“Голден Стэйт” ба бусад нь

195233-28102016-1477635733-1744025206-ZGM1NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал лхагва гарагт эхэллээ. Онцлох зүйл арвин, харах юм ихтэй болохоор энэ улирал спорт сонирхогчдын анхаарлыг гойд татаж байна. Сагсан бөмбөгийн тоймчид шинэ улирлыг “Голденй Стэйт” ба бусад нь гэж тодорхойлсон нь санамсаргүй хэрэг биш. Учир нь энэ баг дэндүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй болсон тул бусад нь тэдний хажууд сонирхогчийн баг мэт харагдах болжээ.

“Дайчид” өнгөрсөн улиралд 73 хожил авч, 1996 онд М.Жордан тэргүүтэй “Чикаго”-ийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн. Гэтэл угаас хүчирхэг энэ баг дээр нь нэмээд лигийн нүүр царай болсон шилдэг тоглогч К.Дюрантыг элсүүлээд буй. Байрлал бүртээ супер ододтой, маш сайн сэлгээтэй, чадварлаг дасгалжуулагчаар удирдуулсан болохоор “Голден Стэйт”-ийг энэ улирлын аварга багаар шууд тодруулахад буруудахгүй мэт.

41 орны 113 гадаад тамирчин NBA-д тоглох нь шинэ рекорд

Гэхдээ тэд цаасан дээр хүчирхэг харагдаж буй ч сунайсан урт улирал болоод хатуу ширүүн плей-оффт хэрхэн тоглохыг таамаглахад эрт. Өчигдөр л гэхэд нээлтийн тоглолтод талбай дээрээ “Сан Антонио”-д 30 шахам оноогоор ялагдаж, олныг гайхашруулаад авав. Дийлдэшгүй гэгдсэн супер баг ингэж доройтно чинээ хэн санах билээ.

Гэхдээ улирал дөнгөж эхэлж байна. Тэд цаашлах тусам улам чангарч, бүсээсээ нэгдүгээр байраар плей-оффт шалгарах нь бараг тодорхой. Харин үүнээс цааш хэрхэхийг тухайн үед ярилцах нь зүйтэй болов уу.

“Уорриорс”-ын гол өрсөлдөгчөөр “Кливленд” нэрлэгдэж буй. Тэд сүүлийн хоёр жил дараалан финалд таарч, биесээ ээлжлэн хожоод буй. Хэрэв энэ улиралд дахин шувтаргын тулаанд үлдвэл хоёр баг гурван жил дараалан аваргын цом булаалдсан анхны тохиолдол болох аж. “Кливленд”-ийн хувьд нэг давуу тал байгаа нь хоорондоо ойлголцохгүйн зовлон алга. Яг энэ багаараа гурав дахь жилдээ тоглож буй тул биесээ дэндүү сайн мэддэг болсон. Чухам энэ чанар нь өнгөрсөн улирлын финалд тод харагдсан юм.

Шинэ улирлын зарим онцлогоос сонирхуулбал, энэ жил 41 орны 113 гадаад тамирчин лигт хүчин зүтгэхээр болжээ. Энэ нь бүх цаг үеийн дээд амжилт юм. Мөн сагсан бөмбөг даяаршиж, дэлхий нийтэд жигд хөгжиж буйн илрэл боллоо. Тивээр нь ангилбал, Европоос 61, Африкаас 14 легионер байна. Харин канадчууд 11 төлөөллөө NBA-д илгээсэн үзүүлэлтээр бусад улсыг өнгөллөө. “Юта Жазз” гадаадын долоон тоглогч­той улирлыг эхлүүлж, хамгийн интернациональч багаар тодров.

Баг бүр уламжлал ёсоор 82 тоглолт хийх тул хуваарь нэлээд шахуу байдаг. Энэ жилийн хувьд зарим баг тав хоногт дөрвөн тоглолт хийх хуваарь хүртэл гарчээ. Иймэрхүү шахуу хуваарь багуудын нөөц бололцоог бүрэн утгаар нь шавхах учиртай. Жигд бүрэлдэхүүнтэй, сэлгээ сайтай баг л урт удаан аялан тоглолт, шахуу хуваарийг ажралгүй давж чадна. Харин ганц, хоёрхон хүнээс хэтэрхий хамааралтай бол хэцүүдэх нь мэдээж.

Лигийн удирдлагууд олон улсад хүрээгээ тэлэхийн тулд улирлын зарим тоглолтыг хилийн чанадад хийдэг болоод хэдэн жилийг үджээ. Энэ улиралд “Денвер”-“Индиана” багууд нэгдүгээр сарын 12-нд Лондон хотноо тоглоно. Мөн нэгдүгээр сарын 12, 14-нд Мехико хотноо хоёр тоглолт болох тов гарчээ. Тухайн орны иргэдийн хувьд энэ нь шилдэг сагсчдын тоглолтыг дэргэдээс нь үзэх алтан боломж юм.

Сүүлийн үед NBA-д Европын багууд нэмэгдэн орж магадгүй гэсэн яриа дуулдах болсон. Тэгвэл энэ асуудал ойрын үед хэрэгжих боломжгүй гэдгийг лигийн дэд ерөнхийлөгч Х.Буэно хэлжээ. Тэрбээр “Сагсан бөмбөг дэлхий нийтийн спорт болсон. Бүх л оронд энэ спортоор хичээллэж байна. Бид энэ даяаршлыг дэм­жих нь зүйтэй. Гэхдээ одоогоор Европын багуудыг NBA-д оруу­лах төлөвлөгөө алга” гэсэн байна.

Дашрамд сонирхуулахад, 2016-2017 оны улирал дөрөв­дүгээр сарын 12-нд өндөрлөж, үүнээс гурав хоногийн дараа плей-офф эхэлнэ. Харин Бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 19-нд Нью-Орлеан хотноо явагдахаар болжээ.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих