Нийслэлийн төсөв 127 тэрбум төгрөгөөр тасарчээ
Нийслэлийн энэ оны төсвийн орлого 127 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тодруулбал, татвар төлөгчдийн төвлөрүүлэх орлогыг өндөр тооцоолсон, дуудлагаар худалдах ёстой газруудыг бүрэн худалдаж чадаагүй, хотын албан татварын орлого буурсан гэх мэт шалтгаанаас үүдэн төсвийн орлого ийнхүү тасарсан байна.
Тиймээс 2016 оны төсвөө тодотгож, зардлаа багасган, орлогоо нэмэгдүүлэх төслийг хотын дарга НИТХ-д танилцуулаад байгаа аж.
Одоогоор хотод татвар төлөх ёстой аж ахуйн нэгж, байгууллагын татварыг тодотголоор 30 гаруй тэрбум төгрөг гэж тооцжээ. Учир нь энэ оны эхэнд тооцоолсноос 5000 гаруй ААН татвараа төлөөгүй, үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байгаа юм байна.
Эдгээр нь ихэвчлэн барилга, уул уурхай, худалдааны салбарын байгууллагууд аж. Хотын албан татварыг авч эхэлснээс хойш 2,9 тэрбум төгрөг л хотын төсөвт төвлөрчээ.
127 тэрбум төгрөгөөр төсөв тасарсан нь 2016 оны нийслэлийн төсөв анхнаасаа хэт хөөсөрсөн, бодитой байж чадаагүйтэй холбоотой гэв.
Уг нь тодотголоор 6,4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж үзсэн байна. Түүнчлэн төсвийн 35 хувийг эзэлдэг газрын дуудлага худалдаа энэ онд бүтэлгүйтэж, үлдсэн хугацаанд 10 тэрбум төгрөгийг эндээс олохоор төлөвлөсөн байна.
Ийн хотын орлого 127 тэрбум төгрөгөөр тасарсныг НИТХ дахь МАН-ын бүлэг 2016 оны нийслэлийн төсөв анхнаасаа хэт хөөсөрсөн, бодитой байж чадаагүй гэж дүгнэжээ.
Харин нийслэлийн ИТХ-ын АН-ын төлөөлөгчид Хотын дарга С.Батболд болон ИТХ-ын дарга Ц.Сандуйг шилэн дансаа хуулийн дагуу хөтөлж, төсвийн ил тод байдал, хүний нөөц, томилгоог олон нийтэд нээлттэй байлгахыг сануулсан байна.
Дашрамд, 2016 онд хотын шуудын орлого 564 тэрбум төгрөг, дүүргүүдийн орлогын төлөвлөгөөг 134 тэрбум, нийт 698 тэрбум төгрөг байхаар баталж байжээ. Харин зарлагыг 578 тэрбум төгрөг байна гэж тооцож байсан аж.
URL: