Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 92 ХҮҮХЭД АМИА ХОРЛОЖЭЭ

30БСШУСЯ-аас сургуулийн орчин дахь болон цахим гадуурхлыг зогсоох зорилгоор “ЦАХИМ ГАДУУРХАЛ ЦААШАА” уриан дор үндэсний хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ”2012-2016 онд насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорложээ. Энэ бол гадуурхалтын эсрэг дуугарах цаг болсон, энэ ажлаас нэг өдөр ч хойш сууж болохгүй гэдгийг харуулж буй тоон үзүүлэлт юм.

Гадуурхагдаж буй хүүхэд өөртөө итгэлгүй болж, хичээл сургуульдаа явахаас цааргалах цаашлаад амиа хорлох хүртэл дарамтыг хүлээн авч байна. Хүүхэд гадуурхагдаж байгаагаа аав ээждээ, багшдаа хэлдэггүй, өөрт нь тулгарч буй бэрхшээлээ зөвөөр даван туулах мэдлэг байхгүй учраас амь нас, эрүүл мэндээ хохироход хүрч байгаа юм.

Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөлтэй. Ер нь цахим орчин дахь гадуурхал бүр замбараагаа алдчихаад байгаа.

Тиймээс “Цахим гадуурхал цаашаа” уриан дор эхэлж буй хөтөлбөр нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй сошиал медиа орчинд өрнөж буй цахим амьдрал, интернетийн зөв хэрэглээ рүү чиглэнэ” хэмээн ярилаа.

Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг нийт дуудлагын 70 орчим хувь нь тусламж хүссэн агуулгатай байдаг байна. Тусламж хүссэн хүүхдүүдийн 40 гаруй хувь нь цахим орчинд гадуурхагдаж байгаагаа илэрхийлдэг ажээ.

НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар “Эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгээс яриагаа эхлэе. Бие болоод сэтгэл санааны хувьд эрүүл, эрхтэн бүрэн хүнийг эрүүл хүн гэнэ. Бидний ирээдүй болсон хүүхдүүд эрүүл саруул өөртөө итгэлтэй байхын тулд сэтгэл зүйн талаасаа бүрэн бүтэн байх ёстой. Сэтгэл зүйн хувьд эрүүл байхад суурь хүмүүжлээс гадна орчны нөлөөлөл чухал.

ЕБС-ийн суралцдаг 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийж байжээ.

НЭМХ-ээс 2010, 2013 онуудад хийсэн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-наас үзэхэд, дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна.

Цахим орчин, тухайн орчинд ажилладаг ухаалаг төхөөрөмжүүд маш олон эерэг өөрчлөлтийг авчирч байгаа. Гэхдээ бас сөрөг нөлөөллийг ярьж, түүнээс үр хүүхдээ хамгаалах шаардлага тулгарлаа. Нийгмийн сүлжээнд тархсан мэдээлэл ам алдвал барьж болдоггүй гэдэг шиг л маш их хурдтайгаар тархаж байгаа нь хамгийн том асуудал болоод байна” гэлээ.

Хөтөлбөрийн нээлтээр улсын хэмжээний бүх ЕБС-иудад “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт хичээл орж, сурагчдыг бие биендээ хүндэтгэлтэй хандахыг уриалах ажээ.

Сургуулийн орчин дахь болон цахим гадуурхлыг зогсоох зорилготой уг хөтөлбөрийг дэмжиж ЭМЯ, НЭМХ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спорт хөгжлийн газар, ЮНИСЕФ, “Дэлхийн Зөн” ОУБ, Хүүхдийг Ивээх Сан, “Үндэсний Өгөх Өдөр Хөдөлгөөн”, “Оюунлаг Монгол Хүн” ТББ зэрэг байгууллагууд оролцож байна.


URL:

Сэтгэгдэл бичих