Монголбанкны удирдлагууд өөрсдийгөө магтуулах гэж ХАРААТ БУС ГИШҮҮД ажиллуулдаг уу?
Ер нь Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлд хараат бус гишүүд гэх статустай албан тушаал байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Нэг бол тэндээ нэр бүхий улстөрч бизнесмэний хүүхдийг аваачаад томилчихно, нэг бол нөгөөт хараат бус гишүүд нь дулдуйдсан юм ярьцгаана. Ханшийн өсөлт үнэхээр дэндлээ гээд л бодлогын хүүг өчнөөн өсгөөд, бодлогоо хатууруулаад байсан. Тухайн үед төгрөгийн доллартай харьцах ханш 2280-ыг давж байсан бол өнөөдөр Монголбанкны албан ханшийг харахад 2340 байна. Яаж тогтворжуулахаараа, яаж хатууруулахаараа ингэдэг байнаа. Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гэх тодотголтой гишүүдийн нэг Ц.Батсүх ханшийн эсрэг төв банкнаас бодлогын хүүг өсгөсөн шийдвэрийн талаар хэлэхдээ “-Эдийн засгийн бодлого зөв, буруу гэж маргалдаж байгаа үед гол баримтлах зарчим нь юуг чухалчилж үзэх вэ гэдэг зүйл юм. Тэгэхээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдлыг хангах уу, эсвэл ямар ч хамаагүй аргаар өсөлтийг бий болгох уу гэх зэрэг бодлогын олон сонголт бий. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогыг би юун түрүүнд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдлыг хангах зорилготой байсан гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээлд оролцогсод, бизнес эрхлэгчид эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхой хугацаанд тааж, хэлж чадахуйц нөхцөл үүсгэхийг тэнцвэртэй байдал гэж болно. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээ нь валютын ханшийн өсөлтийн хурдыг тодорхой хэмжээнд сааруулах чиглэлтэй байсан. Энэ нь ханшийн өсөлтийг зогсоох бус, өсөлтийн хурдыг сааруулах гэдгийг онцолъё. Тэгэхээр нэг сарын дотор валютын ханшийн өсөлтийн хурд харьцангуй саарлаа. Тийм учраас бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэж харж байна.” хэмээн ярьжээ.
Тэгэхээр өсөлтийн хурд саарлаа саарлаа гээд бодлогын шийдвэр гарч байсан үеэс ханш даруй 60 төгрөгөөр нэмэгдчихээд байгааг хараат бус гишүүн юу гэж тайлбарлах юм бол. Шийдвэр гарснаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Харин ханш өсөлттэй хэвээрээ байна. Тийм байхад Монголбанк хараат бус гэх тодотголтой гишүүдээрээ өөрсдийгөө магтуулаад суудаг байж болохгүй баймаар.
За тэгээд сүүлийн үед төв банкны ерөнхийлөгч хийгээд сангийн сайд хоёр байнга хамт үзэгдэх болсон. Сүүлийн олон жил төсөв мөнгөний бодлогын уялдаа, огтлолцооны тухай ярьж байгаа болохоор Н.Баяртсайхан, Б.Чойжилсүрэн гэж хоршлыг юу юугүй ад үзээд яахав. Гэхдээ Монголбанкны хараат бус шийдвэр, бодлогын асуудлыг дээрээс түлхүүрдүүлдэг сангийн яамтай хольж хутгаад бүр жонхууруулчих вий гэх болгоомж бас байна.
Вашингтон руу хөтлөлцөж яваад валютын сангийнханд баахан зовлонтой статистикаа танилцуулаад ирсэн гэж энэ хоёр нөхрийг ойлгож байгаа. Нөгөө ОУВС-ийнх нь нөхдүүд энэ өдрүүдэд манай нийслэлд саатаж байгаа. Удахгүй шинэ мэдээ дуулгах байх. Н.Баяртсайхан бол угаасаа Стэнд бай хөтөлбөрийг, валютын санг сонгож байгаа гээд чуулганы хуралдаан дээр донжигоноод суугаа харагдсан.
Монголбанктай холбоотой мэдээллийг цувралаар хүргэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: