ТҮҮХЭН САНУУЛГА МЭТ…

14202538_1805365923042562_4333789984293196420_nДундад зуунд, бидний хэлдэгчлэн дотоодын дажин бутралын үед бичигдэж, тэр цаг үеэ тольдон, шүүмжилж асан бичлэг гэхэд энэ цаг үед юутай их аймсан таарч байна вэ. Мөр бүр нь ижилгүй мэт нийцэх аж… Үүнийг анзаарваас түүх давтагддаг гэх сэжиг эрхгүй төрнө.
“… Энэ цаг боловч (XVI-XVII зууны орчим)
Эрдэмгүй бардмууд
Энсэн гүйж, завшиж
Эрх зэрэг хүртээд
Дээшээ хөдөлгөн (авилгалдаж)
Дорогшоо гасалган (олныг зовоох)
Бузар журам барьж
Шударгыг муруйлган
Ариуныг бузарлан
Буруугаа далдлан
Биедээ омогшин
Нэгэн агшин зуур
Мянга түм хувилан
Барьсаар идэгч
Барс мэт хэцүү буюу…
Ердөө монгол бид
Их болхи омгоор
Гүжирлэн явсаар
Гөрөөс шувууны
Сүрэг мэт болсныг
Эрхэм ард
Энэ цагт
Заан засаж тавиваас
Ач үр
Нэгэн цагт
Тэнхэрч босох агсан ажгуу…”
“Алтан товч” судраас…
.
Ийм утга агуулга бүхий сануулгууд “Алтан товч” болон бусад судар номуудад олонтаа.
Тухайлбал,
“…Бие биеэсээ их омогт болбоос
Бие юүгээн барьюу…
Ухнын эврийг огло нудрав хэмээн
Улсыг бүү эвдэгтүн…”
Лу Алтан товч-оос
“…Үйлгүй тэнгэрийн хүйтэн сумнаас хатуу
Өвсгүй газрын хумхи өргөснөөс ширүүн
Санвааргүй тойн үнэн юмыг салхинд хийсгэюу
Төр үл мэдэх засаг ноёд уулнаас хүнд…”
Цагаан түүх-ээс
“… Өчүүхэн дураа барьж олон лугаа зохи
Үнэхээр нүүн нөгчих бие биш үү, их төрөө сахи…”
Шар тууж-аас
(Өөрийн эрх дурыг бүү өндөрт өргө, олны ашгийг эрхэмлэ, Их төрөө дээдлэн сахи)
Ийнхүү хэдий олонтаа сануулан байвч тэр цагт сэхээрэх дутаж, үнэн худал, хар цагаан, сайн муугаа ялгахаа байн үймэлдэж, худлыг үнэн хэмээн төөрч, гүжрийг ёс хэмээн дагаж, эдийг эрдмээс дээгүүрт өргөж, өөр өөрийнхөөрөө явцууран туйлшрах нь хэтэрч, жалгын нэг хуваагдаж, талын нэг тарснаас төд удалгүй Монгол төр харийн эрх сүр дор гудайж, харийн хууль ёсыг даган, уруудан доройдсан эмгэнэлт зуунууд эхэлсэн билээ…

.
“Алтан товч”-ийн эл мөрүүдийг орчин цагийнхны ойлгох хэлээр хөрвүүлбэл
“… Эдүгээ бидний цаг дор
Эд мөнгөтэй бардмууд
Элдэв арга заль хэрэглэн
Элбэж Нам хэмээн үгсээд
Эрх мэдэл, албан тушаалд хүрч,
Төрийг авилгалдан хувьчилж,
Түмнийг үгүйрүүлэн гасалгаж,
Худал хуурмагыг зөв хэмээж
Шударга хичээнгүйг хоцрогдсон хэмээж
Хууль ёсыг эрх, мөнгөөр дарж
Хударгагүй муугаа нууж,
Энэ бүхнээ чадаж буй хэмээн омогшиж
Нэгэн зуур ихэд бардамнах…
Улааныг үзэн урваж
Цагааныг үзэн шарваж
Түрэмгий бүдүүлэг явдлаа
Түгсэн ёс хэмээн зарлах,
Хор найруулж, гувчуулж завшихаа
Хорвоогийн жам хэмээн батлах,
Хийрхэж бүгдээр мунхаглахаа
Хэв ёст ардчилал болгон тулгах нь
Өтөг баасанд шавах
Өлөн батгана мэт хэцүү…
Энэ цагийн монголчууд бидэн
Ийм батганын үг, ёсоор
Элдэвлэн мунгинаж явсаар
Тэргүүнгүй сүрэг гөрөөс
Тэмтчин тэнүүчлэх мэт болсныг
Эрхэм мэргэд нь
Илчлэн зааж,
Засаж залруулж тавиваас
Ирэх нэгэн цаг дор
Элгэн Монгол минь
Бадран хөгжих ажгуу…”
.
Хэрэв энэ мэт явдал үйлээ засаж залруулж эс чадваас хувь заяа биднээс нүүр буруулна, хэрэв бид ухааран сэхээрч чадваас чухам мандал бадралийн суурь тэр буюу.
Б.Номинчимэд


URL:

Сэтгэгдэл бичих