Дэлгэцийн бүтээл хийж байгаа бол хариуцлагатай байгаач
Монголын кино урлагийн салбарт худалч хүнд долоо хоногт нэг удаа шинэ бүтээл мэндэлж байна. Үүнээс үзвэл манайд үнэхээр мундаг уран бүтээлчид “даацтай” кино хийгээд байна уу, эсвэл “мэргэшиж ч амжаагүй” шинэхэн сонирхогчид ийнхүү давалгаа үүсгээд байна уу гэдэг нь анхаарал татмаар… Мөнгөөр зодож хийсэн, хэдэн миссүүдийг чимэг болгон ашиглаж олны анхаарлыг татсан ямар ч ашиггүй кинонууд дэлгэрдэг болсон өнөө цагт дараа дараагийн кино нь чухам ямар байхыг “барагцаалсан” үзэгчид их болжээ.
Өчигдөр л гэхэд “Сахиулсан тэнгэр” хэмээх сүртэйхэн нэрийдэлтэй шинэхэн бүтээл нээлтээ хийх ёстой байсан. “Ёстой байсан” гэж тодотгохын учир аравдугаар сарын 26-нд“THE CORPORATE HOTEL CONVENTION CENTER”-т киноны нээлтийн үйл ажиллагаатай хэмээн олон зочдын цаг завыг баран урьсан уран бүтээлчид бүтэн 2 цаг гаруй хүндэтгэн ирсэн зочдоо дэмий хүлээлгэсний эцэст тараасан байна. Киноных нь гүйцэтгэл болон дэлгэцэнд гарахад чанарын шаардлага хангахгүй байсан гэх “шум” олны гайхшралыг барж нэг хэсэгтээ хүлээлтийн байдалтай байсан хүмүүс урам муутайхан буцацгаажээ. Анхнаасаа л мэдээлэл хомс, “өвөрмөц сонихрхолтой кино” гэх хэдхэн үгнээс өөр тодотголгүй байсан кино ийнхүү сүртэйхэн гарч ирэх гэж байгаад “магтсан хүүхэн хуриман дээрээ хийгээ гаргана” гэгч болсон бололтой.
Манай уран бүтээлчид үнэхээр хийе, бүтээе, шинийг санаачлая гэсэн сэтгэлтэй байгаагаа уран бүтээлдээ болон арын ажлууд дээрээ ч гэсэн харуулж хариуцлагатай баймаар юм. Дашрамд дурдахад энэхүү киноны дууг “Киви” хамтлагийн Ука дуулсан бөгөөд “Цагаан буга”- фильм продакшн болон “Eyeslens”-студийн хамтын бүтээл гэнэ.
Найруулагчаар нь Д.Бямбацогт, продюсераар Л.Анударь, зураглаачаар Б.Түвшинтөгс ажиллажээ. Дүрүүдэд Ш.Энхжаргал, Б.Золжаргал, Д.Бямбацогт, Г.Лхагвацэрэн, Б.Отгонбат, Б.Энхтүвшин, Н.Мурат нарын жүжигчид тоглосон юм байна.
JUNE
PAPARATSI.MN
URL: