Усны нөөцийн ухаалаг хувиарлалтын схемд хүрэхийн тулд улс бүр хэлэлцээрийн ширээний ард суух ёстой
Энэ бүсийн хамгийн том асуудлуудын нэг болох усны нөөцийн хувиарлалтыг зохицуулах шаардлага Төв Азид үүсээд байна. Хэрвээ ойрын хугацаанд таван орныг /Тажикстан, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Казахстан/ хэлэлцээрийн ширээний ард суулгаж, бүсийн усны асуудлаар зөвшилцөлд хүрэхгүй бол, Төв Азид усны төлөөх зөрчил мөргөлдөөн үүсэх магадлалтай болоод байна.
Төв Ази нь дэлхийд усны нөөцийн хомсдолтой бүсүүдийн нэг юм. Түүнчлэн Төв Ази дахь усны нөөц нь жигд бус хувиарлагдсан байдаг. Киргизстан, Тажикистан гэсэн хоёр улс нь голын урсгалын дээд хэсэгт байрладаг болохоор усны илүүдэлтэй, усны үндсэн хэрэглэгчид болох Узбекистан, Туркменистан, Казахстан нь усны хомсдолтой тулгардаг. Харин Киргизстан, Тажикистан эрчим хүчний хомсдолтой орнуудын тоонд ордог.
Ус-эрчим хүчний ийм хувиарлалт нь “дээд талын орнууд нь эрчим хүчний, харин доод талынх нь усны хомсдолтой байсан” Зөвлөлт Холбоот улсын усны нөөцийн удирдлагын системээр тодорхойлогддог байсан. Тажикистан, Киргизстан нь өөрсдийн Нурексийн, Кайраккумын, Токтогулийн усан цахилгаан станцын усан сандаа өвөл усыг хуримтлуулж, зун нь Узбекистан, Казахстан, Туркменийн тариалангийн газрыг усалдаг байв. Өвөл нь үүнийхээ оронд Тажикистан, Киргизстан нь эрчим хүч, хий авдаг байсан. Гэвч энэхүү солилцооны систем нь ЗХУ-ын задралтай холбоотойгоор устаж үгүй болж эдгээр улсууд нь зах зээлийн системд шилжсэн.
Тажикистан, Киргизстан нь Киргизстанд Камбаратинскийн 2 усан цахилгаан станц /Нарын гол дээрх/, Таджикистан дах Пяндж гол дээрх Даштижумскийн усан цахилгаан станц, Вахш гол дээрх Рогунскийн усан цахилгаан станцыг барих замаар өөрсдийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахыг зорьж байгаа. Харин энэ нь усны үндсэн хэрэглэгч болох Узбекистаны хүчтэй эсэргүүцлийг төрүүлээд байна. Ташкент нь /Узбекистаны нийслэл/ нь Камбаратинскийн болон Рогунскийн төслүүд нь олон улсын эрхийг зөрчиж, усанд хүрэх боломжийг багасгаж, улмаар экологийн /Аралийн тэнгисээс Узбекстан руу ирдэг сулхан урсгалыг бүр багасгах/ болон эдийн засгийн/Ус хамгийн ихээр шаарддаг тариалан буюу хөвөн даавуу тариалалтад алдагдал хүлээх/ томоохон хохирол амсуулна гэсэн айдастай байгаа.
Бас нэг шалтгаан бол Киргизстанд, ялангуяа Тажикистанд барьсан усан цахилгаан станцууд нь Өмнөд Азийн эрчим хүчний зах зээл дээр узбекийн эрчим хүчний экспорттой өрсөлдөх юм.
Эдгээр зүйлүүдээс болж Ташкент нь хэлэлцээрийн ширээний ард сууж, харилцан хүлээн зөвшөөрөх, сонирхолдоо нийцсэн шийдвэрт хүрэхийг хүсэхгүй байгаа билээ.
Хэдийгээр орон бүр усны нөөцийн ухаалаг хувиарлалтын схемд хүрэхийн тулд хэлэлцээрийн ширээний ард бүх оролцогчид /эдгээр таван орнууд/ суух ёстой гэдгийг ойлгож байгаа ч өнөөдөр бүсийн хувьд 2 улсын хооронд л хэлэлцээр явагдсаар байна.
Өөр бас нэг чухал асуудал гэвэл, бүс дэх ус ашиглалтын чанар. Голын доод урсгалын усны хомсдолтой бүсийн орнууд усыг маш хайнга ашигладаг. Төв Азийн улсууд нь нэг хүнд ноогдох хэмжээгээр бусад орны хүмүүстэй харьцуулахад харьцангуй их ус хэрэглэдэг. Туркменистан, Узбекистан нь АНУ-ыг бодвол хоёр дахин ус хэрэглэдэг. 700 мянган хүн амтай Ашхабад нь 3 сая хүн амтай Чикаго хотын хүн амтай тэнцэхүйц их ус хэрэглэдэг.
Усыг хамгийн ариг гамтай хэрэглэдэг улс бол Казахстан /энэ улс нь усан замын төгсгөлд байдаг ба энд ярьдгаар бол усны дусал бүрийг хэмнэх шаардлага гардаг/. Казахстан нь Киргизстантай тохиролцсон үнээр эрчим хүч солилцох тухай хэлэлцээр хийж чадсан. Наймдугаар сард Киргизстан нь Казахстанд эрчим хүч нийлүүлж, намар нь буцааж авсан. Мөн Учкурганскийн усан цахилгаан станц дээр 350 куб.м/секийн эзэлхүүнтэй усыг Казахстаны хөдөө аж ахуйн хэрэгцээнд зориулан гаргаж байна.
Өөрөөр хэлбэл усыг эрчим хүчээр солилцдог систем нь сэргэсэн бөгөөд Казахстанаас буцаан өгч буй эрчим хүч нь Токтугулийн усан сангийн хувьд намар өвлийг давах тааламжтай зохих нөхцлийг бүрдүүлэх төдийгүй, ус-эрчим хүчний балансыг хадгалж байгаа юм.
Хамгийн хачин нь иймэрхүү арга барилыг Узбекистан нь өөрийн хэлэлцээртээ бусад орнуудтай хэрэглэхгүй байгаа юм. Ташкент нь өөрийн харилцааг эсэргүүцлийн нот бичгээр дамжуулан эсвэл хүч хэрэглэх байдлаар илэрхийлэхийг илүүд үздэг. ЗХУ-ын үед байгуулсан 2 улсыг усаар хангадаг Орто-Токойское усан сан нь Киргизстан, Узбекистан улсууд тусгаар тогтнолоо олсноос хойш тэдгээрийн маргалдааны гол объект болсон.
Яг иймэрхүү маргаан нь Ташкент болон Душанбе нарын хооронд үүсэх магадлалтай, учир нь Тажикистанд Рогунскийн усан цахилгаан станц барих төсөл идэвхтэй хэрэгжиж байгаа нь Ташкентэд огт таалагдахгүй байгаа.
Эдгээр маргаан нь хэлэлцээрийн ширээний ард дээрх орнууд бүгд хамтдаа яаралтай суухгүй бол тун удахгүй энэ бүсэд нөөцийн төлөөх дайн үүсч болзошгүй гэдгийг харуулж байна. Эдгээр орнууд нь харилцан хамаарлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрсдийнхөө боломжийг зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, бүсийн хөгжлийн тулд бусад хөрш орнуудынхаа ашгийн төлөө ашиглах нь зүйтэй.
Тийнхүү энэ нь дараагийн хэдэн жилийн ирээдүйг хэлэлцэх Төв Азийн улсуудын холбоог байгуулахад хүргээд байна. Энэ холбоо нь өнөөдрийн хувьд бүх оронд ашигтай шийдэлд хүрэх нэгдсэн талбар болж чадна. Сүүлийн 25 жилийн нөхцөл байдлыг үнэлэн ус-эрчим хүчний тэнцвэрт байдлын системийг сэргээх нь холбооны гол зорилго болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: