МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨРТ № 2: “ИХЭСИЙН ГАЗАР”-ЫН УЧИР

olloo_mn_1406601486_XAAHШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн “Онон” хээрийн судалгааны баг 2014 оноос Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингис (Өглөгч)-ийн хэрэм, түүний ойр тойронд археологи, угсаатан, түүхэн газар зүйн чиглэлийн судалгаа амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ.

Судалгааны үр дүнд монголчуудын угсаа гарвалын түүхэнд нэн ач холбогдолтой байж болохуйц зарим шинэлэг дүгнэлтэнд хүрсэн талаар эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлсэн болно. Тухайлбал, киданы үеийн байгууламж гэж урьд өмнө үзэж байсныг он цаг тогтоох шинжилгээгээр урагшлуулан МЭ VIII зуунаас хожуугүй болохыг тогтоов.

Тус хэрмээс илрүүлэн малтсан булшны харьцуулсан шинжилгээгээр өнөөгийн ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарын Онон голын адаг, Шилка голын эх, Агийн тал нутгаар төвлөрөн тархсан “бурхотуй” хэмээн болзмол байдлаар нэрлэгдсэн археологийн соёлын дурсгал болох нь тодорхой болов. Ийм хэлбэрийн булш одоогоор манай нутгаас өөр хараахан илрээгүй тул уг соёлыг үлдээгчдээс Онон голыг өгсөн нүүдэллэж, Бурхан халдун уулнаа төвхнөсөн байж болох таамаг урган гарч байгаа болно.

Магадгүй энэ нь Бөртэ чинойн нүүдэллэн ирсэн газар байхыг үгүйсгэхгүй. Тиймээс үүнийг хойч үеийнхэн нь байнга санан дурсаж, “Ихэсийн газар” хэмээн дээдлэн тахилга үйлдсээр олон үеийг өнгөрөөсөн байж болох билээ.

Энэ нь МНТ-ны &70-р зүйлд “Тэр хавар Амбагай хааны хатад Орбай, Сохатай хоёр ихэсийн газар тайлга гаргасан…” хэмээн дурдсан “Ихэсийн газар” бололтой. “Их хориг”, “Ихэсийн газар” хэмээх Монголчуудын түүхэнд нэр хүндтэй ариун газар орныг нэг утгаар ойлгож байсныг залруулах оролдлого хийж, Бөртэ чиной тэргүүт өвөг дээдэс, ихэс нь энэ нутагт тэмцэн ирж, голомтоо бадраасан нутаг учраас тэдний үр хойчис “Ихэсийн газар” хэмээн онцгойлон үзэж, тахилга хийсээр байсан тухай саналаа дэвшүүлсэн. Чингис (Өглөгч)-ийн хэрэм нь МНТ-нд дурдагдсан “Ихэсийн газар” гэж үзсэн судлаачдын түүхэн газар зүйн судалгааны үр дүнг бид дэмжиж байгаа. Гэхдээ “Их хориг”-ийн адил монгол язгууртнуудыг нутаглуулсан бус Бөртэ чинойн ирж голомтоо бадраасан агуулгатай “Ихэсийн газар” болно (Өлзийбаяр С. Монголын нууц товчоон дахь “Ихэсийн газар”-ын талаар цөөн хэдэн үг //Studia Historica. Tom. XL. fasc. 5. т. 80-90 УБ., 2011 үзнэ үү).

Энэхүү “Ихэсийн газар”-нь хожмын монгол сурвалжуудад Бөртэ чинойн нүүдэллэн очсон “Ж (З)эдийн газар”, “Йэ (Йа)дийн далан” гэх мэтээр бичигдсэн газар орон мөн байж болох тухай таамаг дэвшүүлсэн судалгааны үгүүлэл цөөнгүй хэвлүүлсэн билээ (Өлзийбаяр С. Ихэсийн газар хийгээд Жадын газар // “Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой, Монгол-Солонгосын шинжлэх ухааны хамтын ажиллагаа” ОУЭШХ-ын эмхтгэл. 2015.6.12-13. Монгол-Солонгосын түүхч-Археологчдын холбоо. Сөүл хот., 2015. тал 43-51 үзнэ үү).

Ж(з)ад, Ж(з)эд, Иэд, Иад гэх зэргээр хоёр янзаар бичигдсэн* нэг газрын нэрийг зөвхөн эхний хувилбараар уншин түрэгийн “харь” хэмээх үг гэж орчуулан ойлгох нь бараг тогтоод байгаагийн зэрэгцээ аймгийн нэр, задын зан үйл гүйцэтгэх газар зэрэг утгаар судлаачид тайлбарлажээ. Гэтэл монгол бичгийн хэлний хөгжил өндөр түвшинд хүрсэн XVII-XVIII зууны үед улам бүр алсран холдсон эртний түрэг үгээр монгол сурвалжуудад Бөртэ чинойн хүрсэн газрыг нэрлэсэн гэдэг нь баахан эргэлзээтэй санагдана. Харин энэ удаад хоёр дугаар хувилбар буюу “yad, yed” (Йэдийн газар) гэх үгийн талаар товч санаа дэвшүүлэх оролдлого хийв.

Монгол хэлэнд олон тооны “д, с” дагавар сэлгүүцдэг тул “д”, “с” гарал язгуур нэг байж мэдэх (Монгол үгсийн язгуурын толь. Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо. 1987. тал 2939- үзнэ үү) учраас МНТ-ны “yekes-e ğaĵaru” (Йхэсийн газар)-ын олон тооны “с” дагавар “д”—р сэлгэгдсэн байх үндэстэй. Энэ тохиолдолд “yeked” хэмээх үг үүсэх ба эхлэл, төгсгөл 2 гийгүүлэгчийн дундах “ke” авиа сулран гээгдэж, “yed” болох магадлалтай.

Монгол хэлэнд “ye” язгуур “их”- ийн хэмжээг илэрхийлэх (ертөнц, ерөнхий, ер, ес гэх мэт) утга ч байж болох юм. Рашпунцагийн Болор-Эрих зохиолд Монголчуудын элэнц өвөг Бөртэ-Чинойг “yеd-un dalang” (Йэдийн далан) хэмээх газар ирээд (Рашпунцаг. Болор-Эрих (кирилл үсгээр хөрвүүлсэн эх) УБ., 2006. т.18-т үзнэ үү) гэж дурдсан нь Чингисийн хэрмийг шууд заасан гэж үзүүштэй.

Монгол сурвалжуудад нэр гарч буй Бөртэ Чинойн очсон өөр нэг газар бол “Бэдэ улс” юм. Түүнийг Бурхан халдун уул, Байгал далайн орчим байсан гэж харилцан адилгүй тэмдэглэжээ. П.Б.Коновалов энэ газрын талаар “Бөртэ-Чинойн иргэдтэй ойр төрөл, эртний бэйди нарын бий болгосон монгол угсааны ард түмний сууж байсан газар гэж хэлж болох юм. Хэдийгээр энэ нутгийг нарийн тодорхойлох бололцоогүй ч гэсэн харьцангуй байдлаар Байгал, Хөвсгөлийн хоорондын нутаг байх” гэжээ (Коновалов П.Б.Этнические аспекты истории Центральной Азии (Древность и средневековье). У-У.,1999.с.121-т үзнэ үү).

Гэхдээ эртний хятадын нүүдэлчдийг нэрлэх бэй-ди хэмээх үг түвд хэлэнд “бида, бэдэ” гэж дуудагдах болсонтой судлаачид үндсэндээ санал нэгтэй ч чухам хаана байсныг тохоон заасан судалгаа хомс байна. Монгол сурвалжуудын мэдээнд тус хоёр газрын байрлал ойролцоо, эсвэл нэгэн нэрийг хэд хэдэн янзаар (jad, yad, bede гм) тэмдэглэсэн хэлбэр мэт ойлгогдохоор ч байна. МНТ-нд Йэхэсийн газар хэмээн тахилга үйлдэж байсан газрыг хожмын монгол сурвалжуудад Йэдийн газар (Йэдийн далан) гэж бичсэн бол МНТ-нд “бэдэ” хэмээх газрын нэрийг мөн тэмдэглэсэн байх магадлал бий.

“Йхэсийн газар”-ыг биднийхээр эдүгээ Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингис (Өглөгч)-ийн хэрэм мөн гэж үзвэл түүний ойр орчимд “Бэдэ” нэртэй холбогдох газар орны нэр хадгалагдсан байх үндэслэлтэй билээ. МНТ-нд дээрхтэй бичлэгийн хувьд төслөг ганц нэр бол Бэдэр хошуу (beder-qosi’un-u) болно. 88-р зүйлд “Тэмүжин … Онон мөрөн өөд мөр мөшгив. Өрнөөс Химурга горхин орж ирэн ажгуу. Тэр өөд мөшгөөд, Химурга горхины Бэдэр хошууны Хорчухуй болдогт бүхүйд золголдов” (Чоймаа Ш. МНТ: МНТ-ы эхийг шинээр хөрвүүлж буулгаж, тайлбар хийсэн Ш.Чоймаа. УБ., 2006-т үзнэ үү) хэмээн дурдагдсан Бэдэр гэгдэх хошуу нь өнөөгийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэръяа уул мөн гэж судлаачид нэгэн дуугаар үзэж байна.

МНТ-ны үеийн энэ нэр хожмоо монгол түүхэн сурвалжуудад “бэдэ” хэмээн тэмдэглэгдсэн байх магадлал бас бий. Дашрамд дурдахад, Бөртэ-Чинойн ирсэн “Йэдийн газар” буюу МНТ-ны “Ихэсийн газар” болох Чингисийн хэрэм хийгээд энэхүү Биндэръяа уулын зүүн шувтаргын хошуу хоорондоо 12 км-ийн зайтай болно.

Өнөө хир МНТ-ны нэрээ бараг хэвээр хадгалан байгаа Биндэръяа уулын зүүн шувтарга дээрх Биндэрийн овоо нь бүс нутгийн хүрээнд хамгийн том тахилгат газар болно. Чухам хэзээнээс угшилтай нь тодорхой бус боловч Өндөр гэгээн Ононгийн халуун рашаанд морилоод буцах замдаа энд саатан “Ихэсийн газар”-өршөөсөн газар гэж тахисан тухай яриа бий. МНТ-ны &70-р зүйлд хавар цагт хатад Ихэсийн газарт очиж тахилга хийсэн тухай мэдээ нь Монголчуудын тахилгын зан үйлийн талаарх магадгүй хамгийн эрт үед холбогдоно. Хавар цагт үйлддэг эл зан үйл нь өндөр өвөг дээдсийнхээ голомтоо бадраасан ариун газар оронд өргөж буй тахилга болох бөгөөд үр хойчис нь үргэлжид өсөн дэвшиж, бадарч байхын ерөөлтэй байх нь дамжиггүй бизээ. Монголчуудын энэхүү өвөг дээдсийн гал голомтын тахилга тасрах учиргүй бөгөөд цагийн эрхэнд зам хөлийн дагуу газар болох Биндэрийн овоонд шилжсэн гэж үзэлтэй.

Эдүгээ манай нутгийн баруун зүгийн аймгуудын зарим ястны дунд тахилгын овоог индэр (ендэр), түүнд хийх зан үйлийг “дээр мөргөх” гэж нарийн дэг жаягтай ёс хадгалагдан үлдсэн талаар манай олон угсаатан судлаачид тэмдэглэсэн. “Дээр мөргөх” зан үйлийг гүйцэтгэж байгаа индэр (ендэр) нэрийн үүслийн асуудал бидний сонирхолыг ихээхэн татаж буй болно. Энэ тахилга хийгээд нэр нь Биндэр овооны буюу “Ихэсийн газар”- ын тахилгын зан үйлийн улбаа бус уу? Г.Мэнэс “… олон Монголчуудын дунд “Дээр” хэмээх нэгэн их шүтээн байсан бөгөөд түүндээ мөргөн залбирахыг “Дээр мөргөх” хэмээн цээр бололтой нэрээр өргөмжлөн дуудах нь түгээмэл зан үйлийн нэг байсан бололтой” (Мэнэс Г. “Монголын нууц товчоон” дахь эхний хоёр мөрийн оньсого буюу “Чингис хааны язгуур” хэмээх гарчиг нэрийг нягтлах нь // Угсаатан судлал (SE). T.XV, facs 8. УБ., 2003-т үзнэ үү) хэмээн үзэхэд хүрсэн нь үүний учир холбогдолтой мэт.

Магадгүй, XIII зууны үед Бурхан халдунаар нутаглаж асан Урианхайчууд Алтай нутагт энэхүү Биндэр овооны (Ихэсийн газрын) тахилгыг аваачсан ч байж болох юм. Ямар ч замаар байсан энэ тахилга Алтай нутагт нэвтрэхдээ язгуурын Бэдэр (Биндэр) нэрээ хадгалсаар байгаагийн илрэл индэр (ендэр) хэмээх нэр мөн гэж үзлээ. Монгол хатдын Ихэс дээдсийн голомтыг тахих зан үйлийн утга учир өвлөгдсөөр байгаа нь ийнхүү “Дээр мөргөх” зан үйлээр илэрч байгаа бололтой.

Боржигинсод С.Өлзийбаяр. Доктор (Ph.D)


URL:

Сэтгэгдэл бичих