Ерөнхий сайд 100 хоногт хийсэн ажлаа тайлагнав
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрлээ. 28938 хүүхэд энэ зуу хоногийн хугацаанд мэндэлсэн байна. Монголын үрс маш олон болох болтугай гэснээр Ерөнхий сайд мэдээллээ эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас тодорхой бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байна. Түүний нэг нь “Цалинтай ээж” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд 0-3 нас хүртлэх хүүхдээ асарч байгаа ээжүүддээ сар бүр цалин олгоё, ажилласан жилийг баталгаажуулж нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг байя. Гурав буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн туслалцаа үзүүлэхээр шийдвэр гаргалаа. Монголчууд бид нар олуулаа байх тусмаа хүчтэй гэдэг зарчмыг Засгийн газар барьж байгаа гэлээ.
Манай Засгийн газар түүхэндээ хамгийн хүндхэн нөхцөл байдалтай эдийн засаг хүлээж авсан Засгийн газар. Эдийн засгийн хүнд нөхцөлөөс богино хугацаанд гарч, ард иргэдээ ажилтай, орлоготой, амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой. Ингэхийн тулд бодлогын арга хэмжээ, хөтөлбөрүүдийг маш богино хугацаанд боловсруулж бодлогын баримт болгох ёстой гэдэг зорилтыг Засгийн газар тавьж ажиллаж байгаа. 2016 оны төсвийн тодотголыг богино хугацаанд өргөн барьж УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Мөн 2017 оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан. Бидэнд хүлээх хугацаа байхгүй. Маш хурдтай ажиллах нь манай Засгийн газрын өмнөө тавьсан зорилт юм гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.
Эдийн засгаа сэргээх хамгийн эхний ажил бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байж бодитой ажлын байр, бодитой орлого бий болно. Монгол Улсыг авч явж байгаа нь энэ хэдэн аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгч нар юм. Монгол Улс импортлогч орноос экспортлогч орон, үйлдвэрлэгч орон болохын төлөө ажиллах ёстой. Ингэж байж иргэдээ ажилтай, орлоготой амьдрал ахуйг нь өөд нь дэгжээх бололцоо боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж энэ чиглэлд хэд хэдэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр дансаа хаалгасан байсан маш олон аж ахуйн нэгж байсан. Үйл ажиллагааг нь зогсоож дансыг нь хаачихаад татвараа төл, нийгмийн даатгалын шимтгэлээ төл гэдэг бол утгагүй. Ийм учраас тодорхой гэрээ хэлцэл байгуулаад өнөөдрийн байдлаар татварын өртэй 3993 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 373 аж ахуйн нэгжийн дансыг нээгээд байна. Мөн зарим аж ахуйн нэгжийн удирдлагуудын гадаадад гарах эрхийг нь хааж байна гэсэн гомдол ирж байна. Энэ гомдлыг бид барагдуулах ёстой. Нэг байцаагч очоод та өртэй байгаа учраас таны гадаадад аялах зочлох эрхийг хаана гэдэг шийдвэр гаргана гэдэг нь бизнес эрхлэгчдэд учирч байгаа том дарамт. Тийм учраас цаашид энэ чиглэлээр хуулийн өөрчлөлт боловсруулж оруулна.
Жилийн 1,5 тэрбум төгрөгрөөс ихгүй борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэгч, татвар төлөгчдийг салбарын онцлогоос хамаарч татварын хөнгөлөлтөд хамруулах зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, бизнесийн үйл ажиллагаа саарсан зэрэг олон хүндрэл бэрхшээл байна. Үүнээс үүдэлтэйгээр эдийн засгийн нөхцөл хүндэрсэн гэдэг дүгнэлтийг эрдэмтэн судлаачид бүгд хийсэн. Алдагдсан нэр хүндийг эргүүлж сэргээж авах нь Засгийн газрын өмнөө тавьсан том зорилтуудын нэг. Бид гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ирж үйл ажиллагаагаа явуулахад ямар хүндрэл бэрхшээл үүсээд байгаа, ямар учраас Монголд оруулах хөрөнгө оруулалтаа багасгаад байна гэдэг дээр дүгнэлт гаргах, хөрөнгө оруулагчдын гомдол саналыг хүлээж авч шийдвэрлэх зөвлөлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд байгуулан ажиллаж байна гэлээ.
Эдийн засаг хүндрэлтэй байна гээд нийгмийн хамгааллын бодлогоо орхигдуулахгүй. Зорилтод бүлэгтээ хандсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өндөр настай ахмадууддаа Насны хишиг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 122 мянган ахмадад жилд 100-500 мянган төгрөг хүртэлт хэмжээний дэмжлэг тус тус олгох хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Олон ахмад тэтгэврийн зээлтэй байна. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар, ингэхдээ төсөвт дарамт учруулахгүйгээр бууруулахаар шийдвэрлэсэн.
Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах шийдвэрийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна.
2016-2017 оны хичээлийн жилд их дээд сургуулиудад сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оны төвшингөөс нэмэгдүүлэхгүй байх зохицуулалт хийсэн бөгөөд энэ нь эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед, суралцагчид болон өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг болсон.
“Боловсролын зээлийн сан”-г байгуулж “Сургалтын төлбөрийн зээл олгох журам”-ыг Засгийн газрын тогтоолоор баталж, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сургалтын төлбөрийн нэн тааламжтай нөхцөлтэй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл олгох ажил хэрэгжиж эхэлснээр энэ онд 70000 орчим оюутанд сургалтын төлбөрийн зээл олгох нөхцөл бүрдлээ. Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв
Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муутай байгаа. Засгийн газар байгууллагын цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасан. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн төр засаг цэцэрлэг байгуулах биш барилгын компаниудад 2017 оноос баригдах шинэ барилгуудад барилгын стандартаар шаардахаар шийдвэрлэсэн.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээ 80 м2 хүртэлх байсныг 100 м2 хүртэл байхаар нэмэгдүүлэх, орон сууцны талбай 100 м2 хэмжээнээс давсан тохиолдолд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувийг болон илүү гарсан талбайд ноогдох төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулах боломж олгож байгаа.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Элэгний вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, элэгний С вирусын эмчилгээний Харвони эмийн үнийг буурууллаа. Гемодиализын аппаратад орж цус цэвэршүүлэх эмчилгээний төлбөрийг төр, хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт төрөөс 100 хувь хариуцахаар болсон зэрэг олон асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл өглөө.
URL: