Энэтхэг босс ажилтнууддаа 1,260 машин, 400 орон сууц бэлэглэжээ

29Энэтхэгийн баруун эргийн Сурат хотын алмааз эрдэнэ экспортлогч компанийн эзэн Савжибхай Долакиа өчигдөр ажилтнууддаа 1,260 автомашин, 400 орон сууц бэлэглэж байгаагаа зарлажээ.

Ирж буй амралтын өдрүүдэд тохиох Хинду шашинтнуудын Дивали баярыг угтаж ийнхүү ажилтнуудаа баярлуулсан байна.

Харе Кришна Экспортс компанийн эзэн Долакиа “Бидний зорилго бол ирэх таван жилийн дотор бүх ажилчдаа орон гэр, унах унаатай болгох” хэмээн AFP агентлагт ярьжээ.

Уг шагнал нь ажилтан бүрийн өнгөрсөн таван жилийн хугацаанд гаргасан зүтгэл, тогтвортой байдлыг үнэлж байгаа хэрэг гэнэ.

Тус компани нийт 5,500 орчим ажилтантай. Энэтхэгт ажил олгогч нь Дивалиг тохиолдуулан ажилчиддаа бэлэг өгдөг ч голдуу хайрцагтай чихэр, амттан төдий байдаг аж.

Харин Долакиа 2012 онд анх гурван ажилтандаа автомашин бэлэглэснээс хойш жил бүр ийнхүү үнэтэй бэлэг өгч хүмүүсийн анхаарлыг татдаг болжээ.

2014 онд тэр 491 автомашин, 207 байр бэлэглэж байсан юм. Өмнө нь бэлэг хүртсэн ажилчид дараагийн шалгаруулалтад ордоггүй юм байна.

Түүний компани нь Энэтхэгийн алмаазын худалдааны төв Сурат хотын тэргүүлэх алмааз засвар, өнгөлгөөний компаниудын нэг бөгөөд дэлхийн 75 оронд бүтээгдэхүүнээ гаргадаг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian

 


URL:

Сэтгэгдэл бичих