданы хувьсгалын дараа эдийн засгийн гүн хямралд автсан Украины иргэд хувьсгал хийсэн одоогийн эрх баригчдад итгэх итгэл нь муудсаар байгаа. Өнгөрсөн сонгуулиар 21.8 хувийн рэйтингтэй байсан Порошенкогийн фракц өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 12.6 хувьтай болоод байна.

Украины авлигатай тэмцэх газар улс төрчдийн хөрөнгийн мэдүүлгийг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулна гэж байгаа ч 100,000 орчим мэдүүлгийг хэрхэн шалгаж гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters


URL:

Сэтгэгдэл бичих