“Тэнүүн Огоо”-гийн тэнгэрт тулсан баян захирал хэвлэлүүдийг хуулийн байгууллагын захиалгаар бичдэг гэх нь үү?
Нийтийн тээврийн салбар гэдэг бол нийгмийн захиалгат үйлчилгээ гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Тиймээс ч энэ салбарт ажиллаж байгаа улсын ч бай, хувийн ч бай компаниудын үйл ажиллагаа иргэн бүхэнд хамаатай асуудал байдаг. Тэдгээр компаниудтай холбоотой хууль журам зөрчсөн асуудлууд гарлаа гэхэд анзаарч харах ёстой байгууллагууд болох Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн удирдлагаас хариуцлага асууж байдаг билээ.
Тэгвэл нийтийн тээврийн салбарт арваад жил үйл ажиллагаа явуулж байгаа “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг гэж нөхөр улсыг дэмжихгүй байна, бүтэхгүй байна гэж хэлж ярьдаг хэрнээ дэмжээд өгөхөөр нь өөрөө асуудал гаргаад байдаг хачирхалтай нэгэн. Анх долоон хувьцаа эзэмшигчтэй байсан компани томрохын хэрээр гол хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирлын алба хашдаг А.Ганхуяг нь бусад хувьцаа эзэмшигчээ нэг нэгээр нь шахаж гаргасан гэгддэг.
Түүний талаар өнгөрсөн хугацаанд таагүй мэдээллүүд хэвлэлээр нэлээд гарсан. Түүнчлэн хуулийн байгууллагаас ч түүнийг шалгаж байсан. Харин тэрбээр саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо анхаарал татсан зүйлийг хэлж ярина лээ. Юу гэхээр хуулийнхан хүнийг шалгаж асуудалд оруулахаасаа өмнө хэвлэлээр баахан муу муухайг нь дуудуулж бичүүлдэг юм байна лээ гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Тэгэхээр ноён А.Ганхуягийн тухайд Монголын хууль хяналтын байгууллага хэвлэлийнхэнтэй сүлжээтэй ажилладаг бололтой юм.
Ямар ч байсан түүний талаар хэвлэлд гарч байсан мэдээллүүдээс анхаарал татдаг нь автобусны нөхөн олговорын луйврын эзэн гэх мэдээлэл байдаг. Нөхөн олговор олгох программыг зохиосон нөхөд нь Нийтийн тээврийн газрын мэдээлэл технологийн хэдэн ажилтан бөгөөд“ТэнүүнОгоо” ХХК-д зориулж программ дээр нь нөхөн олговорын гүйцэтгэлийн хувийг автоматаар өөрчилж өндөр гаргадаг код оруулсан байх магадлал өндөр байгаа гэх мэдээлэл тухайн үед assa.mn сайтад нийтлэгдэж байв. Тэрбээр сэжиглэгдэж байсан хэрэгтээ мэдүүлэг өгөхдөө “Манай компани МТ-150 станц зүүгээгүй” гээд гэдийгээд сууж байсан гэдэг.
За мөн тэрбээр Монголд хийж байгаа Экобусыг нийтийн тээвэрт явуулахгүйгээр Солонгосоос хуучин автобус оруулж ирж, будаж шунхдаад явуулдаг. Тэгээд болоогүй автобусны жолооч, кондукторуудынхаа цалин мөнгийг өгөхгүй унждаг, өглөө гэхэд шүлс шиг юм өгдөг талаар ажилчид нь хэлж ярьсан байдаг. Ажилчид нь цалингаа хэд хэдэн өөр өөр компаниудаас авдаг. Энэ нь дараа нь тэтгэврээ тогтоолгох гэхэд нь их хүндрэл учруулдаг гэцгээсэн байдаг.
Зайсанд байрладаг гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх дотроо лифттэй хаусаараа шар хэвлэлд гангарч гарсан тэрбээр өдгөө телевизээр их л томрох болж. Монголын нийтийн тээврийг хөгжүүлэх гээд байхад ингэж хааж боогоод байвал яршиг зүгээр яваад өгье, очоод Улан-Үдийн нийтийн тээврийг хөгжүүлчихье гэж ярьж байгаа юм. Тэгвэл тэгнэ л биз дээ. Хэн тэрийг боль гээд байгаа юм. Эхлээд ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн асуудал дээр анхаарсан шиг анхаарчихаад дараа нь тийм юмаа ярьвал зүгээр дээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: