НЕФТИЙН МАГНАТ
Саудын Арабын хаан Абдулла ибн Абель Азиз 90 насандаа буюу өнгөрсөн онд өөд болсон юм. Хааны орыг залгаад байгаа жонон Салман Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Одоо 81 настай Салман Абдуллагийн халааг авсан нь оносон сонголт мөн эсэх нь өнөөг хүртэл эргэлзээтэй хэвээр байна. Жононгийн бие ч тийм сайн биш. Тархинд нь цус харвасан удаатай. Түүнээс гадна оюуны хомсдол өвчний эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн гэх яриа байдаг. Энэ бүхнээс үүдээд түүнийг хаан ширээнд удаан сууж чадахгүй л болов уу гэлцээд буй юм. Гэлээ ч нэгэнт хаан ширээнд суусан Салман ажилдаа шуурхайлан орж, Абдуллагийн бодлогыг үргэлжлүүлэн, сайд нарыг шинэчлэн томилоод байгаа юм. Шинээр сонгогдсон сайд нарын дунд гурав дахь үеийн төлөөллөөс нэг жонон орсон байна. Саудын Арабад хаан нь Ерөнхий сайдын албыг давхар хашдаг бөгөөд үе залгамжлах жонон нь түүний нэгдүгээр орлогч байдаг юм. Ерөнхий сайдын хоёрдугаар орлогч нь жононгийн нэгдүгээр орлогч бөгөөд жононг хаан болохоор суудлыг нь эзэлнэ.
Абдулла хааны үед тус улсын гурав дахь чухал албан тушаал хэсэг хугацаанд “сул” байгаад 2013 оны хоёрдугаар сард уг албыг жонон Мукринд даалгажээ.
Ордны далд явуулгын учир начрыг олохын тулд Абдулла хаан ширээнд суусан арван жилийн өмнөх явдлыг дурдья. Одоогийн үйл явдлын гол дүрүүд байсан хаан Абдулла, жонон Салман, түүний орлогч Мукрин нар өнөөгийн Саудын Арабын анхны хаан, энэ овгийг үүсгэгч Абдель Азиз ибн Саудын хүүхдүүд юм. Абдель Азизыг 1953 онд өөд болсны дараа үе залгамжлах босоо тогтолцоо бий болж хаан ширээ ахаас нь дүүд шилжиж байх болсон. Угсаа үндэслэгчийг бие барахад түүний 44 хүүгийн 35 нь амьд сэрүүн байжээ.
Нэг эхээс төрсөн хүүхдүүдийг “Судайрийн удам” гэх бөгөөд энэ нь угсааг үндэслэгч Аль Саудын зургаа дахь гэргий Хасса бинт Ахмад аль-Судайригаас гарсан хүүхдүүд юм. Эд долуул учраас “Судайрийн долоо” гэж нэрлэдэг ч хаан Фахд болон жонон Султан (2011), Найеф (2012) нарыг нас барсны дараа энэ нэр тийм ч чухал гэгдэхээ больсон аж. “Судайрийн удмынханд” үе залгамжлах жонон Салман болон Мукринээс гадна Батлан хамгаалахын сайд байсан Абдул Рахман, жонон Турки, Дотоод хэргийн сайд байсан Ахмед нар багтдаг юм байна. Талийгаач Абдулла хаан Саудын Арабын вант улсыг үндэслэгч гэгддэг хаан Фахдын найм дахь хатны хүү байв. Тэрбээр нэг эхээс төрсөн ах, дүү наргүй учраас хааны удмынхан дотроо онцгой байр суурьтай нэгэн байлаа.
“Судайрийн удмынхан” эсэргүүцэж байсан өргөмөл ах нар хийгээд хагас зуун жил тэргүүлсэн Үндэсний гвардийн дэмжлэгээр Абдулла хаан ширээнд суусан байна.
Салман хаан засаглалын бүхий л шатыг дамжсан туршлагатай удирдагч гэж хэлж болохоор. Тэрбээр 28 настай байх үеэс боловсролын салбарыг удирдаж, сая гаруй хүнтэй хотыг захирч, Батлан хамгаалахын сайдаас Ерөкхий сайдын орлогчийн алба хүртэл хашиж иржээ. Гэхдээ тус улсыг тогтвортой хөгжлийн замаар удирдах чадвар байгаа эсэхийг цаг хугацаа харуулах болно гэж олон улсын шинжээчид үзэж байна. Түүнд тулгамдаж буй багагүй асуудал бий. Нэгд, хаан Салманы нас нэлээн өндөр болж байгаа. Эрүүл мэнд нь ч сайн биш. Анхныхаа зарлигаар өөрийн залгамжлагчаар Саудын Арабыг үндэслэгч, анхны хаан Абдель Азизын хүүхдүүдийн хамгийн бага Мукриныг зарласан. Мукрины нас 70 хүрсэн. Засгийн эрх шилжих бүрт олон тооны ханхүү нарын хооронд нууцхан тэмцэл гардаг. Хаан болсон нь ихэвчлэн хүүгээ залгамжлуулдаг болохоор заримд нь ийм боломж хязгаарлагдана Саудын Араб 27 сая хүн амтай. Хүн амын олонх нь арабууд. Исламын шашинтай. Зэвсэгт хүчин нь 224 мянган алба хаагчтай. Хааны гэр бүлийн удмын залуу ханхүү нарын бүлэглэл байдаг. Тэднийг дунд шатны албан тушаалд томилон ажиллуулж ирсэн.
Тухайлбал, мужийн амбан захирагч, Зэвсэгт хүчин, Үндэсний гвардийн удирдах албан тушаалуудад идэвхтэй ажилладаг. Олонх нь баруунд өндөр боловсрол эзэмшсэн болохоор дээрхи албан тушаалуудад гологддоггүй, харин ч орчин үед исламын зарим уламжлал нийцэхгүй байна, улсын хэрэгт өөрсдийн оролцоог хангалттай бус байна гэж шүүмжилдэг. Хаан Абдалла төр засгийн эрхийг барьж байхдаа либераль бодлого, үйл ажиллагаа явуулж байсан. Зах зухаас нь дурдвал, хааны гэр бүлийн гишүүдийн хэрэгтэнг цаазаар авах эрх мэдлийг халсан. Түүнчлэн гар үнсэж хүндэтгэдэг ёсыг халж, өрнөдийн гар барьдаг хэвшлийг нэвтрүүлсэн. Зөвхөн авааль нөхрөөсөө хараат байсан эмэгтэйчүүдийн эрхэд ч шинэчлэл хийж чаджээ. Харин одоогийн хааны өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээл бол газрын тосны үнийн уналт. Тус улс газрын тосны олборлолтоос олдог орлого экспортын 90, улсын төсвийн 80, дотоодын нийт бүтээгдэхүүний 49 хувийг эзэлдэг байна. Энэ жил гэхэд нефтийн үнийг одоогийнхоор барьлаа гэхэд улсын төсөвт 39 тэрбум ам.доллар дутахаар байгаа аж. Саудын Араб гадаад ертөнцөд Ирантай зөрчилтэй явж ирсэн. Эдгээр улсуудын зөрчил “Исламын улс” террорист бүлэглэл үүсэх, бэхжихэд нөлөөлсөн гэж үздэг. Террорист жижиг бүлэглэлүүдэд Саудын Араб цэргийн болон санхүүгийн тусламж үзүүлж байсан. Сүүлдээ Ойрхи Дорнодод хүчээ авсан террорист бүлэглэл болж ирэхэд тус улс аргагүйн эрхэнд “Исламын улс “ бүлэглэлд агаараас цохилт өгч буй АНУ-ын толгойлсон эвсэлд нэгдсэн гэж ажиглагчид үздэг. Тэгээд ч “Исламын улс” бүлэглэлээс Саудын Арабын хилийн зарим цэгүүд руу дайрсан байна. “Исламын улс” бүлэглэлийн эгнээнд тус улсаас гаралтай 5-7 мянган иргэн байлдаж байгаа Мэдээ бий. Албан бус мэдээгээр Саудын Арабын залуу үеийнхний цөөнгүй хувь нь “Исламын улс” бүлэглэлийг дэмждэг гэсэн судалгаа гарчээ.
Салман хааны хувьд Саудын Араб болон АНУ-ын харилцаанд үүссэн зарим нэг саадыг гэтлэх шаардлага тулгараад байгаа. АНУ Иракийг эзэлсэн, Вашингтоны Тегерантай хийсэн цөмийн хэлэлцээрүүд, “Арабын хувьсгал” зэрэг үйл явдлын дараа хоёр орны харилцаанд санал зөрөлдөөн гарсан. Хуучин хаан Абдалла АНУ-ыг Тегеранд хэтэрхий буулт хийлээ гэж үзэж байжээ. Гэхдээ Саудын Араб ямар нэг хүндрэл гарахад АНУ-ын нөмөр нөлөө хэрэг болно гэж үздэг учраас үүссэн санал зөрөлдөөнийг амархан шийдвэрлэх боломж бий. Тэгээд ч АНУ-д Ойрхи Дорнод дахь нэг ч гэсэн түншээ алдах сонирхол байхгүй. Салман хаан өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах уулзалтаа хойшлуулсан нь хаант засаглалын түүхэнд анхных болж байсан юм. Тэрбээр мөргөлөө дуусгая гэж учирласан ч Төрийн тэргүүний хувиар урьдчилан төлөвлөсөн протоколийг биелүүлээгүй гэдгээр түүхэнд бичигдсэн юм.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: