Өмнөд Солонгосын ерөнхийлөгч “эмэгтэй Распутин”-тай байсан нь илэрч, түүний суудлыг ганхууллаа
Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн байр суурь эрчимтэй ганхаж эхэлсэн нь түүний найз гэх эмэгтэй Чой Сүүн Силтэй холбоотой дуулиан дэгдсэнээс үүдэлтэй.
Тэрээр Өмнөд Солонгосын төрд ямар нэг албан тушаалгүй ч ерөнхийлөгч Пак Гын Хэд зөвлөж, төрийн хэрэгт хутгалддаг байсан нь ийнхүү нийгмийг цочролд оруулаад байна. Зарим нь бүр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг бүрэн удирддаг байсан гэж Чой Сүүн Силийг үзэж байгаа юм.
Уг дуулианаас болж өчигдөр Сөүл хотод 10,000 орчим хүн оролцсон жагсаал болж ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан байна. Мөн хоёр дахь том хот Бусанд ийм жагсаал болжээ.
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Германд сууж байсан Чой өнөө өглөө Сөүлд ирсэн байна. Тэрээр хуулийнханд мэдүүлэг өгч асуудлыг намжаах зорилготой гэнэ.
Ерөнхийлөгчид албан бусаар зөвлөн төрийн хэргийг шийдэлцдэг байснаас гадна ерөнхийлөгчийн нэр нөлөөг ашиглан өөрийн хоёр төрийн бус байгууллагад Самсунг зэрэг томоохон компаниудаас хандив авч байсан нь шалгагдаж болзошгүй байна.
Энэ зуур ерөнхийлөгч Пак Гын Хэгийн таван туслах нь огцрох өргөдлөө өгсөн тухай ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр мэдээлжээ.
Одоо 60 настай Чой нь нэгэн шашны урсгалын тэргүүний охин аж. Чойгийн эцэг мөн Пак Гын Хэгийн зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ.
Бөө мөргөлийн зан үйл хийдэг, эцэг нь шашны сөрөг урсгалын толгойлогч байсан, авлигын хэрэгт хутгалдсан, төрийн хэрэгт оролцдог зэрэг нь Чой Сүүн Силийг Оросын түүхэнд тодорч байсан зальт этгээд Распутинтай адил этгээд гэсэн ойлголтыг хүмүүст өгч байгаа юм.
Түүнийг ерөнхийлөгчийн хэлэх үгийг засварлаж, хянаж өгдөг, хэнийг ямар албан тушаалд тавихыг нь шийддэг гэсэн яриа гарсан хэдий ч өнгөрсөн Пүрэв гарагт өгсөн ярилцлагадаа Чой ерөнхийлөгчийг сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэлэх үгийг нь л нэг удаа засварлаж байснаас өөрөөр оролцоо байгаагүй гэж няцаасан байна.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад нэг жил үлдээд байгаа Пак Гын Хэ хугацаанаасаа өмнө огцрох дээрээ тулж магадгүй болоод байгаа юм.
Чой бол “Мөнхийн амьдралын сүм” гэгч шашны урсгалын тэргүүн Чой Тай Миний охин. Зургаан удаа гэрлэж байсан Чой Тай Мин 1974 онд эх нь алагдсаны дараа Пак Гын Хэтэй дотноссон бөгөөд үүнийгээ зүүдэнд нь Пакын эх ирж охиндоо туслахыг гуйсан гэж тайлбарладаг байв.
1994 онд нас барах хүртлээ Чой Тай Мин нь Пак Гын Хэд зөвлөхөөр ажиллаж байсан ба түүний дараа охин нь үргэлжүүлэн нөхөрлөх болжээ.
Чой Сүүн Силийн экс нөхөр 2012 он хүртэл буюу Пак Гын Хэг ерөнхийлөгч болох хүртэл түүний топ зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Хэвлэлээр дэгдсэн дуулианы үнэн мөнийг хуулийнхны өмнө тайлбарласнаар Чой Сүүн Сил ерөнхийлөгчийг аварна гэж найдаж байгаа ажээ.
Эх сурвалж: AFP
URL: