Чингис хаан одонг хэн хэнд ямар гавьяаг нь үнэлж өгсөн бэ?
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар 2016 оны Чингис хааны одонт хамгийн залуу эрхэм боллоо.
Ингээд Чингис хаан одонг хүртэж байсан эрхмүүдийг он цагийн дараалалаар дэлгэрэнгүй танилцуулж байна.
2005 он
Пунсалмаагийн ОЧИРБАТ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар зарлигаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжvvлэх, гадаад харилцааг өргөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан. П.Очирбат “Чингис хаан” одон хүртсэн анхны хүн болов.
2006 он
Бямбасүрэнгийн ШАРАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 213 дугаар зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжvvлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бүтээснийг өндрөөр үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан.
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нь “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуутивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичжээ.
2009 он
Дашийн БЯМБАСҮРЭН
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавьяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан хүн юм.
2010 он
Раднаасүмбэрэлийн ГОНЧИГДОРЖ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 170 дугаар зарлигаар Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан.
ШУА-ийн гишүүн, Академич, шинжлэх ухааны доктор Ph.D, БНСУ-ын Инчоний Их Сургуулийн хүндэт доктор, Удирдлагын академийн хүндэт профессор, математикч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж нь Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг юм.
2011 он
Нацагийн БАГАБАНДИ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 164 дүгээр зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди нь өөрөө энэ шагналыг санаачлагч юм.
2012 он
Дамдины ДЭМБЭРЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар зарлигаар Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан.
Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, аймгийн МАХН-ын хороонд кабинетын эрхлэгч, аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, хэсгийн ахлагч, Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Улсын Их Хурлын даргын албыг хашиж байсан. 1990 оноос Улсын Бага хурлын гишүүн, 1992 оноос тасралтгүй 6 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм.
2013 он
Думаагийн СОДНОМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 174 дүгээр зарлигаар Тулгар төрийн 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орныхоо нийгэм эдийн засаг, гадаад харилцааны салбарыг өргөтгөн хөгжүүлэхийн төлөө нэгэн жарны турш зүтгэсэн нөр их хөдөлмөр, онцгой гавьяаг нь өндрөөр үнэлж, “Чингис хаан” одонгоор шагнасан.
2014 он
Хавтгайн НАМСРАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 138 дугаар зарлигаар Тулгар төрийн 2223 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 852 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эгэл бөөм квант орны онолын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны гарамгай бүтээл туурвин, “Намсрайн онол, аргачлал” нэр томьёог физикийн шинжлэх ухаанд оруулж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг үнэлж, “Чингис хаан” одонгоор шагнасан.
Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл туурвиж дэлхийн олон оронд хэвлүүлсэн, мөн олон зуун залуу эрдэмтэн, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан эгэлгүй багш хүн юм.
2015 он
Гомбожавын Мэнд-Ооёо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 173 дугаар зарлигаар Тулгар төрийн 2224 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 853 жил, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг монгол уран сэтгэмжээр баяжуулан, үндэсний соёлоо өвлөн уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг үнэлж, “Чингис хаан” одонгоор шагнасан.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн бөгөөд яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгали, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг юм.
Б.Алтжин
Эх сурвалж:Zindaa.mn
Линк: http://news.zindaa.mn/1uyh
URL: