Л.Лувсандэмбэрэл: Бөмбөгдөгч онгоцны шуугиан дунд бэлтгэлээ хийдэг байлаа

judo (7)Жүдо академийн багш, дасгалжуулагч Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэлтэй ярилцлаа.

-Танд Дэлхийн жүдочдын өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Монголын уе үеийн жүдочид, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн бүх тамирчдадаа баярын өдрийн мэнд хүргэе.

-Та жүдо бөхийн спортод анх хэдэн онд хөл тавьсан бэ?

-1983 онд. Спортын төв ордны жүдо бөхийн дугуйланд Гансүх багшид шавь орсон. Тухайн үед жүдо, самбо бөхийн спорт Монголд эрчимтэй хөгжиж, хүүхэд залуучууд энэ спортод ид шимтэж байлаа. Би Төмөр замын унаган хүү. Намайг жаахан байхад “Бөхийн гайхамшиг” гээд орос кино ёстой л шуугиан тарьж байв. Манай байрны миний үеийн бацаанууд киноны үйл явдлуудыг дууриан ноцолддог байсан. Энэ кино намайг жүдо бөхийн спорт руу ороход нөлөөлсөн юм.

-“Бөхийн гайхамшиг” киноны жүжигчдийг даган дууриадаг байсан хүүд бөхийн дугуйланд анх бэлтгэл хийхэд ямар санагдаж байв?

-Би Гансүх багш дээр 30 кг жинтэй хүүхэд очиж байлаа. Анх бэлтгэл дээр хөлийн тавилт, мэх давталтыг маш олон хийлгэнэ. Багш дээр таван жил бэлтгэл сургуулилт хийгээд 1988 оны өсвөр үеийнхний УАШТ-ий 53 кг-д түрүүлсэн. Мөн 1990 оны залуучууд, 1991 оны насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн дээ.

-Нэг их удаагүй шигшээ багт орсон байх аа?

-Тэгсэн. 1988 онд шигшээ багт ороход миний барилддаг 60 кг-ын жинд олимпийн наадамд хоёр удаа оролцсон Нямжав, ОУХМ Эрдэнэбаатар, Энхбаатар, Ганболд, Үүрцолмон, Болдбаатар, Гэрэл-Од, Баттулга нар ид байлаа. Бид зах зээлийн үед гарч ирсэн бөхчүүд болохоор олон улсын тэмцээн уралдаанд явах замын зардал олдохгүй хэцүү зүйл олон гарна. Гадаадын тэмцээнд жилдээ 2-3 удаа л оролцоно. Тэгвэл өнөөгийн тамирчид гранпри, их дуулга, тив, дэлхийн аварга гээд тэмцээн уралдаан алгасахгүй сайхан болжээ.

-Та Азийн АШТ-ий медалиа жүдогийн эх орон Японд хүртэж байсан билүү?

-1991 онд Японы Осака хотод болсон Азийн АШТ-ий 60 кг-д би, 71 кг-д Х.Болдбаатар, +100 кг-д дархан аварга Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн. Мөн 1995 онд Японы нийслэл Токио хотод болсон ДАШТ-ий 65 кг-д барилдсан. Энэ тэмцээнүүдэд оролцох замын зардлыг улсаас гаргасан бол байр, хоолны төлбөрийг тэмцээн зохион байгуулагч Японы талаас гаргадаг байв. Би улсын шигшээ багт ердөө есөн жил бэлтгэл сургуулилт хийсэн дээ.

-Яагаад ид үедээ зодог тайлсан юм бэ?

-Миний жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Монголын суут тамирчин Дашгомбын Баттулга байлаа. Намайг шигшээгээс гарч байхад дороос олимпийн наадмын хүрэл медальт Д.Нармандах дүү дөнгөж гарч ирж байсан. Тэгээд жүдогийн дэвжээгээ орхиод бизнесийн талбарт хэсэг явсан ч олигтой юм болоогүй, спортоо орхисон. Бизнес бүтээгүй болохоор нь дассан сурснаар нь дасгалжуулагчаа хийе гээд дэвжээндээ эргэн ирсэн. Баянгол дүүргийн биеийн тамир, спортын газарт, дараа нь Жүдо академид дасгалжуулагч хийж хэдэн жил болов. Тэгсэн “Бээжин-2008” олимпийн наадмын өмнө нэг өдөр МҮОХ-ныхон Ш.Баясгалан, Б.Ганболд бид гурвыг дуудаад Тайланд улсад дасгалжуулагчаар ажиллаарай гээд томилолт өгдөг юм байна. Бид гурав тус улсын гурван хотод жил гаруй ажилласан. Тайландад ажиллаж байх хугацаанд улс төрийн бослого гарч, шар бор хувьсгал ид өрнөж байлаа. Тэнд хоёр жил ажиллах гэрээтэй байсан ч хугацаагаа дуусгаагүй ирсэн. Дасгалжуулагчдын ур чадвар, үр дүнг сайн гэж үзвэл гэрээгээ сунгадаг, үгүй бол цуцалдаг.

-Бослого ид гарч байсан Тайландаас ирээд дайн байлдаан өрнөж буй Йемен улс руу явах танд хэцүү байгаагүй юу?

-2011 онд Йемений жүдо бөхийн шигшээ багийн тамирчдыг “Лондон-2012” олимпийн наадамд бэлтгэх зорилгоор явсан юм. Намайг анх Йеменд очиход дайн болж байгаагүй. Гэхдээ Йемен улс лалын шашинтай орнуудаас хамгийн хатуу дэг жаягтай улс. Миний шавь нараас Али Хоусров 2011 оны ДАШТ-д долдугаар байрт орсон. Тэнд эхэн үед шавь нар үгэнд орохгүй, зарим нөхдүүд ад үзэх маягтай байдаг байв. Хэл, ёсыг нь мэдэхгүй хөглөх үе зөндөө гарна. Ойр зуурын хэл мэдэхтэйгээ болоод хэсэг хугацаа өнгөрсний дараа хэн хэнийгээ ойлгоод асуудалгүй болсон доо. Йемен хүнд арабчуудаас ялгарах нэг л зүйл бий. Йемен эр хүн бүр хүзүүндээ хирсний ясан иштэй хутга зүудэг. Чингис хааны байлдан дагуулалтын эрин үед йеменчүүд монголчуудаас зугтан Багдад руу цусан зам татуулсан түүхтэй юм билээ. Тэгээд XIII зууны Йеменчүүд “Монголчууд хэрэв бидэн рүү довтолбол эр хүн бүр хутга барин тэмцье” гэснээс үүдэж одоог хүртэл Йемений найман настай балчраас 80 настай буурал эр хүйстэй хүн бүр хүзүүндээ хутга зүүж явдаг болсон гэдэг. Тэгээд л намайг монгол гэхээр анхандаа таагүй угтаж л дээ.

-Буун дуун, дэлбэрэлтийн хажуугаар бэлтгэл сургуулилт явуулна гэхээр санаанд нэг л багтахгүй юм?

-Тэнд монголчуудаас өөр хүн ажиллаж чадахгүй. Сөнөөгч онгоц газарт ойрхон нисэхэд чимээ нь сүртэй гэж жигтэйхэн. Эхэндээ онгоцны дуу чимээ сүртэй санагдаж байсан ч буун дуу, дэлбэрэлтийн чимээнд дуу нь бүдгэрээд,’ яваандаа дасчихдаг юм байна лээ. Шавь нар маань “Багш аа хүнтэй тэгж ярьж болохгүй шүү. Эд нар таныг яаж ч дөнгөж мэднэ шүү” гэж сануулдаг байсан. Намайг Йеменд очоод хоёр сар болоход Жасмины хувьсгал эхэлж байлаа. Миний шавь Али Хоусров залуучуудын Аль Шибаб хөдөлгөөний тэмцэгч. Тэд Эрх чөлөөний талбайдаа Засгийн газрынхаа эсрэг жагсч тэмцдэг. Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд дайн байлдаан болсныг мэдээд намайг Монгол руу түргэн ир гэсэн ч онгоцны тасалбар олдоогүй. Тэгээд яахав, бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байгаа юм. Би энэ спортод анх “Бөхийн гайхамшиг” гэж кино үзэж орсон болохоор зорилгынхоо эхлэлээс буцаж болохгүй шүү дээ.

-Шавь тань “Лондон-2012” олимпийн наадамд оролцох эрхээ хүртчихээд тэмцэж явсан хэрэг үү?

-Тийм. Али Хоусров ард түмнийхээ төлөө төв телевиз рүүгээ дайрч байхдаа тэнсэн суманд оногдчихсон юм. Тэгээд эмнэлэгт 40 хоног эмчлүүлээд эргэн бэлтгэлдээ орсон. Удалгүй олимпод барилдсан ч гавьтай амжилт үзүүлээгүй. Буудуулсан хүн олимпийн дэвжээнд яаж олигтой барилдах билээ. Эмч нар түүнийг олимпод барилдахыг хориглосон ч тэр заавал барилдана гэж зүтгэсээр байгаад орсон. Ард түмнийхээ төлөө буу барин тэмцэхээс спортоор тэмцэх нь илүү гэж л хөдөлмөрлөж, зүтгэж байгаа юм. Тэр хэрэв суманд оногдоогүй бол олимпод сайн барилдах байсан. Анх дайн болоход энд юугаа хийж ирэв дээ гэж бодох үе гарна. Тэгээд шавь нар маань намайг ойлгоод тусалж дэмжихээр урам орсон. Одоо бодох нь ээ, дайны хажуугаар тэмцээн уралдаанд бэлтгэдэг тэнэг байж дээ гэмээр. Арабын Абу Дабигийн тэмцээнд би хэдэн тамирчинтай очлоо. Тэнд Монголын тамирчдынхаа эсрэг буланд суух эвгүй санагдаж билээ. Тэгсэн 66 кг-д Д.Төмөрхүлэгтэй миний шавь барилдах болохол Д.Төмөрхүлэгт шавийнхаа хийдэг мэхийг зааж байгаа юм. Эвгүй санагдсан ч цагаа тулбал хүн чинь эх орноо гэж боддог юм билээ. Тэр барилдаанд Д.Төмөрхүлэг ялсан даа.

-Йеменд танаас өөр гадны дасгалжуулагч ажиллаж байсан уу?

-Надаас гадна Кенийн дасгалжуулагч марафон гүйлтийн төрөлд гэрээгээр ажилласан.

-Йемен рүү дахин томилолтоор явах уу гэвэл та яах вэ?

-Йеменээс намайг байнга шахуу урьдаг. Одоо бол Йемен явахгүй. Манай гариг дээрх хамгийн халуун цэг тэнд байна шүү дээ. Тайланд бол аялал жуулчлал хөгжсөн, эрх чөлөөтэй орон. Дэлхий дээр аль болохгүй гэсэн зүйл тэнд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал, нэг хоолны газарт хажуугийн ширээнд сууж байсан хоёр эмэггэй нийтийн бие засах өрөөнд босоогоороо хөнгөрч байдаг байгаа. Тайландад бол хөгжилтэй юм зөндөө тохиолдоно. Харин Йеменд амьд явах баталгаа алхам тутамд эрсдэл дагуулдаг.

-Та Монголд ирээд хаана ажилласан бэ?

-Миний аав, ээж хоёр Баянхонгорынх. Би хоёр буурлынхаа нутагт жүдо бөхийн дугуйланд таван жил ажилласан. Уг нь гурван жил ажиллах гэрээтэй байсан ч орон нутгийн удирдлагууд холбооныхонд ажлын үр дүнг сайшаасан тул гэрээг маань сунгасан юм. Саяхан Улаанбаатарт ирээд Жүдо академид дасгалжуулагч хийж байна.

-Хонгор нутгийн жүдочид улсдаа төдийгүй дэлхийд шуугиулж байна. Таны шавь нараас насанд хүрэгчдийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, залуучуудын дэлхийн аварга Ц.Цогтбаатар нарыг залгах хүн бий юү?

-Одоо хэлж мэдэхгүй байна. Шавь нар маань тууштай хичээллээд зорилгодоо хүрэхийн төлөө хичээвэл болохгүй зүйл байхгүй. Сосорбарам гээд шавь бий. Түүнийг нэлээд өндөр амжилт үзүүлнэ гэж харж байгаа.

-Та бэлтгэлээ Спортын төв ордонд хийж байна уу?

-Тийм. “Рио-2016” олимпийн наадмын дараа жүдогоор хичээллэх багачуудын тоо их өссөн. Спортын төв ордонд өглөөний 8:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ямар ч зай завсаргүй дугуйлан, бэлтгэл сургуулилт үргэлжилж байна. Цэвэрлэгч нарт өдөрт цэвэрлэгээ хийх ганц л цаг гардаг.

 

Д.ЖАВХЛАН /АРДЫН ЭРХ/

 


URL:

Сэтгэгдэл бичих