Европын 5 орон ОХУ-ын эсрэг авсан хоригийн хугацааг сунгах шийдвэрт нэгджээ
Европын таван орон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хугацааг зургаан сараар сунгах Европын Холбооны шийдвэрт нэгдсэн байна.
Тодруулбал, Украин, Албани, Лихтенштэйн, Норвеги болон Черногор улс Оросын эсрэг авсан хоригийг сунгахыг дэмжжээ. Европын холбооны зөвлөл өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын 146 иргэн, 36 хуулийн этгээдийн эсрэг авсан хориг арга хэмжээг ирэх 2017 оны гуравдугаар сар хүртэл сунгах шийдвэр гаргасан юм.
Энэ сарын 20-21-ний хооронд Брюссельд болсон Европын Холбооны дээд уулзалтын үеэр тус холбооны гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нар Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм.
Энэ удаад Сирийн хямрал мөргөлдөөнтэй холбоотойгоор Их Британи, Герман, Франц улс Москваг шийтгэхийг санал болгож байсан юм. Харин эсэргүүцэгч бүлгийг Италийн Ерөнхий сайд Маттео Ренци тэргүүлж байв. Тэрбээр ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авлаа ч Москва бодлого үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахгүй учир үр дүнгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч Украин, Сирийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах нь гол асуудлыг шийдэхэд тус болохгүйг мэдэгдэж байсан.
URL: