Ч.Санжаадамба аваргаар зээрэнцэг шидүүлж сургая

3774_8935378-Монгол тамирчин олимп, дэлхийн дээд амжилтыг эзэмшихийн төлөө-

Аяа, спорт чи агуу буюу.

Чи бурхнаас хүмүүн төрөлтөнд илгээгдсэн цог хийморийн дээд бэлэг буюу. Чиний шидэт чанар, ширгэж дундрашгүй өнө мөнхийн хутаг өлзий чухам юунд оршино вэ.

Хүмүүнээс гарч болох хурд, хүчинд үү. Эсвэл, ухаан, зориг золбоонд уу. Эсвэл, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, уян хатан шинж төрхөнд үү.

Дээрх бүгдийг хүмүүнээс шахаж шавхаж, ойлгож цойлгон гаргаж ирж, эрдэнийн болор талст лугаа сортуулан гялалзуулах чам шиг ийм ер бусын төгөлдөр гайхамшиг нүд шиг энэхэн бөмбөрцөгт өөр байна уу.

Хүмүүний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, гуниг баяр, ялалт ялагдал, алдаа оноо, аархал бахархал, алдар хүндлэл… гагцаар спорт чамд л цөм бүрэн байнам бус уу.

Хүчтэйгээс хүчтэйг, өндрөөс өндөрт дүүлэгчийг, хурднаас хурдан гүйгчийг чи л шигшин тодруулах юм.

Бусдаас сугаран манлайлагчийг чи л алдрын тэргүүн гишгүүр дээр зогсоож алга ташилтын аянгат мөндөр мэт нижигнээн, ааг омог, биширлийн асч бадарсан нүргээнт шагшаан шуугиан дунд ид хав болгох юм.

Таван тивийнхнийг, хар шар, эр эм, хөгшин залуу гэлтгүй хамаг бүгдээр нь өөрийн суу билэг, алдар нэр дороо атгасан шагай шиг хумиж чаддагийг чинь гайхалтай.

Бөмбөрцгийнхний түг түмэн нүд, түг түмэн чихийг нэгэн цагт, нэгэн цэгт хараа бараачлуулж, анир чимээлүүлж, өөрөөрөө амьсгалуулж чаддагийг чинь бахдалтай.

Чи эрдэм авьяас, нөр их хөдөлмөр зүтгэл, сахилга хариуцлага, шударга тэмцэл, эрүүл өрсөлдөөний бодит үр дүн буюу.

Чи зүрх, сэтгэлд ассан гал, хэмнэл, хөдөлгөөн дундаас биежсэн сондгой мэдрэмж буюу.

Тэнгэрлэг спорт чиний тал нутгийн зориг цөс их, золбоо хийморьлог охид, хөвгүүдийн идрийн жавхааг дэлхийн дайдад цуурайтуулсан нандин чухаг төрөл цөөнгүй бөлгөө. Жүдо, бокс, буудлага, байр харваа, чөлөөт бөх… манайд аль хэдийнээ нутагшсан. Идээшсэн. Ижил дасал болсон.

Найдангийн Түвшинбаяр жүдогоор, Энхбатын Бадар-Ууган боксоор олимпийн аварга болж, Должингийн Дэмбэрэл байт харваагаар, Зэгвийн Ойдов, Хорлоогийн Баянмөнх, Соронзонболдын Батцэцэг, Сүхээгийн Цэрэнчимэд нар чөлөөтөөр, Доржсүрэнгийн Мөнхбаяр буудлагаар, Пүрэвдоржийн Сэрдамба боксоор, Хашбаатарын Цагаанбаатар, Мөнхбатын Уранцэцэг, Ганбаатарын Болдбаатар нар жүдогоор дэлхийд аваргалж, самбай цэнхэр шаштир түүхнээ цолмонтон гэрэлтсэнийг чи юу эс андана.

Гайхамшигт спорт оо, чиний олон олон сайхан төрөл цэнгэлийн манлай олимпийн хөтөлбөрт багтсан байх юм. Манайд, Монголд маань хөгжих боломжтой, бадран мандах, бахархлын уухай хадаах төрөл ч зөндөө байх юм.

Ирээдүйд, ирж яваа цагт, дээр цухалзуулсан, манайд нутагшсан, идээшсэн төрлүүдээс гадна спорт чиний шинэ содон, шижир тунгаамал төрлүүдээр монгол түмэн дэлхийг дайлаар мордож, амжилт, бахархлын алтан салхи дэгдээхийг ямар ихээр хүснэ вэ.

Зээрэнцэг шидэлт, дүүгүүр шидэлт, бөөрөнцөг түлхэлт, элсний волейбол, туялзуур жад, , ханан хадны авиралт, таеквондо…нэрлэвэл нэрлээд л баймаар.

Манай улс чинь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын бүрэн бүтэн яамтай айл.

Ж.Батсуурь сайд нь “Рио-2016” олимпийн нээлтэд оролцож, дэлхийн наадмыг дэргэдээс нь хараад, үзээд ирсэн. Нүд сэтгэл хужирлахын зэрэгцээ нүүдэл буудлаа тооцоолоод ирээ байлгүй. Элдвийг эргэцүүлэн тунгааж бодлого, төлөвлөгөө боловсруулж эрс шийдмэг үйл ажил өрнүүлэхээр зэхэж суугаа байлгүй.

Засаг маань зон олон, залуу үе, хойч үеээ боддог бол, энэрч хайрладаг бол, тэдэнд зориулж нүнжиг буян нь наалдахаар эрхэм зүйл хийхийг хүсдэг бол, зорьдог бол цар даацтай ганц ланжгар шийдвэрийг зориг золбоотойхон шиг гаргачихвал мөн сайхан аа.

Хөгшин хөвөө, хөрвө нялхгүй хичээллэж болох, ирээдүйд, олимп, дэлхийн дэвжээнд тамирчид маань өрсөлдөх, амжилт гаргах, цог заль, суу алдраа мандуулах боломж бүхий спортын 3-4 шинэ төрлийг даяар Монголдоо үндэслүүлэн ургуулж, цэцэглүүлэн хөгжүүлэхэд хоног өдөр, хором хугацаа алдалгүй ханцуй шамлан орох цаг болсон бус уу.

Түүнийгээ бүр нэг бодлого, хөрөнгө мөнгөөр дэмжсэн шиг дэмжээд, боломж, нөхцөл бололцоо, хөгжих хөрс суурийг нь шинээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тавьж өгсөн шиг өгөөд, залуусыг спорт хөгжлийн сэнтий өндөр орнуудад явуулж хэдэн сайхан шижигнэсэн багш, дасгалжуулагч бэлтгээд, тэднээрээ дамжуулан бүхий л ардын үйл хэрэг болгосон шиг болгоод, нар шиг мандааж, навч шиг дэлгэрүүлчихвэл ай мөн том буян болно доо.

Үнэндээ, спортын цоо шинэ агаар, салхиар монголчууд амьсгалмаар байна шүү дээ.

Тухайн тамирын төрлийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилго, чиглэлээ алганы хээ шиг тодорхой болгож, тав, арван жилийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ясли цэцэрлэгээс яам тамгын газартаа хүртэл бэл, шат өгсүүлэн хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.

Шаардлагатай хэрэгсэл материал, үлгэрчилсэн загвар, гар хөлийн авлага, стандарт, хэм хэмжээ, үнэлэмж, цэн банг нь тооцож спорт чиний төрөл болгоныг хариуцсан холбоод нь идэвх санаачилга гаргаж төр, засагтайгаа нягт хамтраад энэ үйл хэрэгт оройлон зүтгэчихвэл болохгүй нь юу байнав.

Төр, хувь, төөрөг заяа ондоо гэж шалтаглалгүй бүхий олноороо эрвийх дэрвийхээрээ ам, зам нийлэн хөдөлж чадвал аз билэг, амжилт ялалтын үүр аяндаа манхайн гийх нь гарцаагүй.

Зээрэнцэг шидэлт. Орчин цагийн олимпийн анхны (Афин-1896) наадмаас хүн төрөлтөн өрсөлдөж эхэлсэн улбаа жим урт энэ төрөл “Анттертин-1920”, “Лондон-1948” олимпийн нэрийн хуудас, лого болж, сая сая хүмүүний мэлмийг баясгаж, олимпийн хөдөлгөөнд жагсан нэгдэхийн уриа дуудлага болж байв.

“Анттертин-1920” олимп тамирчид анх удаа тангараг өргөж, таван цагариг бүхий далбаа олимпийн цэнгэлдэхэд анх орж ирж мандсан түүхэн олимп. Ийм л олимпийг чимэглэн гэрэлтэж асан баялаг арвин түүхт энэ төрөл манай улсад улирагч зууны дундуур анх “хөл тавьсан” агаад одоодоо нэг их “газар авч” амжаагүй л байгаа.

Гэхдээ дээрээс нь бодлогоор, дэргэдээс нь хамаг бүгдээрээ дэмнээд өгвөл бодит амьдрал дээр манай улсын топ төрлийн нэг болж цойлон гарч ирэх боломжтой нь харагдаад, мэдрэгдээд л байгаа юм даа.

Өдгөө зээрэнцэг шидэлтээр дэлхийн дээд амжилтыг Германы Юрген Шульт (1986 он, 74.08 м) эзэмшдэг бол Литвийн Виргилюс Алекна олимпийн дээд амжилтыг (“Афин-2004”, 69.89 м) тогтоосон байдаг.

Харин манай улсын дээд амжилтыг эзэмшигч нь нэрт уран зохиолч Санжмятавын Дашдэндэвийн хүү, хөнгөн атлетикч Махашири. Түүний “Бусан-1997” зүүн Азийн наадмаар хүрэл медаль хүртэхдээ шидсэн 60.14 метрийн амжилт өнөө хэр эвдэгдээгүй.

Бодоход, зээрэнцэг шидэхэд хүний биеийн арал, жин тун чухал нь ойлгомжтой. Юрген Шульт ид үедээ 193 см өндөр, 110 кг жинтэй байсан бол Виргилюс Алекна 202 см өндөр, 130 кг жинтэй байв.

Манай Д.Махашири 187 см өндөр, 107 кг жинтэй байхдаа улсынхаа дээд амжилтыг тогтоож байсан байх юм.

Тэднээс юм юмаар дутахгүй нуруутай бол нуруутай, жинтэй бол жинтэй, хур хүчтэй бол хур хүчтэй, байнгын бэлтгэл сургуультай бол байнгын бэлтгэл сургуультай эрч хүч, идэр жавхлант эрс Монголоор нэг, Монгол бөхийн өргөөгөөр нэг хөшилдөн хөндөлдөж байгааг тогтож нэг анзаараасай. Ёстой л, захын аймгийн цолтон дунджаар 120 кг жинтэй байгаа.

Тэд их спорт чамаар хичээллэх, их спорт чамайг амьдралаа, зорилгоо, алтан гадсаа болгохоос нугарч хугарч, няцаж цуцсан нь үгүй. Гагцхүү хоёр нэг зүйлээр л дутдаг.  Зааж зурж, залж чиглүүлээд өгөх мэргэжлийн сайн багш, дасгалжуулагчаар дутдаг. Байр талбай, хэрэгсэл материалаар дутдаг, гачигддаг. Урамшуулал, эдийн засгийн дэмээр дутдаг. Бусдаар хөдөлмөрч зан, хөлс шавхсан хүчир хүнд бэлтгэл сургууль, тэсвэр тэвчээр, жин бангаар дутна аа гэж үгүй.

Сая “Рио-2016” олимпоор зээрэнцгээ 68.37 м шидэж аваргалсан Германы Кристоф Хартинг “Зээрэнцэг шидэлтийн танд өгсөн хамгийн том бэлэг юу вэ” гэсэн сурвалжлагчийн асуултад “Тэсвэр, тэсвэр хатуужил” гэж хариулсан байна билээ.

Манай үндэсний бөхөд сэргэн мандалтын бамбар асаасан хоёр эрхэм бий. Р.Нямдорж, Д.Данзан гэж.

Монголчуудын нутаг усархаг сэтгэхүй дээр тулгуурлаж бөхийн барилдааны даваа бүрийг үнэлэмжтэй болгож эдийн засгаар хөшүүрэгдсэн тэдний менежмент амжилт олж монгол эрчүүдийг Бөхийн өргөө хэмээх бөмбөгөр ордон руу гүр соронзон лугаа татаж орхисон бөлгөө.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Мондэ” группийн бөх, улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр, эсвэл Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” группийн бөх, улсын гарьд Батнасангийн Гончигдамба, эсвэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Ажнай” корпорацийн бөх, улсын начин Цэдэнбазарын Одбаяр… гэнгүүт л аймаг, сумаараа, айл хотлоороо, ах дүүсээрээ, албан байгууллагаараа өндийгөөд ирж байгаа юм. Байгууллага бөхөөр дамжуулж, компани бөхөөр дамжуулж, дарга захирлууд бөхөөр дамжуулж өөрийгөө рекламддаг болсон. Оронд нь бөхөд хөлс төлж, цалин цагаа өгдөг болсон. Хэн хэндээ ашигтай, өгөө аваатай, дэвшилттэй зүйл болсон.

Өргөөнд барилдаад, нэг даваад хорин мянга, хоёр даваад дөчин мянга, гурав даваад наян мянга, дөрөв даваад хоёр зуун мянган төгрөг… гэхчилэн даваа ахих тусам авах бай нь нэмэгддэг, амьдралд нь тус дэм болдог газар руу залуус хошуурах нь буруу юу байхав.

Гэтэл үндэсний бөхөөс бусад төрлийн тэмцээний бай шагнал эхний гурван байр эзлэгчээс цааш хэтэрдэггүй. Бусад нь зүгээр л сайн дурын оролцогч болон хувирдаг нь нууц биш.

Монголын үндэсний бөхийн холбооны амжилтад хүрсэн ийм бэлээхэн арга, амьд туршлага, ололт дэргэд байгаад байдаг. Спортын бусад холбоод түүнийг нь соёлтойгоор аваад өөрийн онцлог, хэв маягт таацуулж тохируулан хэрэгжүүлчихгүй “яваад” байдаг.

Дэмий гэж боддог сон уу, дээр юм олно гэж эрж хайдаг сан уу, бүү мэд.

Яагаад, Монголын хөнгөн атлетикийн холбоо санаачлаад, ерөнхийлөгч Л.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар түүчээлээд, монгол наадмын манлай Ч.Санжаадамба аваргаас эхлээд бөхчүүдэд, цаашлаад сонирхсон бүгдэд зээрэнцэг шидүүлж сургах аян өрнүүлж болохгүй гэж.

Яагаад, “Монгол хүн олимп, дэлхийн дээд амжилтыг эзэмшихийн төлөө” уриалаад, өндөр зорилго тавиад, далайцтай хөдөлж болохгүй гэж.

Хязгааргүй эрчимт спорт минь, монгол хүн олимп, дэлхийн дээд амжилт тогтоож болохгүй гэсэн хууль дүрэм үгүй биз дээ.

Цагтаа, халхын домогт Хадаа аварга зээрэнцэг шидэлтийн тамирчин явсан байдаг. Бууршгүй хүчтэн маань улсын начин цол хүртсэн жилээ буюу 1972 оны улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээр зээрэнцгийг 47.29 м шидэж спортын мастерийн болзол хангасан бол бөөрөнцгийг 13.92 м түлхэж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосныг он цагийн улаан буурал салхи сэвэгнэн шивнэх авай.

Монгол хүн элдэвтэй, аливааг сурахдаа овжин сэргэлэн улс. Зээрэнцгээр нь хангаад, шидэх аргыг нь заагаад өгчихвөл дорхноо л өөрийн болгоод эзэмшчих зэргийн эрдэмтэй хүмүүс.

Зээрэнцэг эд, хийц, чанараасаа шалтгаалан өртөг үнэ нь өөр өөр л байдаг байна.   Ойролцоо дунджаар спорт хэрэгслэлийн дэлгүүрт 40 мянган төгрөг л гэж байна лээ.

Ноднинхон доо, Бөхийн өргөөнд 1024 бөх барилдуулахад цаана нь олон бөх илүүдээд л үлдэж байсан.

За, 1024-өө байг гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шигшээ барилдааных шиг 128 хүчтэнээр зээрэнцэг шидүүлж өрсөлдүүлвэл бас л сонирхолтой наадаан болно доо. Тийм үү.

Оролцогч тамирчдаа бөхчилж хооронд нь оноолтоор тааруулаад зээрэнцгээ шидүүлчихнэ шүү дээ. Хэн илүү хол шидсэн нь дараагийнхаа “даваанд” шалгараад явчихна. “Даваа” болгон үндэсний бөхийн барилдааных шиг шагнал, урамшуулалтай. Тэгвэл манай хүчтэнүүдээс хэн нь түрүүлж, хэн нь үзүүрлэх бол. Хэр хол шидэцгээх бол. Ямар амжилт гаргацгаах бол. Яаж шуугиулах бол.

Энэчилэнгээр аймаг, хот, албан байгууллага, анги хамт олон болгон зээрэнцэг шидэлтийн тэмцээн зохиодог болчихвол аштай юу. Шидэлтийн сайхан хөрс суурьтай, хөгжлийн хэт цахиуртай болно гэдэг монгол хүн улс, тив, дэлхийн дэвжээнд онгод нь цалгилж, од болон гялалзахын үүд хаалга нээгдэнэ ээ л гэсэн үг.

Монголчууд зөвхөн бууддаг намнадаг, барилддаг ноцолддог, нударгалдаг үндэстэн биш. Шиддэг, түлхдэг, авирдаг, харилцдаг, хамгаалан тулалддаг хүчирхэг гүрний үр сад гэдгээ газар тэнгэрийн завсарт, дөрвөн далайн наанатай цаанатайд нүдтэй болгонд харуулмаар, чихтэй болгонд сонсгомоор, биетэй болгонд мэдрүүлмээр байна шүү дээ.

Зээрэнцэг шидэх наснаас хамааралтай юу.

Үүнд домогт нэгэн тамирчны амьдрал, амжилтын замнал хариулт нь болох бол уу.  Манай бөмбөрцөг хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтээр дөрвөн олимпод (“Мельбурн-1956”, “Ром-1960”, “Токио-1964”, “Мехико-1968”) дараалан магнайлсан ганцхан тамирчинтай. Тэр бол Америкийн Альфред Адольф Ортер Жуниор болой.

Ортер тун санамсаргүйгээр зээрэнцэгт “дурласан” байдаг. Гудманд тоглож байсан хүүхдүүдийн шидсэн зээрэнцэг сургууль руугаа алхаж явсан ахлах ангийн сурагч хүүгийн хөлд тээглэн унасан нь түүний тархи толгойд ер бусын гэгээ татуулж орхисон байна.  Түүнээс хойш тэрбээр зээрэнцэгт “уруу татагдаж” анд нөхөрлөлийн халуун гар атгалцжээ.

“Мельбурн-1956” олимпоор 193 см өндөр, 127 кг жинтэй, хорин настай, хонгор зүстэй Ортер “тэсрэн” гарч ирж, зээрэнцгээ 56.36 м шидэж түрүүлэн олимпийн анхны алтан медалиа хүртсэн, хүзүүндээ зүүсэн түүхтэй.

“Сайнд садаа мундахгүй” гэгчээр дараа жил нь автомашины осолд орж золтой л “явчихаагүй” залуу аварга гэмтлээ арай гэж илааршуулаад “Ром-1960” олимпийг зорьжээ. Мэргэжилтнүүд түүнд биш, түүний багийн анд Ринк Бабкад л гол найдлага тавьж байв. Гэсэн ч Ортер 59.18 м шидэж, олимпийн дээд амжилт тогтоон аваргалсан бөгөөд Бабка түүнийг давж чадалгүй мөнгө дээр буужээ.

Олимпийн хошой аваргыг “Токио-1964”-ийн өмнө бас л бэртэл гэмтэл ээрэх болов. Эхлээд хүзүүгээ, дараа нь хавиргаа гэмтээж орхих нь тэр. Хавиргаа бүрэн эдгээж амжилгүй олимпийн дэвжээнд гарсан ч яс заан 61.00 м шидэж олимпийн шинэ дээд амжилт тогтоон түрүүлэх болзол хангаснаар сүүлчийн шидэлтээ гүйцэтгэлгүй тэмцээнээ зогсоож байсан байдаг.  “Мехико-1968”-д америкчууд Ортерээс илүү Жэй Сильвестерт итгэл үзүүлж байлаа. Аргагүй шүү дээ, 32 настай Ортер Сильвестерийн дундаж амжилтад ч хүрч шидэж чадахгүй байсан юм чинь.

Харин олимпийн одтой Ортерийн эхний гүйцэтгэл 64.78 метрийн шидэлт нь олимпийн дээд амжилт тогтоогоод зогсоогүй аварга болоход хангалттай үзүүлэлт байсан бөлгөө. Ийнхүү тэр дөрвөн олимп дараалан түрүүлсэн дэлхийн анхны хөнгөн атлетикч болсон болой.

Ортер “Мехико-1968” олимпийн дараа зодог тайлсан ч тээр хойно 44 нас хүрсэн үедээ “Москва-1980” олимпийн сонгон шалгаруулалтад оролцож 69.46 м шидэж өөрийн хувийн дээд амжилтаа тогтоосноор гайхамшгийг бүтээсэн түүхтэй. Мөнхүү, телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ 74.67 м шидсэн амжилт нь эдүгээ дэлхийн албан ёсны дээд амжилтаас ч өндөрт гялалзсаар байнам.

Үлэмжийн гоог буй болгогч спорт чиний шидэлтийн төрөлд хүмүүний нас чухал биш гэдгийг харуулсан амьд нэгэн үлгэр ийм буюу.

Монголын хөнгөн атлетикчдаас төрсөн анхны гавьяат тамирчин Д.Намжилмаа зээрэнцэгч.

Манай анхны олимпчдын нэгэн тэрбээр “Мехико-1968” олимпод хөнгөнчдөөс багш ч үгүй, дасгалжуулагч ч үгүй ганцаар очиж оролцохдоо 50.76 м шидэж, 38 оролцогчоос 12 дугаар байрт шалгарсан амжилтад дөхөж очсон монгол өнөө хэр гараагүй байнам. Түүний 1972 онд 54,90 м шидсэн дээд амжилтыг эвдэх монгол бүсгүй халхын хавтгайн хаахна өсч өндийж, ургаж төлжиж байгаа бол…

Зээрэнцгээс гадна дүүгүүр шидэлт, бөөрөнцөг түлхэлт монголчуудаас тийм хол хөндий, харь бус төрөл. Мөнхүү, монгол түмний их цэнгэлийн хэц уяан дээр сойлттой байж болох нэгэн гоё төрлийг элсний волейбол гэнэм. Элсний волейбол хэн хүнгүй тоглож сурахад ойр дөхөм, сонирхолтой төрөл. Элс шороо хайхын зовлон бидэнд байх биш. Аймаг хошуу, албан газар, айл бүхэн шахуу алгын чинээ газарт элс асгаж, “сээтэг” татаад л болоо.

Эрхэмсэг спорт чиний хүмүүний сэтгэлийн хаяаг хөвсөлзүүлэн долгилуулах увьдас эрдэм яндашгүй болохоор энэ төрлийг Монголдоо нутагшуулж чадвал амжилт, алдрын гүнж их зам биднийг тосон хүлээж буйд эргэлзэх нь юу билээ.

Болно болно

Болохгүй юм гэж орчлонд үгүй… гэж утга уянгын нэрт туурвигч Мишигийн Цэдэндорж гуай зүгээр ч нэг дуу алдаагүй нь мэдээж.

“Нарны ганц амьд үр” дэлхийдээ бид нэгэн шинэ зууны хоёр дахь арванд нь л аж төрж байна.

Спорт чиний олимпийн халуун ам бүлд багтан буй 28 төрөл 28-уулаа Монгол газар шороон дээр хөгжин дэлгэрсэн байх цаг хэзээ мөдгүй ирэх л вий.  Хөгжиж дэлгэрээд зогсохгүй, бүр 28-уулангаас нь медаль авахын, аваргатай болохын бадрангуй ерөөл өргөе.

Чи бурхнаас хүмүүн төрөлтөнд илгээгдсэн цог хийморийн дээд бэлэг буюу.

Чи эрдэм авьяас, нөр их хөдөлмөр зүтгэл, сахилга хариуцлага, шударга тэмцэл, эрүүл өрсөлдөөний бодит үр дүн буюу.

Аяа, спорт чи агуу буюу.

 

Сэтгүүлч

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ


URL:

Сэтгэгдэл бичих