АН-ын хүзүүн дээр зайдагнагчид Монголын нийгмийг шинэчлэх үү?
АН-ын генсек асан, одоо генсекийн үүрэг гүйцэтгэгч болж хувирсан Л.Эрхэмбаяр хэвлэлд нэгэн ярилцлага өгчээ. Намын шинэчлэл, шинэ салхи хүсэмжилж байгаа Ардчилсан намын гишүүд “Монголын нийгмийн шинэчлэлийн эхлэлийг АН тавина” гэсэн бадрангуй гарчигтай ярилцлагыг уншаад ой нь гутаж байгаагаа сошиалд илэрхийлж эхэллээ. Ардчилсан нам Засгийн эрхийг дангаар атгасныхаа дараа түүхэндээ байгаагүй шахам хүнд ялагдал хүлээсний бурууг АН-ын дарга З.Энхболд, генсек Л.Эрхэмбаяр нар хүлээж сайн дураараа ажлаа хүлээлгэж өглөө хэмээн сонгуулийн дараахан зарлаж байв.
Гэвч энэ намыг бүрмөсөн хөнтрөхийг хүссэндээ ч юмуу одоог хүртэл З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар намын удирдлагын албан тушаалтай зууралдсаар, шүд зуусаар байгаа аж. Үүнийгээ ч Л.Эрхэмбаяр ярилцлагаараа нуулгүй илчилжээ.
Тэрээр яг одоо Ардчилсан намын даргаар хэн ажиллаж байна гэсэн сэтгүүлчийн асуултад “Ардчилсан намын дүрмээр бол З.Энхболд дарга хэвээрээ байгаа гэсэн үг. Гэхдээ З.Энхболд дарга хариуцлагаа хүлээгээд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Өргөдлийг нь ҮЗХ-гоор хэлэлцээд чөлөөлөх ёстой” хэмээсэн байх юм. Нэг ёсондоо чөлөөлөгдөхийг хүссэн З.Энхболд, Л.Эрхэмбаяр нарыг намынх нь ҮЗХ-ны гишүүд чөлөөлж өгөхгүй, хуралдаанаа хийж өгдөггүй бололтой.
Гэвч үнэн хэрэгтээ ҮЗХ-г хуралдуулахгүй, хуралдах нөхцөл байдлыг тасалдуулж байгаа хүмүүс нь тэд өөрсдөө. Ийм байдлаар энэ намын удирдлагад хэдий хүртэл тэд зайдагнасаар байх гэсэн юм бол? Их хурлын сонгуульд ялагдуулсан, орон нутгийн сонгуульд ч ялагдлаа, одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар ч намаа ялагдуулахыг хүсээгүй л бол зайгаа тавьж намдаа шинэчлэл хийхийг дэмжмээр. Гэтэл тэдэнд тийм санаа огтхон ч байхгүй гэдгээ ийн илэрхийлж байх юм.
Л.Эрхэмбаяр намын даргыг томилох асуудлаар “ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэхгүй байх. Намын их хурлыг хуралдуулах ажлын хэсэг байгуулна, намын дүрмийг боловсруулах ажлын хэсгийг бас байгуулах байх. Намын Их хурлаар дүрэм шинэчлэгдсний дараа шинэ дүрмийн дагуу шинэ даргаа сонгох байх. Тэгэхээр Их хурлаар намын дарга томилохгүй гэж ойлгох хэрэгтэй” хэмээсэн нь ҮЗХ-ны хуралдаанаар ч намын даргын асуудлыг ярихгүй, Их хурлаа хийгээд ч тэндээс намын дарга тодрохгүй гэсэн санаа юм.
ҮЗХ нь ч тэр, Их хурал нь ч тэр даргаа гаргаж ирэхгүй юм бол энэ нам хэзээ албан ёсны даргатай болж шинэчлэлээ эхлүүлэх вэ. Дараа, дараагийн сонгуулиудад ҮЗХ-ноос чөлөөлж өгөхгүй байгаа З.Энхболд даргатайгаа, үүрэг гүйцэтгэгч генсектэйгээ, тэдний гар хөл, тоглоомын хүүхэлдэй болсон Д.Эрдэнэбат түр орлон гүйцэтгэгчтэйгээ л яваад байх сонирхол эндээс цухалзана.
З.Энхболдын ийм санаархлыг Л.Эрхэмбаяр хэвлэлээр дайж байгаа нь энэ бололтой. Намаа гудамжинд гаргасан хуучин удирдлагуудаасаа салаагүй цагт АН яаж Монголын нийгмийн шинэчлэлийг эхлүүлэх вэ?
POLITIK
URL: