Төрдөө хандах АН, МАН хоёрын АСАР ТОМ ЯЛГАА

АН_МАНТөр төмбөгөр, ёс ёмбогор. Төрийн хүний үйл хөдлөл алдаагүй байхын зэрэгцээ хандлага нь зөв, чин сэтгэлийнх байх учиртай. Тэгвэл АН болон МАН-ын төрдөө хандлах хандлагын тухайд харьцуулбал ямар дүр зураг харагдах бол оо. “АН засаглаж чаддаггүй” гэсэн үг хаанаас эхлэлтэйг мэдэхгүй ч 2012-2016 оны хооронд энэ үгийн үнэн утгыг бэлээхэн нотлон харуулсан гэхэд болно. Тэдэнд төрийн эрх барих хэмжээний зангараг, төлөвшил, сэтгэлзүй, ёс зүй бүрэлдээгүй байж. Дүгнэлт нь дараах зураг.


Энэ хоёр эрхэм бол нэг нь УИХ-ын дарга асан З.Энхболд, нөгөө нь УИХ-ын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Х.Баттулга. Нэг нь нөгөөдөө хуулийн төсөл өргөн барьж байгаа үеийн гэрэл зураг. Төрдөө, ажил үүрэгтээ, бие биедээ хандаж буй маш олон хандлагын илэрхийллийг эндээс харж болохоор байна. Хамтдаа анзааръя. Юун түрүүнд, энэ хоёр хүний хоорондын мөчөөрхөл. Нэг нь нэгийгээ үл хүндэтгэж, үл тоож байгаа жишимгүй байдал тод харагдаж байна. АН-ын лидерүүдээс бүгдээс нь ийм янз байдал илэрдэг учраас үүнийг сүртэй зүйл биш гээд орхиё. Нэг нэгнээ хүндлэх нь байтугай хүлээн зөвшөөрдөггүй олон улстөрч тус намд энэ хоёроос гадна нэжгээд бий учраас. Гэвч төрийн ёсонд бол энэ хоёр эрхэм нэг нь УИХ-ын дарга, нөгөө нь УИХ-ын гишүүн. Тийм учраас хувийн, эсвэл намын доторх мөчөөрхөл энэ тохиолдолд үйлчлэхгүй, илрэхгүй байх учиртай байсан. Х.Баттулга З.Энхболдыг хувь хүнийх нь хувиар бус, УИХ-ын даргынх нь хувиар хүндэтгэж байгаа, хүлээн зөвшөөрч байгаа ямар ч тэмдэг, илэрхийлэл энэ зурагт алга.

Эсрэгээрээ З.Энхболд хуулийн төсөл өргөн барьж байгаа УИХ-ын гишүүнийг ингэж үл тоох нь ёсонд хазгай. УИХ-ын даргаар ажиллаж буй хүний хувьд энэ зэргийн ёсыг мэдэхгүй байна гэж үгүй. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас санаатай үйлдэл байх магадтай. Х.Баттулгад болоод өргөн барьж буй хуулийн төсөлд нь хандах өөрийн байр сууриа хэр хэмжээнд байгааг илэрхийллээ гэж ажиглаж ч болохоор мэт. З.Энхболд үүгээрээ үнэхээр төрийн түшээг үл тоож, ихэмсэг ихэрхүү зангаа илэрхийлсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ нь ёстой л хүнд нь тааруулж харьцсан гэдэг шиг тохуутай байдлыг бий болгожээ.

Нөгөө талаар энэ хоёр хүнд төрийн алба үүрэг, хууль төсөлд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж байгаа янз төрх нэг ширхэг ч илэрсэнгүй. Өргөн барьж буй хуулийн төслийг хурууныхаа үзүүрээр өгч авалцаж буй яг л энэ дүр зургаар ажилдаа, төрдөө ханддаг мэт. Үгнээс түрүүнд үйлдэл гэдэг дээ. Өргөн баригдахаасаа эхлээд л ийм хандлагаар хандсан энэхүү хуулийн төслийн хувь заяаг бодоход ч харамсалтай. З.Энхболд энэ хуулийн төслийг сөхөж ч харахгүй байх магадлалтай. Эсрэгээрээ энэ хоёр хүний хайхрамжгүй, гарын үзүүр төдийгөөр хандаж буй энэ хуулийн төсөл эргээд ард түмний ажил, амьдрал, хувь заяанд нөлөөлнө гэж бодоход эмгэнэлтэй. Тэд төрийн ажилд ингэж л хайхрамжгүй, хариуцлагагүй ханддаг байжээ. Ингэж хандсан хойно төрийн ажлыг унагааж, уруудуулсанд нь гайхах ч шаардлага алга. Аливаа бүхэн зүй тогтол, учир шалтгаантай.

Энэ бол мөн л хуулийн төсөл өргөн барьж буй өнөө үеийн зураг. Нэг нь УИХ-ын дарга М.Энхболд. Нөгөө нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн. Дээрх зурагтай харьцуулахад энд сайшаахуйц дүр төрх харагдаж байна. Албан тушаалын эрэмбэ дараа, хүндэтгэл, хуулийн төсөл, тэр дундаа төрийн ажилдаа хандаж буй хариуцлагатай, ёс зүйтэй, хичээнгүй янз байдал энэ зурагт хангалттай илэрхийлэгджээ. Энд ямар ч мөчөөрхөл, эсвэл нэг нэгнээ үл тоосон, үл анзаарсан шинж алга. Сангийн сайд Б.Чойжилсүрэний хувьд М.Энхболдыг УИХ-ын даргынх нь хувьд хүндэтгэн, илүү бөхийсөн байдалтай, харин М.Энхболд нөгөөгөө бодвол бага зэрэг бөхийсөн байна. М.Энхболдод ихэрхэл алга. Төрийн ёсонд хувцаслалт, үсний засалтаас эхлээд үйл хөдлөл жижиг гэлтгүй бүх зүйл утга учрыг илэрхийлж байдаг. Энд төрийн ёсны хэм хэмжээ, зэрэг зиндаа ямар байх ёстойг илэрхийлээд зогсохгүй тэдний ажилдаа хандаж буй хандлага, хариуцлагыг давхар илтгэж байна. Өргөн барьж буй хуулийн төсөлд ямар их ач холбогдолтой, гүн хүндэтгэлтэй хандаж байгаа нь тэдний харц, хоёр гараараа атгасан байдлаас хүртэл илт анзаарагдах аж. Энэхүү зургийг ийн задалж, анзаарч буй нь М.Энхболд, Б.Чойжилсүрэн гэх хоёр эрхмийг онцолсон ямар нэг магтаал биш юм. Харин төр хийгээд төрийн ажилд ямар ялгаатай хандаж байна вэ гэдгийг л жишиж, харьцуулах боломжийг энэ гэрэл зургууд бидэнд олгож байна.

Д.Ирээдүй

zindaa.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих