Төсөвт орлогын бүх нөөцөө тусгаагүй

195107-26102016-1477470282-1808287714-tug

Өр төлбөрийн төлөх дүн нь орлогоосоо давсан төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ. Ирэх оны төсвийн орлогыг 5.9 их наядаар тооцсон ч таван жилийн хугацаатай “Чингис” бондын эхний төлбөрт Засгийн газар 6.6 их наяд төгрөг төлөхөөр тусгаад буй. Мөн ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 242 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх хуваарьтай ч одоогийн цалингийн түвшинг бууруулахгүй байхыг Засгийн газар чухалчилж байна.

Төсвийн төслөөс олзуурхууштай нь түүхий эдийн үнийн бодит төсөөлөл

Үүнээс гадна хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөгийг амьжиргааны түвшнээр нь ангилж, зорилтот гэр бүлийн багачуудад өгөхөөр болсон. Түүнчлэн урсгал зардлыг өнгөрсөн оныхоос 410 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж, шинээр ямар ч төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байхаар 2017 оны төсвийн төсөлд тусгасан. Энэ мэтчилэн хямралын жилүүдэд хэмнэлтийн бодлого баримтлахаар болсноо Засгийн газар ирэх оны төсвийн төслөөрөө илэрхийлж буй.

Эдийн засгийн хямралаас гарахын тулд “Оюутолгой”, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС- 3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ гэдгээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн удаа дараа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, мега төслүүдийн бүтээн байгуулалтыг яаж ийгээд урагшлуулахаар Засгийн газар зориг шулуудсан нь энэ. Мөн ирэх онд төлөх өр зээлийн төлбөрийг барагдуулахын тулд төдий хэмжээний бонд гаргах, эсвэл өмнө нь гаргасан бондын төлөлтийг хойшлуулах менежмент хийхээс өөр сонголт үлдээгүйг Сангийн сайд Б.Чойжилсүрэн учирласан.

Гэхдээ энэ удаагийн төсвийн төслөөс олзуурхууштай нь түүхий эдийн үнийн бодит төсөөлөл. Өнгөрсөн жилүүдэд зэс, алт, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн үнийг тэнгэрт “хөөрсөн” үнээр төсөөлдөг нь төсвийн орлого тасрах, алдагдал нэмэгдэх үндсэн шалтгаан болдог байсан. Тэгвэл ирэх онд уул уурхайн салбараас нэг их наяд төгрөгийн орлого олохоор төсвийн төсөлд тусгасан бөгөөд ингэхдээ шаргал металлын үнийг бодитой буюу байж болох хамгийн доод үнээр тооцоолсон байна. Ингэснээр төсвийн орлогыг бүрдүүлэх голлох түүхий эд үүргээ хангалттай гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.

Харин Засгийн газраас хэрэгжүүлэхээр санал болгосон хэд хэдэн арга хэмжээнд ач холбогдол өгөхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал болгосон. Тэрбээр ирэх оны төсөвт таван зүйл бүхий санал хүргүүлсэн юм.

Авч чадаагүй 2.8 их наяд төгрөгийн томоохон авлагууд бий

Тухайлбал, хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлж, үүнтэй холбогдуулан эхний ээлжид таван тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах, аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох улсын төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг өмнөх хүрсэн түвшинээс бууруулахгүй байхыг санал болгосон.

Мөн өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, эмч, цэргийн алба хаагчдын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг 2017 оны төсөвт бүрэн хэмжээгээр нь тусгах санал хүргүүлээд байгаа юм. Тэгвэл Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн төсөлд УИХ- ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Я.СОДБААТАР: ТӨСВИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЗАРЛАГА ТАНАХАД АНХААРНА

-Энэ удаагийн төсөв нэлээн хүндхэн, бас амаргүй байгаа. Тиймээс төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлж, зарлага хэрхэн танахад УИХ анхаарлаа хандуулж байна. Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 9.9 хувьтай байна гэдэг нь бид ирэх жил төсвийн алдагдлаа нөхөхийн тулд хоёр их наяд гаруй төгрөгийн зээл авах хэрэгтэй болж байна гэсэн үг. Тиймээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх үүднээс төсвийн алдагдлыг аль болох багасгаж батлах шаардлага тулгараад байна.

УИХ-ын Байнгын хороод, намын бүлгүүдээс Ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Ажлын хэсгүүд аль болох орлогыг нэмэгдүүлж, зарлага танах санал, санаачилга гаргасан. Тиймээс ирэх жил улсын төсвийн хөрөнгөөс шинэ объект, шинэ санхүүжилт хийхгүй гэсэн байр суурийг барьж байгаа.

Ерөнхийлөгч төсвийн үйл ажиллагаатай танилцаж тодорхой саналууд гаргасан. Тэр саналуудаас нь УИХ дахь намын бүлгүүдийн ярьж байгаа зарим нэг санал бий. Тухайлбал, хүүхэд харах үйлчилгээ, гадаадын орнуудын шилдэг сургуулиудад сурч байгаа оюутнуудын тэтгэлэг зэргийг судалж байна. Яг одоогоор Ажлын хэсгүүд эцсийн саналаа нэгтгэж гаргаагүй. Ер нь ирэх онд төсвийнхөө алдагдлыг багасгах, орлого нэмэгдүүлэх эх үүсвэрийг дайчлах, зарлагаа багасгах талд анхаарна. Төсвийн алдагдлыг болбол таван хувь, түүнээс доош батлахгүй бол жилийн төсвийн алдагдлын хэмжээгээрээ дахиад л мөнгө зээлэх болно. Тэгвэл Монгол Улс санхүү, эдийн засгийн чөтгөрийн тойргоос гарч чадахгүй байх.

З.НАРАНТУЯА: ОРЛОГЫН БҮХ НӨӨЦӨӨ НЯГТАЛЖ, ТООЦООЛООГҮЙ БАЙГАА

-Төсвийн алдагдлыг богино хугацаанд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлээр л нөхнө. Дунд хугацаанд орлогын сууриа өргөжүүлэх шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэгтэй байна. Татварын болон татварын бус орлогын бүтцийг судалж, бусад орны жишигтэй харьцуулан дүгнэж, шинэ шийдэлд хүрэхгүй л бол өсөн нэмэгдэж байгаа зардлын хэрэгцээгээ хангаж чадахгүй. Байнга алдагдалтай байна гэсэн үг.

Орлогын бүх нөөцөө нягталж, тооцоолоогүй байгаа. Тухайлбал, 2015 оны үлдэгдлээр тооцсон Засгийн газрын шугамаар дамжуулан авч ашиглаж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагад зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл гэхэд ДНБ- ий 40 гаруй хувьтай тэнцэх 2.8 их наяд төгрөгийн авч чадаагүй томоохон авлагууд бий.

Нөгөө талаас зардлын оновчтой хуваарилалтын системд шилжих нь чухал. Төсвийн нийт зардлын 81 хувийг урсгал зардал эзэлж байгаа. Нэг үгээр хэлбэл, нэг жилийн дотор манай төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэглэж дуусгах зардал. Гэтэл ирэх онд хөрөнгө оруулалтын буюу бүтээн байгуулалтад 547.2 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсний 288.1 тэрбум төгрөг нь өнгөрсөн онд болон энэ жил хийж дуусгасан ажлын гүйцэтгэлд төлөх мөнгө.

Тэгэхээр бодитойгоор ердөө 259.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь. Улс орнууд эдийн засаг хямарсан үед ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдээ илүү их ажилтай байлгах, ингэснээр татварын орлогыг бууруулахгүй байлгах бодлого баримталдаг. Манай төсвийн бодлого эсрэгээр явж байна.

Б.ЖАВХЛАН: ЭРСДЭЛЭЭ САЙН ТООЦОХГҮЙ БОЛ АЛДАГДЛЫГ 9.9 ХУВЬД БАРЬЖ ЧАДАХГҮЙ

-Төсөвт учирч болзошгүй эрсдэлээ сайн тооцохгүй бол ирэх онд алдагдлыг 9.9 хувьд барьж чадахгүйд хүрнэ. Төсвийн алдагдлыг 2018 онд найман хувь, 2019 онд таван хувь руу оруулахаар тооцсон. Энэ нь харьцангуй зөв хандлага. 2016 оны төсвийн алдагдал 19 хувьд хүрэхээр байгаа. Энэ тоог ирэх жил огцом бууруулж, 7-8 хувь руу оруулах механик өөрчлөлт хийхийг зориогүй.

Хэрвээ ийм байдлаар тооцвол 2018 онд буцаад савах эрсдэл үүсэж болзошгүй учраас шат дараатай зөөлөн буулгах нь тохиромжтой. Үүнээс гадна энэ оны төсвийн алдагдлыг 19 хувьд барихын тулд төсвөөс нэмэлт санхүүжилтүүдийн шаардана.

Хоёр их наядын хэмжээнд яригдаж байгаа энэ асуудлыг дотоодын бондоор зохицуулж дийлэхгүй. Тиймээс гадаад эх үүсвэр хайх шаардлага үүснэ. Үүнд Засгийн газар бэлэн байна уу, үгүй юу. Хурдтай ажиллах боломж, чадамж байгаа эсэх асуудлууд гарч ирнэ. Төсөв хэлэлцэх хугацаанд эдгээр асуудлыг ярих байх.

Б.Даваатогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих