Монголын компаниуд БНХАУ-д их хэмжээний нүүрс хямд үнээр өгч байна

27356ea48ee98f82793e5a08f41e9246БНХАУ-ын Чинхуандао боомтод эрчим хүчний нүүрсний жишиг ханш хоёр жилийн дээд цэгтээ хүрч, 90 ам.долларыг даваад байна. БНХАУ-ын Засгийн газар дотоодын нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого баримталж эхлээд байгааг үл харгалзан үнэ ханш үргэлжлэн өсөх төлөвтэй байгаа аж. Шинжээчид шинэ бодлогын хүрээнд нүүрсний сарын нийлүүлэлт 10 хувиар өснө гэсэн тооцооллыг танилцуулж байгаа юм. Гэхдээ цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төмөр замын тээвэрлэлтэд саад учирснаар нийлүүлэлт доголдоод байна. “Хятадын төмөр зам” компани өнгөрсөн долоо хоногоос нүүрсний тээвэрлэлтэд илүү анхаарлаа хандуулж эхэлсэн нь үүнд бага зэрэг дэм болсон ч өсөн нэмэгдэж байгаа эрэлтийн улмаас зах зээлд нүүрсний үнэ үргэлжлэн хөөрөгдөж магадгүйг шинжээчид онцолж байгаа юм.
Мөн энэ жил Эль Нино үзэгдлийн улмаас БНХАУ-ын хойд бүс нутгуудад илүү хүйтрэх төлөвтэй байна. Иймд эрэлт урьд өмнөх жилүүдээс өндөр байна гэсэн хүлээлт бий болоод байгаа аж. Үүнтэй холбоотойгоор боомтууд болон нийлүүлэлтийн гол төвүүдэд эрчим хүчний нүүрсний үнэ өссөөр байна. БНХАУ-ын төв хэсгийн Женжоугийн биржид эрчим хүчний нүүрсний ханш түүхэн дээд түвшин болох 95 ам.долларыг даваад байгаа юм.

Эрчим хүчний нүүрснээс гадна коксжих нүүрсний ханшийн өсөлт энэ онд илүү эрчимтэй явагдаж байна. 2016 он гарсаар БНХАУ-ын зах зээлд дундаж ханш нь бараг гурав дахин нэмэгдэж, 250 ам.долларыг даваад байгаа ажээ. Томоохон олборлогчид 2017 оны I улиралд зах зээлийн нөхцөл байдал илүү дээрдэнэ гэсэн хүлээлтийг танилцуулж эхэлсэн юм. Тухайлбал, “Teck Resources”-ийн Дон Линдсей зах зээлийн төлөвийг маш эерэгээр үнэлжээ.

Хэдий тийм боловч БНХАУ-ын нүүрсний эрэлтийн дийлэнхийг хангаж байгаа Австрали, Монгол, Индонез зэрэг олборлогч улсын хувьд зах зээлийн сэргэлтээс харилцан адилгүй ашиг хүртэж байна. Ялангуяа Монголын нүүрсний жишиг бусад улсуудтай харьцуулахад 2-3 дахин хямд байгаа юм. Иймд дотоодын олборлогчид “нэг цонх”-ны бодлогоор экспорт хийж, олон улсын зах зээлийн үнэ ханшийн өсөлтөөс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг судлаачид онцолж байна.

А.Хатангоо
zuvsongolt.mn

URL:

Сэтгэгдэл бичих