1476 оны энэ өдөр туркүүдтэй тулалдах үед Влад Дракула алагджээ
III Влад буюу Влад Цепеш (Шороор шорлогч Влад) хэмээх Влад Дракулагийн тухай сонсоогүй хүн гэж үгүй болов уу. (Дракулаг “луугийн хүү” эсвэл “чөтгөрийн хүү” гэж ч орчуулж болно). Цепеш буюу “Шороор шорлогч” хэмээх алдрыг өстөн дайсан, харьяат нараа шорлон хороодог байсны учир хүртсэн гэдэг. Тэрбээр Туркийн эсрэг дайныг оройлон манлайлагч байжээ.
Хэдийгээр латины “dracus” буюу луу, чөтгөр гэдэг үгнээс үүсэлтэй румын хочтой байсан хэдий ч Дракула секе буюу румыны унгар үндэстэн байсан аж. Түүний эцэг 1431 оноос хойш эзэн хаан Люксембургийн Сигизмундын байгуулсан рыцариудын элит Луугийн бүлэглэлийн (1408 онд байгуулагдсан) гишүүнээр элссэн тул Дракула (луугийн хүү) алдрыг хүртсэн аж. Тус бүлэглэлийн гишүүд хүзүүндээ лууны дүрстэй медаль зүүх эрх эдэлдэг байж. III Владын эцэг нь энэхүү тэмдгийг зүүхээс гадна өөрийн зоосон мөнгөн дээр лууг товойлгон дүрсэлж гадна босгосон сүм хийдийнхээ ханан дээр мөнхөлдөг байжээ.
НАМТАР ТYYХ
Влад Цепеш Трансильванийн жижигхээн Сигишоар хотод 1431 оны XI буюу XII сард мэндэлжээ. 13 настайдаа валах, унгар, славоны армийг Туркийн цэрэг Варнагийн дэргэд бут ниргэхийг үзсэн бөгөөд тулааны дараа барьцаалагдан Туркт дөрвөн жилийг өнгөрөөсөн гэдэг. Чухамхүү энэ дөрвөн жил III Владын мэдрэл, сэтгэл зүйг хэвийн бус болгоход нөлөөлсөн гэж үздэг. Yүнээс хойш маш хачирхалтай дадал зуршил, санаа бодолтой туйлын тогтворгүй хүн болсон хэмээн түүний тухай түүх шастирт өгүүлсэн байдаг. Хүү 17 настайдаа аав болон том ахыг нь урвагч ноёд хуйвалдан хороосныг мэджээ.
Туркүүд түүнийг чөлөөлж хаан ширээнд суулгасан боловч хэдэн жилийн дараа мөн л үймээн самуун дэгдсэний улмаас нутгаа орхин оджээ. Цепеш нь Молдав дахь холбоотныдоо толгой хоргодон байсан авч дөрвөн жилийн дараа бас л самуун дэгдсэнээс Молдавыг захирагч холбоотон нь алагдав. Цепеш Унгар руу зугтаан Трансильванид дахин дөрвөн жилийг өнгөрөөжээ. 1456 онд 25 настайдаа тэрбээр унгар болон валахын ноёдын дэмжлэгтэйгээр дахин хаан ширээнд заларчээ. Түүнийг хаан ширээнд залрах үед захиргаанд нь 500 мянга орчим харьяат байсан боловч зургаан жил хаанчлах хугацаанд нь (1456-1462 он) түүний шууд даалгавраар 100 мянга илүү албатаа устгаж орхисон гэдэг.
Тэрээр төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхийн тулд “том толгойтой” ноёдтой эрслэн тэмцсэн байна. Yүний тулд чөлөөт тариачид, хотынхныг зэвсэглэн, гадна дотны дайсантайгаа тулалджээ. 1461 онд Туркийн султанд татвар төлөхөөс татгалзсан байна. Дараа жил нь II Мехмед султаны толгойлсон Туркийн армийг довтлон орж ирэхэд нь тулалдсанаар буцаан ухрааж чадав. Хожим 1476 онд дахин гурав дахиа хаан ширээнд заларсан ч тун удалгүй ноёддоо хорлогдсон гэдэг. Xү зууны үеийн өөр нэг домогт өгүүлснээр нэгэн тулалдааны үеэр түүнийг турк хүнтэй эндүүрэн бүслэн хааж жадлан хороосныхоо дараа алдаа эндүүрэл гаргаснаа мэдэн ихэд харамсацгааж байсан гэх.
Хэрвээ үнэхээр тийм зүйл тохиосон бол яагаад өөр рүүгээ довтолсон таван ч дайснаа сэлэмдэн унагааж амжсан хэрнээ бусдад нь танай эзэн ноён чинь байна гэдгээ ойлгуулж амжаагүй хэрэг вэ? Яагаад “гашуудан халагласан” нутаг нэгтнүүд нь алагдсан хаантныхаа толгойг тасдан муутгахгүйн тулд зөгийн баланд хадгалан Туркийн султанд илгээдэг билээ? Түүний дайчин зоригийг хүндэлснээс тэр үү? Эсвээс султанд нэр нүүр олох гэж энэ үү?
ДРАКУЛАГИЙН ХАРГИСЛАЛ
III Влад Дракула нь улс орноо айдас хүйдэст барьж, европын хаад эздийг түүнтэй цэргийн хэлхээ холбоо тогтоохоос өөр аргагүй байдалд оруулж байсан хосгүй харгис хэрцгийллээрээ алдаршсан нэгэн. Тэрбээр хэн нэгнийг өчүүхэн шалтаг далимаар төдийгүй огт шалтгаангүйгээр аймшигтай эрүү шүүлтэнд оруулдаг байж. Балчир хүүхдүүдийг ч хороохоос буцдаггүй нэгэн байв. Дракулаг засаглаж байх үед олон харьяат албат нь айдсаасаа үүдэн Валах нутгаасаа зугтаасан гэдэг. Тэд хөрш улс орныхоо хаадад олонтаа хандан цуст дарангуйлагчтай дайтан түлхэн унагаахыг хүсэн гуйж байж. Ялангуяа жүүдүүдийн байдал туйлын хүнд байжээ. Гэвч Дракула нь Турктэй хийх дайнд үнэтэй чухал холбоотон хамтрагч байсан тул харьяат нар нь хэрцгийллийг нь үргэлжлүүлэн тэсвэрлэхээс өөр аргагүй байдалд орж.
Дракулагийн дуртай эрүү шүүлт нь шорлож алах болон дөрвөн мөч, толгойг нь таслах, амьдаар нь шатаах явдал. Тэрбээр бүхэл бүтэн гэр бүлийг гэр оронд нь амьдаар нь шатааж байсан удаатай. Мөн Туркийн элч нарыг түүний өмнө малгайгаа авахаас татгалзсаных нь төлөө малгайг нь толгойд нь хадаасаар хадахыг тушаасан гэж байгаа.
Түүний нэгэн хачирхалтай зуршил бол цаазын газарт буюу тулалдаан болсны дараахан тэр газарт унд уух дуртай байсан явдал. Тэрбээр хоол болон ширээ авчрахыг шаардаад үхэгсдийн дунд буюу шорлуулан тарчилж буй хүмүүсийн дэргэд хооллодог байжээ. Тэр үеийн Валахын нийслэлийн оргилуурт булгийг алтаар хийсэн байсан хэдий ч хэн ч зэрлэгээр хороогдохоосоо эмээгээд хулгайлж зүрхэлдэггүй байсан гэх домог ч бий.
Валахад ирсэн гадаадын худалдаачны мөнгө зоосыг хэн нэгэн хулгайлсан хэрэг гарчээ. Тэрбээр Цепешэд гомдол гаргаж. Хулгайлсан этгээдийг хайн баривчилж шорлон тарчлааж байх зуур Цепешийн тушаалаар худалдаачинд нэг зоосоор илүү түрийвчийг нь эргүүлэн олгожээ. Худалдаачин үүнийг мэдээд Цепешэд илүү зоос буйг хэлэв. Гэтэл тэрбээр учиргүй хөхрөн инээгээд “Сайн байна. Хэрвээ үүнийгээ хэлээгүй бол хулгайчтайгаа хамт чи шорлуулах байсан юм” гэж. Мөн улс орондоо үгээгүй гуйлгачин олон байгааг мэдээд тэднийг цуглуулан цадтал нь хооллосны дараа “Энэ зовлон зүдгүүрээс үүрд салахыг хүсч байна уу” хэмээн асуужээ. “Тийм” гэсэн хариу сонсоод байшингийн бүх үүд хаалга, цонхыг хааж битүүлээд бүгдийг нь амьдаар нь шатааж орхисон гэдэг.
Мөн нууц амраг нь Цепешийг хуурахыг оролдон өөрийгөө жирэмсэлсэн гэж ярьжээ. Цепеш түүнийг хууран мэхлэхгүй байхыг сануулсан хэдий ч тэрбээр хэлснээ давтаад байж. Тэгэнгүүт түүний гэдсийг нь хүү татаж орхиод “Би чамд худлаа хэлэхэд дургүй гэдгээ хэлээ биз дээ” хэмээн хашгирч байсан гэх домог ч бас бий.
ДРАКУЛАГИЙН УРАН ЗОХИОЛ БА ДЭЛГЭЦИЙН ДYР
Дракулагийн хаанчлал тэр цаг үеийнхэндээ гүнзгий нөлөөлсөн тул румынчууд болон хөрш ард түмнүүдийн аман зохиолд эрхгүй мөнхлөгджээ. 1460-аад онд Унгарын Матвей Корвин вангийн дэргэд байсан М.Бехаймын яруу найраг болон “Нэгэн агуу тамлагчийн тухай” хэмээх германы элэглэл ч бидний үед ирсэн байдаг. Румынд Цепешийн тухай янз бүрийн домог элбэг.
III Влад нь насан эцэслэснийхээ дараа уран зохиолын баатар болсон аж. ХХ зууны эхээр Брэм Стокерийн “Шөнийн хүүхдүүд”, “Вампир (Дракула гүн)” роман гарч улмаар Германы “Носферату: Айдсын симфони” кино гарснаар “Дракула гүн” нь вампирын уран зохиол, кино урлаг дахь хамгийн санаанд гүнзгий үлдсэн дүр төрх болсон билээ. Мөн компьютер болон видео тоглоомд олонтаа ашигладаг.
Влад Цепеш болон Дракула гүнгийн хоорондох хэлхээ холбоо нь зохиолч Брэм Стокер Цепеш үхсэнийхээ дараа вампир болсон гэсэн домогтой холбоотой аж. ХХ зууны дунд үеэс алдарт “вампирын” булш бунхан руу эрэлчин жуулчид тасралтгүй цуврах болсон байна. Тиймээс цуст дарангуйлагчид эрүүл бусаар татагдаж буй гаж явдлыг таслан зогсоохын тулд эрх баригчид булшийг нь нүүлгэн шилжүүлсэн аж. Одоо Влад Дракулагийн булш хаана буйг хэн ч мэддэггүй.
А.Хатангоо
zuvsongolt.mn