Сангийн сайд бүлэг рүүгээ буруу чихэв үү?
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл чуулганаар хэлэлцэгдэхдээ нэлээд асуудал дагуулж байна.Аж ахуй нэгжүүд 20 тэрбумын орлоготой мөртлөө,19 тэрбумын зарлага гаргаж байгаа гэж тайлангаа гаргаад л энэ хөнгөлөлтөд хамрагдчих юм байна. Ингэж хавтгайруулах юм бол саналаа тат. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихгүй гэсэн байсныг та нар татварт ногдох орлого гэж өөрчлөөд оруулаад ирсэн байна гэж Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн юм. Ер нь бол Сангийн сайд Б.Чойжилсүрэнг зүсийг нь хувиргасан хуулийн төсөл оруулж ирлээ гэж бухимдсан гишүүд цөөнгүй байлаа. Ж.Энхбаяр гишүүн хэлэхдээ ”Сангийн сайд Б.Чойжилсүрэнд анхааруулга хэлмээр байна. Хоёр удаа намын бодлогыг унагаж, олон түмнийг бужигнууллаа. 2016 оны төсвийн тодотгол дээр цалин, тэтгэвэр, нийгмийн асуудалтай холбоотой юу болов. Өнөөдрийн татварын хууль. Шулуухан хэлэхэд ашиг сонирхолын зөрчилтэй хууль оруулж ирж намын бүлэг, УИХ-ыг эвгүй байдалд оруулж байна. Засгийн газар энэ асуудлаа дотооддоо ярилцаарай. Борлуулалтын орлого гэж анхны хувилбар дээр орж ирснийг санаж байна. Сонгуулиар ч бид ингэж ярьсан. Гэтэл өнөөдөр ашигт ногдох татвар нь 1.5 тэрбум буюу 100 тэрбумын орлоготой компани ч хөнгөлөлтөд хамрахаар оруулж ирсэн байна” гэсэн юм.
Нэг ёсондоо Сангийн сайдын оруулж ирж байгаа төслөөр бол том компаниуд ч хөнгөлөлт эдэлж, эхэлж яригдсан хуулийн ач холбогдлын тухай яриа хөөс болох магадлалтай байгаа юм. Эхлээд өгч байсан мэдээллүүдээр бол хуулийн төсөл батлагдсанаар 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн салбар татварын хөнгөлөлт эдэлнэ. Хэрэгжих хугацаа нь 2017.1.1-2021.1.1-ний хооронд гэж буй.
Гэтэл Сангийн сайд эхэлжболовсруулагдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд зориулагдсан байсан хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ ашигт ногдох татвар нь 1.5-аас ихгүй ААН-үүдэд үйлчлэхээр болж зүс нь хувирсан нь үнэхээр анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Ямартай ч тэгээд уг асуудлыг засгийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Сангийн сайд уг асуудлыг намын бүлэг рүүгээ чихэхээ бас мартаагүй. Хуулийн төслийг татах эсэхээ засгаар хэлэлцсэний дараа эргэж мэдэгдэнэ гэсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: