Монголчуудын төрдөө итгэх итгэл нэмэгджээ

-Иргэдийн эдийн засгийн хөгжлийн талаарх эерэг ойлголт нэмэгджээ-

Anonymous crowd of people walking on city streetМонгол Улсын иргэд, олон нийтийн зүгээс нийгэм эдийн засгийн болон бусад ямар асуудлыг одоогийн Засгийн газраас хамгийн эхэнд шийдвэрлүүлэхийг хүсч  байгаа тухай  санал асуулгыг Канадын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн судлаачид танджээ.

Канадын Гадаад Харилцааны Яамнаас санхүүжилтээр гүйцэтгэсэн санал асуулгын дүнг өнөөдөр судалгааны багийнхан болон Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жайгэр танилцууллаа.

Иргэд бодлогын болон эдийн засгийн чанартай олон асуудалд санаа зовниж байгаа боловч, улс орныхоо байдалд эерэг, сэтгэл хангалуун байдлаар хандаж эхэлж байгаа нь анзаарагджээ

Судалгааг Монгол Улсын 13 аймаг болон нийслэлээс таван мянган иргэнийг оролцуулан хийсэн байна. Эдгээрийн 2200 нь Улаанбаатар хотоос, 2800 нь 13 аймгийн иргэд байжээ. Судалгаанд оролцсон таван мянган хүнийг бүгдийг нь таамгаар сонгон авсан гэдгээ судалгааны багийнхан онцоллоо.

Ингэхдээ Хишийн хүснэгтийн таамгаар сонгох хүснэгтийг ашиглан, судалгаанд оролцох айл өрхүүдийг сонгон авч, оролцогчидтой ганцаарчлан ярилцах замаар мэдээллийг цуглуулжээ.

Судалгаанаас харахад Монгол Улсын иргэд бодлогын болон эдийн засгийн чанартай олон асуудалд санаа зовниж байгаа боловч, улс орныхоо байдалд эерэг, сэтгэл хангалуун байдлаар хандаж эхэлж байгаа нь анзаарагдсан байна.

Тухайлбал, “Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв чиглэл рүү явж байна уу, эсвэл буруу чиглэл рүү явж байна уу?” гэх асуултад нийт оролцогчдын 31 хувь нь зөв чиглэл рүү явж байна гэх хариулт өгсөн нь гуравдугаар сард хийсэн судалгаанаас 12 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гуравдугаар сард үүнтэй адил асуумжыг иргэдээс асуухад 19 хувь нь тийм гэх хариултыг өгч байжээ.

-Иргэдийн ихэнх нь сонгуульд “зөв нам ялсан” гэж дүгнэжээ-

Харин “Улс орон маань буруу чиглэл рүү явж байна” хэмээн хариулсан хүмүүсийн эзлэх хувь гуравдугаар сарынхаас 14 хувиар буурсан байна. Үүнээс Монгол Улсын иргэдийн хөгжлийн талаарх эерэг хандлага өсөн нэмэгдэж байгааг харж болохоор байна.

Гуравдугаар сарын судалгаагаар судалгаанд оролцогчдын 61 хувь нь “Улс орон маань буруу чиглэл рүү явж байна” хэмээх хариултыг өгч байсан бол наймдугаар сарын судалгаагаар уг хувь 47 болтлоо буурчээ.

“Та Монголын эдийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх вэ?” хэмээх асуултад 57 хувь нь муу байна хэмээн хариулжээ.

Улс орноо зөв чиглэлд явж байна хэмээн хариулсан 31 хувийн оролцогчдоос ийн хариулсан шалтгааныг тодруулахад “Сонгуульд зөв нам ялсан учраас зөв чиглэлд хөгжиж байна” хэмээн хариулсан байна.

Харин улс орноо буруу чиглэлд явж байна хэмээн үзсэн хүмүүс “Эдийн засгийн тогтворгүй байдал нь улс орныг буруу чиглэлд явахад хүргэж байна” гэх хариултыг өгчээ. Эдгээр хүмүүс нийт оролцогчдын 47 хувийг эзэлж байгаа аж.

Мөн судалгаанд оролцсон таван мянган иргэнээс “Та Монголын эдийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх вэ?” хэмээх асуултад 57 хувь нь муу байна хэмээн хариулжээ.

Энэ хувийг цаашид тогтмол бага багаар бууруулснаар бодит үр дүнд хүрэх боломжтой бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа хэмээн нийт оролцогчдын 18 хувь нь үзсэн байна. Энэ нь өмнөх судалгаанаас өссөн үзүүлэлт гэнэ.

-Иргэд ажлын байрыг хамгийн ихээр хүсч байна-

Судалгаанд оролцсон иргэдийн 48 хувь нь Монгол Улсад хамгийн их тулгамдаж буй асуудлыг ажилгүйдэл хэмээжээ. Тиймээс эдийн засгийн шинж чанартай асуудлууд монголчуудын толгойны өвчин болж байгааг судалгааны багийнхан онцоллоо.

Түүнчлэн судалгааны дүнгээс Монголчууд ардчилалд их итгэдэг, ардчилсан үйл явдалд илүү итгэл хүлээлгэдэг нь харагдсан байна.

Эдийн засгийн шинж чанартай асуудлууд монголчуудын толгойны өвчин болж байна

Энэ нь ардчилсан сонгуульд итгэж байгаа хүмүүсийн хувь өндөр гарсантай холбоотой аж. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сарын УИХ-ын сонгуулийн ирц өндөр байсан нь хүмүүс ардчилсан сонгуульд саналаа өгснөөр улс төрийн оролцооны эрхээ эдэлж чадаж байгаадаа итгэж байгааг харуулсан үйл явдал болжээ.

Үүний зэрэгцээ 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд иргэдийн олонхи нь сэтгэл хангалуун байгааг судалгааны дүн харуулсан байна.

Дээрх судалгаанаас харахад Монгол Улсын иргэдийн санааг зовоож буй асуудлуудад ажилгүйдэл, эдийн засгийн тогтворгүй байдал, улс орны буруу чиглэлд явж буй байдал зэрэг эдийн засгийн хүчин зүйлтэй хамааралтай асуудлууд багтаж байна.

“Засгийн газрын хамгийн эхэнд эдийн засгаа сайжруулахын тулд бодит хийгээд үр дүнтэй зөв бодлого боловсруулж ажиллах, улмаар үүнээс ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг бий болгоход анхаарлаа хандуулах шаардлагатай байна”

Тиймээс одоогийн Засгийн газрын хамгийн эхэнд эдийн засгаа сайжруулахын тулд бодит хийгээд үр дүнтэй зөв бодлого боловсруулж ажиллах, улмаар үүнээс ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг бий болгоход анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг судалгааны багийнхан онцоллоо.

Канад улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэн нь зөвхөн Монгол Улсад бус Украин зэрэг бусад улс орнуудыг дэмжиж ажилладаг. Учир нь эдгээр улсад ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлэхэд нийтлэг зорилттой байдаг тухай Канадаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жайгер судалгааны дүнг танилцуулах үеэр мэдээлэв.

Тэрээр “Ардчилал бол нийгмээ ойлгож, ил тод, оролцоотой байдалд оршин тогтнодог гэж үздэг. Тийм ч учраас бид энэхүү санал асуулгыг хийхдээ Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтарч ажилласан” гэлээ.

Дээрх судалгаа нь Монгол Улсад явуулж буй төслийн хүрээнд хийсэн хоёр дахь судалгаа юм байна. Тэд цаашид дахин хоёр судалгааг өргөн цар хүрээтэй хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих