АСЕМ-ийн бэлтгэлд ирүүлсэн 60 чингэлэг тавилгыг АСЕМ-ынхан “идээд идээд” барсангүй

download(8)Үнэхээр идээд тараагаад цацаад барахааргүй их тавилга Хятадаас тусламж болгон ирүүлсэн. Өнгөрсөн хаваржин зунжин монголчууд АСЕМ-аар амьсгаллаа. Бодлоготойгоор дэгдээсэн шуугиан дуулиан нь энэ арга хэмжээнд асар их мөнгө гаргах, хяналтгүй зарцуулах далд төлөвлөгөөг нь хаах халхавчилах зорилготой байсан гэх хардлага одоо л төрж эхэлж байна. Ази-Европын дээд хэмжээний уулзалт гэгчийг зохион байгуулсан орнууд дунд Монгол шиг их сүржигнэсэн улс байгаагүй. Зарим улсад ард иргэд нь АСЕМ болж байгааг мэдээ ч үгүй байдаг гэнэ. Тэдгээр улсуудад улсын төсвөөс ч мөнгө их хэмжээгээр гаргадаггүй гаднаас ч тусламж хандив гуйдаггүй. Гэтэл манайхан урд хөршөөс туслалцаа гуйсан. Үүний дагуу 60 чингэлэг зочид буудлын тавилга АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд гэж хаяглан ирсэн.

Эдгээр нь ор, босоо толь, ханын шүүгээ, төрөл бүрийн буйдан ширээ, сэнс гээд бүгд байсан. Хамгийн гайхалтай нь Хятадаас ирсэн тавилгуудыг АСЕМ-ын зочдыг хүлээн авч байгаа зочид буудлуудад өгөөгүй байна. Бүр ирсэн гэдгийг нь ч хэлэлгүй таг нуусан гэнэ. Нэгэнт зочид буудлуудад тараагүй тул тэр их тавилгаас зохион байгуулагчид шилж сонгож эхэлжээ. ГХЯ-ны ажилтнуудын ам алдсанаар нь “идээд тараагаад цацаад” ч тэр их тавилга баригдсангүй одоо ч үлдэгдэлтэй байгаа аж. Тухайн үед энэ яаманд Ховдынхон “эрх барьж” байсан. Бүр “Ховдын ховдогууд” гэх нэр автлаа “нэрд гарсан”. Гэтэл ховдог гэж алдаршсан хүмүүс бараагүй гэхээр ямар их тавилга ирсэн нь ойлгомжтой. Бүр АСЕМ-ын талаар твиттер зэрэг цахим орчинд жиргэгчид хүртэл хятад тавилгаас хувь хүртсэн гэнэ. Барагдахгүй их тавилга байгааг яамны шинэ удирдлага ч анзаарсан. Шинэ сайд Ц.Мөнх-Оргил нь 200 ширхэг сэрүүцүүлэгч эмнэлэгт тараан “хөөрхөн” шоу хийгээд авсан ч дундарсангүй. Одоо Ховдынхон бараагүй энэ их тавилга ГХЯ-д гай болж эхэлжээ. Учир нь тэр тавилгыг хадгалахад төсвийн ихээхэн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. “Уран ган” компаний агуулахад халгалагдаж байгаа тавилгын хадлгалалтын төлбөрд сард 16 орчим сая төгрөг төлж байгаа гэнэ. Өдгөө хэдий хэмжээтэй үлдсэнийг нь мэдэх хүн байхгүй, ямар ч байсан маш их байгаа л хэмээн толгой сэгсэрч сууна. Анх хэчнээн хэмжээтэй ирсэнийг нь мэдэх хүн ГХЯ-ны экс ТНБД Ганухягийн нягтлан гэдэг. Гэсэн ч тэрээр даргаа дагаад Хятадад явчихсан. Өдгөө хэд ирсэнээс хэдийг нь “идээд тараагаад цацсаныг” нь тогтооё гэвэл энэ сонгуульт дөрвөн жилд дуусахгүй их хэрүүл тэмцэл болно. Төсвийн мөнгөөр хий дэмий хадгалж байхын оронд сургууль эмнэлэг зэрэг хэрэгцээт газар нь өгөх хэрэгтэй. Эсвэл яамны сайд дарга нар нь хандивын шоу хийгээд тараасан ч буруудахгүй.
НУУЦ.мн

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих