“Хонконг бол Хятад биш”
Хэрвээ өнгөрсөн долоо хоногт Хонконгийн залуухан хууль тогтоогч Яу Вай Чин, Баггио Леүнг нар ухаалаг утсаа түр хойш тавиад орон нутгийн сониноо сөхөж үзсэн бол гайхалтай зүйлтэй учрах байлаа.
Ерөнхийдөө тогтуун Хонконгийн Банкны холбоо, Хуванцар эдлэлийн худалдаачдын нийгэмлэг зэрэг байгууллага хууль тогтоогчид Хятадаас тусгаарлах хөдөлгөөнийг дэмжсэнийг харааж зүхсэн сурталчилгаа нийтлүүлсэн байв. Жишээ нь, залуучуудын холбоо тэднийг “Зүрх сэтгэлдээ бохир харанхуй” гэсэн бол боловсрол, соёлын зүтгэлтнүүд хууль тогтоогчдыг “зайлбал таарна” гэжээ.
Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны Хонконг дахь салбар хатагтай Яу үндэстнийг доромжлоод зогсохгүй “Дэлхий даяар Хятад хүмүүсийн сэтгэлийг гутааж, Хонконгийн эмэгтэйчүүдийг нүүр хийх газаргүй болголоо” хэмээв. Иймэрхүү шүүмжлэл Хятадын Коммунист нам дайсныхаа эсрэг явуулдаг суртал ухуулгатай агаар нэг сонсогдож байна. Хагас өөртөө засах эрхтэй Хонконгод тусгаар тогтнолыг дэмжих санаа бодол нэмэгдэх тусам орон нутгийн бизнес, улс төрийн бүлгүүд хилээс хойш орших байгууллагуудтай төстэй үйлдэл гаргах болсон юм.
Хонконгод салан тусгаарлах үзэл газар авч буйг нухчин дарах нь Бээжингийн хувьд шаардлагатай зөв арга хэмжээ. Ийм санаа бодол Британийн эзэмшилд байсан уг арал төдийгүй Хятадын Төвд, Шинжаан болон бие даасан Тайваньд хүртэл аюул үүсгэнэ гэж Хятадын тал болгоомжилдог.
25 настай хатагтай Яу болон 30 настай ноён Леүнг нар саяхан болсон хууль тогтоох зөвлөлийн нээлтийн ёслол дээр Хонконгийн ард иргэдэд үнэнчээ илэрхийлэх үедээ “Хонконг бол Хятад биш” гэсэн дарцаг барьжээ. Мөн хятад гэдэг үгийг санаатайгаар доромж утгаар хэлсэн хэмээн Бээжингийн талыг баримтлагчид шүүмжилсэн байна.
Хууль тогтоох зөвлөлийн ерөнхийлөгч тэднээр дахин тангараг өргүүлэхийг хүссэн боловч Хонконгийн Засгийн газар тэднийг суудалд суулгахаас түдгэлзүүлэх хуулийн арга замыг хайж байна. Лхагва гарагт тэр хоёрыг тангаргаа өргөхөөр орж ирэхэд Бээжинг дэмжигч хууль тогтоогчид зөвлөлийн байрыг орхиж, арга хэмжээг тасалдуулав. Хурал хяналтыг өөрсдийн санаачилгаар хийсэн үү, эсвэл Бээжинтэй харилцах хорооны удирдлагаар болсон уу гэдэг нь тодорхойгүй. Аралд Коммунист нам албан ёсоор үйл ажиллагаа явуулдаггүй учир тус хороо энд Бээжинг төлөөлдөг аж.
Хонконгийн Засгийн газар хууль тогтоогчид руу дайрч буйд түгшин “Эх орон нэгтнүүдийнхээ сэтгэлийг эмтэллээ” хэмээн мэдэгдсэн. Мөн ийм үгийг Бээжин Далай ламыг дэмжигчид, хүний эрхийг хамгаалагчид болон Тайванийг шүүмжлэхдээ ашигладаг ажээ. Хэрэв “Эх орон нэгтнүүдийнхээ сэтгэлийг эмтэллээ” гэж буруутгасан бол төдөлгүй онлайн дайралт, худалдааны хориг, дипломат шугамаар шүүмжлэх мэтийн арга хэмжээ авахдаа хүрдэг уламжлалтай.
Ноён Ши Жиньпин хэвлэл ба иргэний нийгмийг бараг бүрэн хяналтдаа аваад байгаа эх газрын Хятадад ийм стратеги хэрэгжиж магадгүй юм. Гэвч өөртөө засах эрх нь хавчигдаж байгаа ч иргэд нь хавьгүй эрх чөлөөтэй Хонконгод үр дүнд хүрэх нь юу л бол. Олон хүн дарангуйллаас зугтаж, эх газраас аралд ирсэн. Өнгөрсөн сард болсон сонгуулиар Хонконгийн сонгогчдын ердөө 20 орчим хувь нь тусгаар тогтнол, өөртөө засах эрхийн төлөө саналаа өгсөн билээ.
Олон хүн Яу, Леүнг нартай үзэл бодол нийлэхгүй. Гэвч соёлын хувьсгалын үеийнх шиг хараал зүхэл, хүчээр уучлал гуйлгах үзэгдэл дахин гарахыг хүсэхгүй байна. Британийн колони байсан аралд зэмлэн буруутгах хэм хэмжээ нэвтрүүлснээр Бээжингийн талыг баримтлагчид эх газарт дэмжлэг олж магадгүй юм. Гэхдээ ийм бодлого хариу гал ноцоох аюултай. Түрэмгийгээр шүүмжлэн дайрах нь тусгаар тогтнолын талынхан руу хүмүүсийг түлхэж болзошгүй.
Бен Бланд
Засгийн газрын мэдээ
URL: