Төвөдийн төлөөлөгчид Монголд анх удаа айлчилж байна

 

0000000- УИХ-ын дарга М.Энхболдыг Төвөдөд морилон саатахыг урив -

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Төвөдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Төвөдийн Өөртөө Засах Орны дэд дарга Бямбадаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон зууны түүх, соёлын хэлхээ холбоотой Төвөдийн төлөөлөгчид парламентын шугамаар Монголд анх удаа айлчилж буйд УИХ-ын дарга М.Энхболд баяр хүргээд хоёр орны харилцаа төр, нийгэм, соёл, иргэд хоорондын гээд бүхий л салбарт амжилттай хөгжиж байна гэв.

Түүнчлэн хөрш зэргэлдээ БНХАУ-тай харилцах харилцааг манай улс гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ гэж үздэг. Хоёр орны харилцаа бүхий л түвшинд нэн амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг. Амжилттай хөгжиж буй харилцааны нэг гол салбар нь парламент хоорондын хамтын ажиллагаа бөгөөд 2016 оноос харилцаа илүү шинэ хэлбэр буюу байнгын механизм бий болгох чиглэлд шилжиж байна гэдгийг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд 2014 онд хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, 2015 онд Парламентын дэд дарга нар Улаанбаатарт уулзсан бол энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Бээжинд хоёр талын уулзалт болох гэж байгааг онцлов.

Тэрбээр “Та бүхний Монгол Улсад хийж буй айлчлал хоёр улсын парламент хоорондын болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Төлөөлөгчдийн тэргүүн Бямбадаш хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны мэндчилгээг уламжилж, Төвөдөд морилон саатахыг урив.

Тэрбээр “Төвөд бол БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг юм” хэмээн онцлоод Төвөд орон 1951 онд энх тайвнаар чөлөөлөгдөж, 1959 онд ардчилсан шинэтгэл хийгдэж, 1965 онд Өөртөө засах орон байгуулагдсан юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Төвөд орон бүхий л салбарт гайхалтай хурдацтай хөгжиж, Төвөдийн ард түмний амьдрал эрс шинэчлэгдлээ. Тухайлбал, 1951 онд Төвөдийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 150 сая юань байсан бол 2015 оны байдлаар 102 тэрбум юаньд хүрээд байна гэв.

Ноён Бямбадаш “Төвөд орон БНХАУ-ын дарга Си Зиньпин, ХКН-ын удирдлага дор 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүтээн байгуулах зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа. Төвөдийн ирээдүй гэрэл гэгээтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Төвөдийг БНХАУ-ын нэгэн хэсэг гэж үздэг манай улсын гадаад бодлогын уламжлалт чанар хэвээр хадгалагдаж байгаа. Төвөдийн өөртөө засах орныг эрчимтэй хөгжлийн замаар замнуулах зорилт тань биелнэ гэдэгт итгэж байна” гээд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Л.Болд болон Төвөдийн Өөртөө Засах Орны АТИХ-ын төлөөлөгч, Төвөдийн Өөртөө Засах Орны АТИХ-ын Үндэстэн, шашин, цагаачдын хорооны дарга Тунгаа, БХАТИХ-ын төлөөлөгч Ёндон, Жамъянням нар байлцав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


URL:

Сэтгэгдэл бичих